УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2024.12.11/ 16.20 цагт эхэллээ.
ЦЕГ-ын шинээр нэмэгдэх 277 орон тоог хасахыг дэмжив
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Уг төсөлтэй холбогдуулан УИХ-ын Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн 55 зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Тухайлбал, 2025 оны төсвийн жилд нэмэгдсэн шинэ орон тоог тодорхой хувиар бууруулахтай холбоотойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцын шинээр нэмэгдэх 23 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,484.1 сая төгрөгөөр, Цагдаагийн ерөнхий газрын шинээр нэмэгдэх 277 орон тоог хасаж, урсгал зардлыг 7,738.1 сая төгрөгөөр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шинээр нэмэгдэх 224 орон тоог хасаж, урсгал зардлыг 5,901.9 сая төгрөгөөр, Дотоодын цэргийн байгууллагын шинээр нэмэгдэх 245 орон тоог хасаж, урсгал зардлыг 5,899.9 сая төгрөгөөр, Дотоод хэргийн их сургуулийн шинээр нэмэгдэх 107 орон тоог хасаж, урсгал зардлыг 2,720.5 сая төгрөгөөр, Төрийн албаны зөвлөлийн даргын шинээр нэмэгдэх 17 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,238.1 сая төгрөгөөр, Хөшигтийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны шинээр нэмэгдэх 29 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,603.5 сая төгрөгөөр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын шинээр нэмэгдэх 185 орон тоог хасаж, урсгал зардлын ангилал дахь цалин хөлс, шимтгэлийн зардлыг 8,250.1 сая төгрөгөөр, тавилга, багаж, техник хэрэгслийн зардлыг 948.8 сая төгрөгөөр, бараа үйлчилгээний зардлыг 650.0 сая төгрөгөөр, нийт 9,848.9 сая төгрөгөөр, Сонгуулийн ерөнхий хорооны даргын шинээр нэмэгдэх 29 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,095.2 сая төгрөгөөр, МОНЦАМЭ агентлагийн шинээр нэмэгдэх 3 орон тоог хасаж, урсгал зардлыг 82.9 сая төгрөгөөр, УИХ-ын газрын шинээр нэмэгдэх 25 орон тоог хасаж, урсгал зардлыг 2,142.3 сая төгрөгөөр, Шүүхийн сахилгын хорооны шинээр нэмэгдэх 9 орон тоог хасаж, урсгал зардлыг 309.4 сая төгрөгөөр, нийт 40,064.7 сая төгрөгөөр бууруулах саналууд дэмжигдлээ.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь “Цагаан алт хөтөлбөр”-ийн татаас санхүүжилтийг 3,000.0 сая төгрөгөөр, “Эрчим хүчний реформын үндэсний хороо”-ны мэдээлэл, сурталчилгааны зардлыг 9,000.0 сая төгрөгөөр, бүх төсөвт байгууллагын түлш халаалтын зардлыг 11,500.0 сая төгрөгөөр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад тусгагдсан Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх хөтөлбөрийн зардлыг 2,000.0 сая төгрөгөөр бууруулах саналууд дэмжигдэв.
Түүнээс гадна Засгийн газрын Архидан согтууруулахтай тэмцэх сангийн санхүүжилтийг 6,900.0 сая төгрөгөөр, Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилтийг 698.5 сая төгрөгөөр бууруулах саналыг дэмжсэн.
Ажлын хэсгээс Хавдрын эмнэлгийн барилгын лизингийн төлбөрт 20,000.0 сая төгрөг, тус эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардалд 8,881.7 сая төгрөг, нийт 28,881.7 сая төгрөгөөр Эрүүл мэндийн сайдын төсвийн зардлыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд зориулж 31,400.0 сая төгрөгөөр Боловсролын сайдын урсгал зардлыг нэмэгдүүлэх, цэцэрлэг, 3 ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд зориулж 10,000.0 сая төгрөгөөр Боловсролын сайдын урсгал зардлыг нэмэгдүүлэх, Хавдар судлалын үндэсний төвийн барилгын их засварын санхүүжих дүнг 2,881.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналууд дэмжигдсэн.
Мөн зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд өөрчлөлт оруулах санал болон Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг тус тус дэмжив. Дээрх хуулиудын төслүүдийг хэлэлцсэний дараа гуравдахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Б.Энхбаяр: С.Зулпхар гэдэг Ерөнхий сайд байхгүй, саналаа татна уу!
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн С.Зулпхар
-Нэг зүйлийг сайтар ойлгоосой. Аливаа улс орон бол зорилгодоо нийцсэн бүтцийг Засгийн газрын төвшинд тодорхойлдог. Энийгээ хуульчилсан байдаг. Миний оруулсан санал бол Төмөр замын агентлаг байгуулахыг дэмжиж өгөөч гэж байгаа юм.
УИХ-аас 2023 онд Төмөр замын тээврийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийг дагалдан гарсан УИХ-ын 72 дугаар тогтоолд төмөр замын агентлагтай байхаар тусгасан. Одоо хэр нь энэ агентлаг байгуулагдаагүй.
Монгол Улсын хөгжлийн томоохон зорилтын нэг нь төмөр зам яах аргагүй мөн. Төрийн захиргааны төв байгууллагад бид энэ ажлыг даатгачихсан. Бодлого гаргаж байгаа, шийдвэр нь тэндээс гарч байгаа. Гэхдээ шийдвэрийн хэрэгжилтийг хангадаг нь агентлаг байдаг. Төмөр замын салбар нь 250 аж ахуй нэгжтэй, 14 мянган хүн ажиллаж байгаа салбар буюу манай томоохон бүтээн байгуулалтыг цааш нь авч явах асуудал дээр агенитлагийг байгуулах нь зөв байгаа. Судалсан. шинээр төсөв нэмж болохгүй.
Одоо байгаагаар галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах дээр 25 хүний орон тоо байна, яаманд 13 хүний бүтэц байгаа юм байна. Энүүгээр агентлаг байгуулах бүрэн боломжтой гэсэн учраас саналаа өгөхдөө бодолцож үзээч.
Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжихгүй байхаар саналаа өгөөч ээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг шинээр өөрчлөх асуудал Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийн асуудал. Ерөнхий сайд ийм санал оруулж ирээгүй. Зулпхар гэж Ерөнхий сайд байхгүй.
Үндсэн хууль зөрчигдөх байдал руу орж байгаа учраас С.Зулпхар гишүүнийг саналаа татан авч, УИХ-ыг хүнд байдалд оруулахаас сэргийлээч ээ гэж хүсэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-С.Зулпхар гишүүний ярьж байгааг дэмжиж байгаа юм аа.
Б.Энхбаяр гишүүн хэтрэхий их юм болгоныг зогсоодог байж болохгүй. Бид хамтдаа сууж байгаад төмөр замын тухай хуулийг баталсан.
Энэ хуулинд төмөр зам агентлагтай байна гэж заасан. Энэ заалт өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Төмөр замын салбар урьд өмнө байснаасаа өргөжсөн. Урьд нь ганц Улаанбаатар төмөр зам байсан бол одоо Монголын төмөр зам, цаана нь маш олон хувийн хэвшлийн олон төмөр замтай болсон.
Энэ олон төмөр замыг хооронд нь зохицуулах, үнэ ханшийг зохицуулах, тээвэрлэлтийг зохицуулах, бие биендээ дарамт үзүүлдэггүй байх гэхчлэн маш олон ажлыг энэ агентлаг хийх ёстой юм.
Төмөр замын энэ том салбарыг авч явахад энэ заалт чухал шүү. Зохицуулалтыг нь өргөн хүрээнд хийх шаардлагатай болсон. Ганц Удаанбаатар төмөр замтай байхад хувь нийлүүлэгч гэдгээр төрөөс бариад явдаг байсан бол одоо өргөжсөн. Энэ зохицуулалтыг агентлаг хийх зайлшгүй шаардлага үүссэн.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-УИХ ын гишүүн хуулийн зөрчилгүй санал гаргаж байх ёстой. Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар агентлагийг шинээр байгуулах бол Засгийн газар санал гаргах эрхтэй. Засгийн газраас гаргаад ирсэн санал дээр төмөр замын агентлаг гэж нэмэх эрх хуулиар нээлттэй биш байна.
Сүүлийн үед Монголын төр салбар бүр дээр хуулиар агентлаг байгуулдаг, бүтэц орон тоо нэмдэг асуудал бүх салбарт бий болсон. Зарим салбар хуулиа шинэчлэн батлуулахдаа тийм агентлагтай байна гэдгийн жишгээ энэ төмөр замын агентлаг болж байна.
Агентлагийн тоо өссөнөөр Монгол Улс хөгждөг бол хөгжчихсөн. Сүүлийн 12 хан жилийн дотор 20 гаруйхан агентлаг нь 40 гарсан.
Төрөөс нэг шийдвэр гаргахын тулд 6-7 шат дамжаад байгаа нь энэ олон агентлагтай холбоотой. Одоо УИХ-ын заалтаар агентлаг байгуулах асудал руу орох гэж байна. Үндэсний хороодыг татан буулгах ёстой гээд ярьж байна. Барилга, орон сууц, эрчим хүчний салбарыг эрчимтэй дэмжих чиглэлээр богино хугацаанд Үндэсний хороо байгуулаад ажиллах нь ач холбогдолтой гэдэг. Олон салбарын оролцоотой шийдэгдэх асуудал хаягддаг. учраас Үндэсний хороо байгуулж ажилладаг байгаа шүү гэлээ.
Санал хураахад Төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналыг гишүүдийн 78 хувь нь дэмжив.
Ийнхүү хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хурааж дууссанаар 2025 оны төсвийн хуультай хамт өргөн мэдүүлсэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
С.Бямбацогт: Чөлөөт бүс нэртэй юу ч хийдэггүй байгууллагууд байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт:
-Төсөв дагасан хуулиудын анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын тогтоолд орж байгаа заалтыг дэмжиж байна.
Үндэсний хороодын асуудлыг гишүүд ярилаа. Түүнтэй адил төслийн нэгжүүд байна. Эгийн голын усан цахилгаан станцын төслийн нэгж Хөгжлийн банкнаас 40-өөд тэрбум төгрөгийн зээл авсан. Үр ашиггүй.
Улаанбаатар хотод Эмээлтэд аж үйлдвэрийн парк барина гээд 20-иод жил үйл ажиллагаа явуулж байгаа. Барьсан барилга байхгүй, 20, 30 хүн ажилладаг юу ч хийдэггүй байгууллага байдаг гэх мэтчлэн олон төслийн нэгж байна.
Чөлөөт бүсийн захиргаа, Баян-Өлгийн чөлөөт бүс, Алтанбулагийн чөлөөт бүс, Замын-Үүдийн чөлөөт бүс гэсэн юу ч хийдэггүй байгууллагууд байна.
Томоохон төслүүд ярьж байна. Төслийн үр өгөөжийн асуудалд анхаармаар байна. Урьдчилсан байдлаар ТЭЗҮ хийж байж, үр ашиггүй бол төслийг зогсоомоор байгаа юм. 50, 100 тэрбумаар ТЭЗҮ хийдэг дараа нь бүтээн байгуулъя гэтэл үр ашиггүй. Хийсэн ТЭЗҮ хоосон цаас болно. Төслийг эхлүүлдэг зогсдог царцдаг, цемент болоод балгас блоод үлдэх вий. Хийх гэж байгаа томоохон төслүүд дээрээ урьдчилсан байдлаар ТЭЗҮ хийгээд ач холбогдолтой эсэхийг судлаад шаардлагагүй бол бага дээр нь дүгнэлтээ гаргаад зогсоомоор байна.
Хоёр дахь хэлэлцүүлэг дээр УИХ-аас гарах тогтоолд оруулаад өгөөөч. Энэ асуудалд анхаарахгүй хэтэрхий цамаан, хэтэрхий үрэлгэн, их мөнгө зарцуулсан дуусгаж чаддаггүй баахан төслүүдтэй болох вий.
"Хууль батлагдвал төрийн өмчийн компаниудын санхүүгийн мэдээллийг ил болгоно"
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар Төслийн 1 зүйлийн 12 дахь хэсгийн тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийлгэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах хуулийн этгээдийг Засгийн газар тогтооно гэснийг хасах санал хураалт явууллаа.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:
Төрийн өмчит компаниуд руу олон улсын аудит оруулъя гэхээр тал бүртээ сандарчихдаг. Олон улсын аудитаас зайлсхийдэг болчихоод байна. Олон улсын аудитад чинь танил тал, ах дүү, амраг садан гэж байхгүй учраас бодитоор нь үнэлнэ. Засгийн газар хувьцаа эзэмшигчийн хувиар олон улсын аудит оруулахад хэн тэвдэж сандраад байгаа юм бэ гэдэг чинь эргэлзээ шүү дээ. Хэрэв энэ хууль батлагдвал нэгдэх өдөр төрийн өмчийн компаниудын санхүүгийн бүх мэдээллийг ил болгоно.
Aжлын хэсгийн гишүүн Б.Энхбаяр:
-Шуудхан хэлэхэд Засгийн газар төсөв дээр попролоо татчихмаар байна. Яагаад гэвэл энэ заалт хуульд байсан байгаагүй Засгийн газар төрийн өмчийн компаниудын хувьцаа эзэмшигчийн хувь олон улсын дотоодын аудит хяналт шалгалтыг хийдэг. Хийсээр ирсэн. Угаасаа хийх үүрэгтэй. Энэ заалт л орж байж аудит хийнэ гэсэн юм байхгүй. Хэрэв олон улсын аудит хийх гэж байгаа бол улсын төсөв дээр мөнгөн дүнг нь тавьдаг. Гэтэл олон улсын аудит хийлгэе гэж төсөвт нэг ч төгрөг оруулж ирээгүй шүү дээ. Энэ гарзгүй заалт. Тэгэхээр энэ попролоо болих хэрэгтэй. Надад бол энэ заалт ямар ч падгүй.
З.Мэндсайхан: Т.Доржханд реформ ярьж үнэ нэмсэнээс өөр ажил хийсэнгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Дээрх төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, саналаа хэлж байна.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:
-Тавхан сарын өмнө Засгийн газрын гишүүд энэ танхимд тангаргаа өргөсөн. Энэ салбарыг УИХ, Ерөнхий сайдын өмнө хариуцна гэж тангаргаа өргөсөн. Сайд нар ажлаа хийж чадахгүй болсон байна. Засгийн газар бүтэц бүрэлдэхүүний зардлаа хэт их тэлж байна гэдэг нь агентлаг байгуулаад яваа байгаа асуудал биш байна. Салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хороо гэдэг ийм байгууллага бий болгоод, ажлын алба энд тэндгүй бий болгосон.
Энэ намаржингаа Т.Доржханд гэдэг хүн эрчим хүчний реформ гэдэг асуудал ярилаа. Хийсэн ажил нь цахилгаан, дулааны үнэ нэмсэн. Энэ ажлыг хийдэг хүн энэ салбарт байгаа. Эрчим хүчний зохицуулах хороо гээд.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд эрчим хүчний үнэ яагаад хөдлөхгүй байсан бэ гэвэл Эрчим хүчний зохицуулах хороо буюу үнэ тариф өөрчлөлт хийдэг байгууллага үе үеийн Ерөнхий сайдын мэдэлд явж ирсэн. Реформ гээд ярингуут Эрчим хүчний зохицуулах хороо хийсэн. Үндэсний хороо юу хийгээд байна вэ. Нэг л их олон сар шинэчлэл хийх гэж байна, одоохондоо жаахан өвдөөдөх гээд байсан.
Байнгын хорооны хуралдаан дээр өчигдөр Т.Доржханд хэлсэн л дээ. “Эрчим хүчний салбарт энэ ажлыг хийчих хүн байхгүй учраас би ийм бүтэц гаргаад явж байна” гэж хариулж байна лээ.
Ингэж мэргэжлийн салбарыг доромжилж болохгүй, 20 мянга гаруй инженер техникийн ажилчид бий. Тэнд энэ ажлыг хийх бүтэц бий.
Эрчим хүчний хөгжлийн төв гэж 100 гаруй хүнтэй бүтэц байгаа, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн гэж мэргэжлийн эрдэмтэн, инженерүүдээс бүрдсэн хүрээлэн бий. Энэ салбарын дунд хугацааны хөтөлбөрийг сөхөж ч хараагүй хэрнээ салбарыг төлөөлөөд мэргэжлийн инженер, техникийн ажилчдыг үгүйсгээд ингээд яваад байдаг бүтцийг болъё. Засгийн газар энэ хороогоо эргэж хараач ээ.
Нийтдээ 14 Үндэсний хороо ажлын хэсэгтэй байна. Хуулиар байгуулагдсанаас бусад Үндэсний хороогоо яагаад татан буулгахгүй байна вэ. Ийм зардлын тэлэлт явуулдагаа боль. Шаардлагатай газраа боловсон хүчнийхээ тоог нэмж чадахгүй, ийм хийдэл гаргаад салбар дундын уялдаа холбоог хангана гэж яриад байгаа. Салбар хоорондын уялдаа холбоог хангах Үндэсний хороо л байгуулах дутаж байна. Засгийн газар энэ данхайсан бүтцээ эргэж хараач ээ гэж хүсч байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Төсвийн байгын хороон дээр хуулиар чиг үүрэг нь байхгүй комисс, төв, Үндэсний хороог татан буулгая гээд санал оруулахад дэмжсэнгүй. Хэмнэе гэчихээд ийм зүйлээсээ эхэлж чадахгүй байж олон нийтэд юу гэж мэдээлэл өгөхийг мэдэхгүй байна. Төрийн байгууллагууд хуульд заасан чиг үүргийг л хэрэгжүүлэх ёстой.
Хуульд заасан бодлого боловсруулах үүрэг нь яамдад байхад зэрэгцээд Үндэсний хороо нь бодлого боловсруулна гээд явж байна.
Салбар хоорондын уялдаа холбоог хангая гэвэл Ерөнхий сайдын захирамжаар ч юм уу нэг удаагийн ажлын хэсэг байгуулаад шийдэж болно. Асуудал шийдэх олон механизм байхад төрийн босго давдаггүй хүмүүсийн цуглуулга боллоо.
Төрийн албаны тухай хуулийг эргэж харах шаардлага байна. НҮБ, түүний төрөлжсөн байгууллага дээр ирж ажиллаж байгаа өндөр боловсролтой залуусыг төрийн албанд урьж ажилладаг механизмыг нээгээд өг л дөө. Өмнөх парламент дээр энэ санал оруулж ирэхэд унагаж байсан. Төрд шингэх ажиллах бололцоо байхгүй учраас төрийн албанаас зайлуулаад дахиад комисс хороо байгуулж байна.
Шадар сайд Т.Доржханд:
Бид өнөөдөр тоггүй байна, хязгаарлалтад орчихсон. Б.Чойжилсүрэн сайд үнэнээ хэлж байна, бодит байдал энэ. Гаднын хөрөнгө оруулалт байхгүй, төсөвт эх үүсвэр байхгүй.
Гаднынхан ногоон шилжилтэд чинь хөрөнгө оруулна гээд байна. Гэтэл бидэнд шилжилт нь, бодлогын бичиг баримт нь байхгүй. Үүнийг хийх бүтэц, эксперт нь байхгүй.
Гэтэл энэ салбар чинь бодит байдал дээр гацчихаад байгаа тул реформ хийх үндсэн зорилго. Чойжоо сайд бодитой, сайн ажил хийж байгаа. Эрчим хүчний шилжилтэд дотоод, гадаадын зөвлөх үйлчилгээ хэрэгтэй. Эрчим хүчний яаманд тийм ажиллах нөөц байхгүй.
Чуулганы хуралдаан эхэллээ
ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН | ||||
1 | · Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/ · Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ | 10.00 | “Их хуралдай” |
Зочин 2024-12-11 59.153.113.38
Европын орнууд ногоон шилжилтээс буцаж байгаа шуу ябайгалиас хэт хамааралттай гэж бас унэтэй
Лондон зураач 2024-12-11 90.212.131.42
Эрчим хүчний хөгжлийн төв гэж 100 гаруй хүнтэй бүтэц байгаа, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн гэж мэргэжлийн эрдэмтэн, инженерүүдээс бүрдсэн хүрээлэн бий. + Эрчим хүчний зохицуулах хороо + Эрчим хүчний яам…Бод бод…
Нэргүй 2024-12-11 124.158.108.192
Хийх ажлаа ч ойлгохгүй харагдаад байна. Эрчим хүчний реформоо хийгээчээ. Доржханд л хийж чадна. Бусад нь дүнхүүрчихсэн социалистууд.
Нэргүй 2024-12-11 103.57.95.20
энэ бангла либералуудын ногоон энерги нэрэн дор шахдаг ажилладаггүй нар,салхины станцын лобби хийж байгаа худалдагдсан гөлөг шдээ,нөгөө чойжоо нь хамтарч идэх гээд нар байхгүй,салхи гарахгүй байгаа тул лаа,шүдэнзээ бэлтгэцгээ гэж улаан цайм хэлээд байгаа биз дээ,үнээ нэмэхэд эсэргүүцэхгүй байлгах гээд бүх хэвлэл мэдээллийг худалдаж авах мөнгө төсөвт суулгаж,үнэ нэмээд авсан учир монголчууд яаж ядуурах нь бангла доржхандад падлийгүй гэдгийг ойлгохгүй байгаа өөрөө мөн тэнэгээ
Зочин 2024-12-11 66.181.184.200
Бас нэмээд мөнгө хулгайлж бна. Доржханд