VS: Найман тэрбумаар пиар хийнэ, хийхгүй

Хуучирсан мэдээ: 2024.12.11-нд нийтлэгдсэн

VS

VS: Найман тэрбумаар пиар хийнэ, хийхгүй

УИХ-аар Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаа энэ өдрүүдэд Эрчим хүчний реформын үндэсний хорооны гишүүдийн дунд “Найман тэрбум төгрөгийг хэвлэл мэдээлэлд зарцуулна гэж төсөвт тусгасан, тусгаагүй” гэдэг маргаан гарч, дуулианы нэг сэдэв болоод байна. Иймд энэ долоо хоногийн VS буландаа УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд нарын байр суурийг онцоллоо. Тус Үндэсний хороог Шадар сайд Т.Доржханд ахалж байгаа бол гишүүнийх нь бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Цэнгүүн багтсан юм.


С.Цэнгүүн:
УИХ-ын гишүүн 

-УИХ-ын гишүүний хувьд би Эрчим хүчний үндэсний хорооны Ажлын хэсэгт ороод ажиллаж байгаа. Уг хороонд зургаан Ажлын хэсэг байгаагийн нэг нь Олон нийттэй харилцах ажлын алба. Энэ хүрээнд салбарын нөхцөл байдлыг олон нийтэд танилцуулахаар би 103 УИХ-ын гишүүний гарын үсгийг цуглуулж, дэмжих бүлэг байгуулаад энэ  ажлаа эхлүүлээд амжилттай зохион байгуулж байгаа. Эрчим хүчний тарифт өөрчлөлт орсонтой холбоотойгоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг олон тэрбум төгрөгийг хэвлэлд тараасан гэж гүтгэж байна. Энэ бол улстөржилт гэж бодоод, хувь хүний зүгээс ач холбогдолгүй өгөхгүй, орхиж байлаа.

Гэтэл өчигдөр /2024.12.08/ Төсвийн ажлын хэсэг хуралдаад миний олж мэдсэнээр Эрчим хүчний реформын үндэсний хороо 2025 оны төсөвт найман тэрбумыг хэвлэл мэдээлэлд зарцуулна гэж тусгасан гэдэг мэдээллийг мэдээд үнэхээр цочирдлоо.

Эрчим хүчний реформын үндэсний хорооны төсөвт ийм зардал тавигдаж байгааг хорооны гишүүдэд хэлээгүй, ийм өндөр дүнтэй байгааг огт мэдээгүй.  Ийм байдлаар би цаашид хамтран ажиллах боломжгүй гэж харж байна.

Цахилгааны үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос нэмэгдүүлсэн. Энэнийн дараагаас ямар нэгэн байдлаар Эрчим хүчний реформын үндэсний хороон дээр хурлуудыг хийгээд явах шаардлагатай, дараагийн ажлуудаа явуулах ёстой гээд хэлээд явсан. Тэгтэл энэ зүйлүүдийг маань хийгээгүй мөртлөө ажлын албанаас хэвлэл мэдээлэлтэй 8 тэрбумын гэрээ хийнэ гээд явуулчихсан байгааг харах үнэхээр сэжигтэй, хариуцлагагүй үйлдэл.

Улсын төсвийг танах ёстой гээд анхнаас нь эсэргүүцээд явж байгаа гишүүдийн нэг. Тэгж байхад миний хариуцаж байгаа ажил дээр надтай зөвшилцөж, ярилцалгүйгээр ийм дүн оруулж ирж байгаа нь болчимгүй үйлдэл.

Эрчим хүчний реформ бол маш том ажил. Зайлшгүй хийх ёстой ажил. Тэр утгаараа бол ямар ч галтай, хүндрэлтэй сэдвүүдээс би айхгүй гаргаад хэлээд явж чадна. Гэтэл миний нэрийг ашиглаад тэр мөнгийг юунд ашиглах нь тодорхойгүйгээр хэвлэл мэдээлэл мэтээр явуулна гэдэг байж боломгүй үйлдэл.

Т.Доржханд:
УИХ-ын гишүүн, Шадар сайд 

-Өнгөрсөн аравдугаар сард төсөв хэлэлцэж байх үед ийм саналаа өгсөн нь үнэн. Үүний дараа нэлээд ажил хийсэн, тариф өөрчлөгдсөн, бодлого өөрчлөгдсөн.

Зарим УИХ-ын гишүүдэд энэ мэдээлэл очоогүй тул мэдээллийн зөрүүтэй байдал үүссэн байна. Сангийн яамнаас хэвлэл мэдээллийн зардал гэсэн ангилал руу оруулчихсан юм билээ.

Эрчим хүчний реформын үндэсний хороонд ажиллаж байгаа УИХ-ын гишүүд маш их сэтгэл гаргаж буй. Тэдний нэг нь С.Цэнгүүн. Тэр маш их дайралтад өртөж байна, бүгд л өртөж байгаа. Бид ард нь гарна. Иргэдэд зөв мэдээллийг өгөхийн тулд бүх хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллана гэсэн байр суурьтай байгаа. Бид тролл санхүүжүүлдэггүй.

Бидний ирэх жилийн хүсэлт 18 тэрбум байсан, хасагдаж явсаар одоо 11 тэрбум төгрөг. Үүнээс ажлын албаны зардал 11 тэрбум. Энэ бол орон байр, цалингийн зардал.

Найман тэрбумын  500 саяас 1.5 тэрбум төгрөг нь л хэвлэл мэдээллийн зардал болохоос бусад нь суурь судалгаа, зөвлөх үйлчилгээ, бодлогын бичиг баримтын зардал юм. Бие биеэ харддагаа болимоор байна.

Бүх мэдээлэл ил тод, аваад үзэх хэрэгтэй. Улсын төсөвт 800 тэрбум төгрөгийн ачааллыг авахдаа ердөө 8-10 тэрбумаар зардлаа шийдэж байгаа нь олон улстай харьцуулахад маш бага. Олон улсад бол 6-15 хувь байдаг. Төр гэхээр л зардал багатай байх ёстой гэж хандвал төрийн ажил явахгүй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж