25 настай Вэнди Чен Хятадын зүүн хэсэгт орших алдарт Тай уул руу авирч, өөрийгөө сорихоор шийджээ. 1500 метрийн оргилыг зорих таван цагийн аялалд нь хань болох хүн олдоогүй тул "ууланд авиралтын найз" хөлсөлсөн байна. Ингэхдээ хөдөө гадаа явж байсан арвин туршлагатай залуу эрийг сонгосон байна.
"Ууланд авиралтын найз" гэдэг ажил хятад эрчүүдийн дунд алдартай. Энэ онд л гэхэд "ууланд авиралтын найз" хаштаг Хятадын цахим сүлжээнд 100 сая гаруй хандалттай байжээ. Танихгүй хүнтэй ханьсан ууланд авирсныхаа төлөө тэд 200-600 юань буюу 30-85 ам.доллараар цалинждаг. Тамирчин, оюутан, цэргийн алба хаагаад ирсэн гэх мэт ихэвчлэн залуу эрчүүд энэ ажлыг хийж байна. Тэд "Xiaohongshu", "Douyin" гэх мэт цахим платформуудаар өөрсдийгөө сурталчилдаг. Ингэхдээ өндөр, жин гэх мэт бие бялдрын хөгжлөө бичихээс гадна мэдээж ууланд авиралтын туршлагаа дурддаг ажээ.
Замын турш нөгөө хүнээ уйдаахгүй байх үүргийг тэд хүлээнэ. Цааш авирах урам зориг өгөх, залхаахгүй байх, үүний тулд дуулах, онигоо ярих, хөгжим тоглох, харилцан яриа өрнүүлэх зэргээр ажлаа хийдэг. Мөн цүнхийг нь барилцах, гарнаас нь барих, татах, түлхэх зэргээр ч дэмжлэг үзүүлж болно.
"Ууланд авиралтын найз" царайлаг байх тусмаа өндөр цалин авах магадлалтай. Яагаад гэвэл үйлчлүүлэгчид нь ихэнхдээ ганц бие эмэгтэйчүүд байдаг. Гэхдээ бага насны хүүхдээ хариуцуулж явах зэрэг зорилгоор "ууланд авиралтын найз" хөлслөх хүмүүс ч бий.
20 настай хятад оюутан Крис Жан энэ ажлыг хийгээд өнгөрсөн зуны гурван сарын хугацаанд 20 мянган юань хураажээ. Харин одоо тэр 40 гаруй захиалгатай байгаа бөгөөд сард ойролцоогоор 20 мянган юань олдог болсон байна. Энэ нь хятад хүмүүсийн сарын дундаж цалинг хоёр нугалах мөнгө юм. Ашиг орлого арвин байсан тул тэрбээр Тай уул орших Тайан хот руу хүртэл нүүсэн байна.
Энэхүү шинэ төрлийн бизнесийг дагалдаад гэмт хэргийн эрсдэл үүсч байгааг ч анхааруулж байна. Гэсэн ч хөдөлмөрийн зах зээл тогтворгүй байгаа тул залуус сургууль төгссөнийхөө дараа, аль эсвэл ажил солих хоорондоо "ууланд авиралтын найз"-аар ажилласаар байна.
Нэргүй 2024-12-10 66.181.161.209
er yaachks hiij bgaa ym bizdee