-Монгол Улсад хүнлэг бус, хэрцгий хандах, эрүүдэн шүүлтийн нөхцөл байдал ямар байна вэ?
Бид өнөөдрийн байдлаар эрүү шүүлт тулгасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 135 өргөдөл гомдлыг холбогдох мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн. Эдгээр гомдол нь тодорхой нэр устай, албан тушаалтантай холбоотой хүмүүсийг шалгуулахаар иргэн болон хоригдож байгаа, СЭМҮТ-д эмчлүүлж буй эмчлүүлэгчид, асрамжийн газарт байгаа ахмад настан, хүүхдүүдээс ирүүлдэг.
-Эрүү шүүлт ямар шинж байдлаар, хаана үйлдэгдэж байна вэ?
-Бид хуулиар олгосон эрхийн хүрээнд тодорхой газруудад заавал очиж ажиллах ёстой. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, баривчлах төвүүдээс ихэнх гомдол, мэдээлэл ирдэг. Мөн бид гомдол мэдээлэл ирэхээс өмнө тухайн газруудад очиж ажилладаг. Болж өгвөл хүн нэг бүртэй уулзах хүсэлт гаргадаг. Биднийг анх очиход "Нэг удаа ирээд явах юм чинь уулзахгүй шаардлагагүй" гэдэг байдлаар ханддаг байсан бол одоо очсон газар болгон хүн уулзах хүсэлт гаргаж байна.
-Эрхээ хязгаарлуулсан хүмүүс та бүхэнтэй биечлэн уулзаж, гомдол гаргалаа гэхэд эргээд эрүү шүүлтэд орох эрсдэл гарах эрсдэл гарах магадлалтай. Энэ асуудалд хэр анхаардаг бол?
-Энэ бас бодох асуудал. Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм нь мэдээлэл өгч буй хүний гомдол нь үнэн зөв эсэхээс хамаарч, тухайн хүнийг ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхах, дарамталж болохгүй гэсэн НҮБ-ын конвенцын заалтыг бүх албан хаагчдад сануулдаг. Мөн тэр хүмүүс бидэнтэй ганцаарчлан уулзах эрхээр хангагддаг. Тэр хүмүүсийн мэдээлэх эрхийг хамгаалах үүрэгтэй. Гомдол мэдээллийг нь шалгуулаад, мөрдөх байгууллагаас мэдээлэл авч, тухайн иргэнд хариу өгдөг. Шалгагдаж байгаа хугацаанд тухайн хүнийг ямар өрөөнд байлгаж, ажлын орчин өөрчилсөн эсэх, эргэлтийг нь хэвийн олгож байна уу гэдгийг давхар хянадаг.
-Эрүү шүүлтэд өртсөн хохирогч дунд насанд хүрээгүй нэг хүүхэд байна гэдэг мэдээллийг албаныхан өгсөн. Энэ анхны тохиолдол уу. Монголд эрүү шүүлтээс болж, амь нас нь хохирсон тохиолдол байгаа юу?
-Эрүүдэн шүүлт их хор хөнөөлтэй. Хүний бие махбодь болон сэтгэл санаанд хүчтэй нөлөөлдөг. Эргээд хохирлыг нөхөн сэргээхэд маш олон жил шаарддаг. Заримдаа огт сэргэдэггүй байх нь ч бий. Монгол Улсын хувьд ийм харамсалтай эрүүдэн шүүлтийн хэргүүд гардаг. Яг энэ асуудал дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг эргэж харах шаардлага байна.
Эрүүгийн хуулийг шинэчлэхдээ өмнөх хуульд байсан эрүүдэн шүүлт тулгаж, амь насыг нь хохироосон гэдэг хүндрүүлэх бүрэлдэхүүний зохицуулалтыг тусгаагүй. Тэгэхээр одоогийн хуульд хүнийг эрүүдэн шүүж алсан бол гэдэг зүйл анги хүндрүүлэх бүрэлдэхүүнд байхгүй байгаа гэсэн үг.
Харин хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд байгаа. Тиймээс УИХ-аас 2023 онд 35 дугаар тогтоолд энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд оруулахыг судлах үүргийг Засгийн газарт даалгасан. Тус тогтоолын хэрэгжилтийг яаралтай шийдэхгүй бол эрүү шүүлтийн улмаас амь насаа алдсан харамсалтай тохиолдлуудыг бүртгэх тоон мэдээлэл буруу гарна. Ингэснээр Монголд эрүүдэн шүүлт байхгүй байна гэдэг мэдээлэл гарч болзошгүй. Үүнтэй холбоотой Мөрдөх албыг байгуулахаар Мөрдөх албаны тухай хуулийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас танилцуулж байна.
-Эрүүдэн шүүлтийн тоон мэдээллээрээ олон улсын түвшинд Монгол Улс хаана нь явна вэ?
-Олон улсад эрүү шүүлтийн индекс гэж байдаггүй. Хүний эрхийн индекс гэж бий. Олон улсын экспертүүд ийм хэмжигдэхүүн, шалгуур тавихгүй байхыг зөвлөдөг. Учир нь маш олон төрлөөр эрүүдэн шүүлт гарч болзошгүй. НҮБ-ын мандаттай олон улсын байгууллагаас Монголд ирж ажиллахдаа "Монгол Улсыг бүс нутагтаа үлгэр жишээ механизмыг бүрдүүлж чадсан улс болсон" гэж дүгнэсэн. Бид сая НҮБ-ын Эрүүдэн шүүхийн хороон дээр Монгол Улсын эрүү шүүлтээс ангид байх эрхийн конвенцын хэрэгжилтийн гурав дахь удаагийн тайланг 2024 оны арваннэгдүгээр сард хамгааллаа.
-Гэвч иргэдийн зүгээс нийгэмд эрүүдэн шүүлт байсаар байна. Хүний эрхийн байгууллага, хуулийн байгууллага нь ниргэсэн хойно нь хашгирч байна гэж шүүмжилдэг. Олон улсын байгууллага дүгнэлт, бодит байдал зөрүүтэй байна гэдэг дээр ямар хариулт өгөх вэ?
-Шулуухан хэлэхэд, мэдээж ажиллах хүч тун цөөн. Төсвийн хэмнэлтийн тухай хууль манай дээр маш сайн хэрэгжиж байгаа. Сүүлийн хоёр жил албан хаагчдын 50 хувийн орон тоо байхгүй. Улсын хэмжээнд хүрч ажиллах машин техникийн нөхцөл бүрдээгүй байгаа. Тэглээ гээд бид зүгээр сууж болохгүй. Хуулиар хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэнэ. Бид бүх боломжоо ашиглан 21 аймагтаа хүрч очиж ажилласан. Иргэдийн хэлж байгаа ч зөв. Эрүүдэн шүүлтийн хэрэг гарсаар байна. Сүүлийн үед шүүхээр эрүүдэн шүүлтийн гэмт хэргийг шийдвэрлэж буй тохиолдол нэмэгдэж байгаа. Бид төрийн албан хаагч, эрхээ хязгаарлуулсан иргэдэд эрүүдэн шүүлт гэж юу вэ гэдгийг ойлгуулахыг хичээж ажиллаж байна.
Хүмүүс эрхээ мэдээд ирэхээр эрхээ хамгаалах холбоо байгуулж эхэллээ. Анхны холбоо нь 47 хүний бүрэлдэхүүнтэйгээр нээлттэй сонсголд оролцлоо. Энэ бол маш том үр дүн.
Ингэснээр цаашид энэ тоо буурах байх гэж найдаж байна. ХЭҮК-ын тухай хуульд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг гэнэтийн хяналт шинжилгээ хийх боломжтойгоор хуульчилсан. Төсөв санхүү жилээс жилд сайжрах байх. Бид 843 албан ёсны обьект дахь 150 мянган хүнд хүрч очиж ажиллах ёстой. Тэрнээс гадна бүх төрийн албан хаагчдыг соён гэгээрүүлэх ёстой. Энэ хүмүүст очиж ажиллахад нийт 200 сая төгрөг төсөвлөдөг. Бүтэн жил бүх зардалдаа хүргэж ажиллах шаардлага үүсдэг. Үүний дийлэнх нь автомашины түрээст зарцуулдаг. Өнгөрсөн хоёр жил энэ төсөв хасагдсаар ирсэн.
Зочин 2024-12-10 76.220.74.140
Шүүх прокурор нь шударга байх ёстой. Нийгэмд хавтгайрсан шударга бус байдалд шүүх прокурорын байгууллага сайнаар нөлөөлөх учиртай.
Нэргүй 2024-12-10 202.9.40.84
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
сонгогч 2024-12-10 202.9.46.5
ДАРГА НАРЫН ДААЛГАВРААР ИРГЭДЭЭ ХЭЛМЭГДҮҮЛДЭГ ШҮҮГЧ, ПРОКУРОРУУДТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛОХГҮЙ БОЛ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН ШИНЭ ҮЕ НЭГЭНТ ЭХЭЛСЭН БАЙНА ШҮҮ ТА МИНЬ ЭЭ …..ЦӨӨНГҮЙ ИРГЭД ХЭЛМЭГДСЭН БАЙНА….ЦААШИД Ч ХЭЛМЭГДЭХ НЬ ….