Энэтхэгийн засгийн газар "бхоти" болон урду хэлийг Ладакийн Холбооны нутаг дэвсгэрийн албан ёсны хэл гэдгийг хүлээн зөвшөөрөв. Тодруулбал, Шинэ Дели хотноо энэ сарын 3-нд Ладакийн удирдагчид болон Энэтхэгийн засгийн газрын төлөөлөгчид уулзалдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцсэний үндсэн дээр бхоти хэлийг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасан гэж "Kashmir Observer" мэдээлэв. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бхоти хэл нь Гималайг дамнасан бүс нутагт хэрэглэгддэг төвөд хэл (бодиг) билээ. Гэхдээ тус бүс нутгийн Гимачал Прадеш, Сикким, Уттаракханд, Аруначал Прадеш, Баруун Бенгалийн зарим хэсэгт орших төвөдүүд Ладаки, Спити, Лахауил зэрэг өөр өөр нутгийн аялгатай аж.
Өнгөрсөн хугацаанд төвөд хэлэнд "бхоти" гэсэн нэр томьёо нь Ладакийн Холбооны нутагт маргаан үүсгэж байжээ.
Ладхаки судлаач, доктор Туптен Ригзин дөрөвдүгээр сард болсон бхоти хэлний өдрөөр "Чөлөөт Ази" радиод хэлэхдээ," Хуучин цагт бид бодиг сурч байна гэж ярилцдаг байсан. Бхоти биш. Зарим хүмүүс энэ түүхийг сайн мэдэхгүй бол санаатайгаар гуйвуулсан хэсэг бүлэг нөхөд ч бий. Төвөд үндэстэн нь Гималайн бүх бүс нутгийн үндэс суурийг бүрдүүлдэг. Ладахичуудын хувьд бхотигийн гарал үүсэл, түүхэн ач холбогдлыг ойлгох нь амин чухал юм" гэжээ. Тэгвэл Каргил дахь Имам Хомейнигийн дурсгалын итгэмжлэл зэрэг бүлгүүд бодиг хэлний гарал үүсэлд эргэлзэж буй. Тус бүлэглэл мэдэгдэлдээ "Бхоти гэж нэрлэгддэг бичиг нь үндсэндээ төвөд бичиг юм. Энэ нэр томьёо нь Ладакийн ярьдаг хэлтэй ямар ч түүх, нийгэм соёлын хамааралгүй" гэсэн байна.
Төвөдийн 33 дахь хаан Сонцэн Гампо долдугаар зуунд Түми Самбхота болон бусад эрдэмтдийг Энэтхэг рүү илгээснээр төвөд бичиг болох бодигийг бий болгосон гэж тэмдэглэгджээ.
Деванагари зэрэг Энэтхэгийн бичгийг судалсны дараа Туми Самбхота төвөд бичиг, дүрмийг зохиосон аж. Энэ бичиг нь санскрит, пали хэл дээрх буддын шашны зохиолуудыг Энэтхэгээс төвөд хэл рүү хөрвүүлэхэд тус дөхөм болж, Төвөд, Ладак, Гималайн орчмын бүс нутагт буддын шашныг дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна. Бодигийн оронд "бхоти" гэсэн нэр томьёог ашиглах нь төвөд хэлийг хүлээн зөвшөөрөхөд сөргөөр нөлөөлж, улс төрийн болон бусад ашиг сонирхлын хүрээнд ангилах болсон гэж зарим Төвөдийн судлаачид үздэг байна.
Холбоотой мэдээ