Монголчууд 2008 оны наймдугаар сарын 14-ний өдрийг мартдаггүй. Одоогоос 16 жилийн тэртээ тэр нэгэн өдөр Монгол Улс олимпийн аваргатай болж, хүсэн хүлээсэн алтан медалиа угтан авч байлаа. Долдугаар сарын 1-н гэх айхтар хар өдрийн улмаас улс орон даяар атаа хорсол, уур хилэн буцалж, улс төрийн намууд дайсагнаж байсан үе. Наймдугаар сарын 14-ний өдрийн орой Бээжинд Монголын төрийн дуулал эгшиглэж, далбаа мандаж, улс даяар баярлан хөөрч, гудамж талбай олны хөлд дарагдсан түүхтэй. Спорт ийм л гайхамшигтай. Дайсагнаж байсан "улсыг" тэврэлдүүлж, гуниг, уур бухимдалтай байсан иргэдийг аз жаргалд умбуулсан. Спорт бол улс оронд эв нэгдэл, баяр хөөр, бахархлыг авчирдаг.
Эдгээр өдрүүдэд ирэх 2025 оны улсын төсвийн асуудал ид яригдаж байна. Данхар төсвийг танах ажил өрнөж, хэмнэлтийг салбар бүрт хийж байх шиг. Гэвч төр, засаг танах, хэмнэх ёсгүй зарим салбартаа харамч хандах шинжтэй. Үүний нэг нь биеийн тамир, спортын салбар.
Өчигдөр/2024.12.09/ үндэсний шигшээ багийн тамирчдын төлөөлөл мэдээлэл хийж, төсвийг нь танаж буйг эсэргүүцсэн.Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Э.Содномпилжээгийн хэлснээр ирэх оны төсөвт нийт тамирчдын зардлыг 75 хувь хасах асуудлыг ярьж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тамирчдын гадагшаа тэмцээн уралдаанд оролцох зардал, витамин тэжээл, хэрэглэл, цалин зэрэг хасагдах гэнэ.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нэг сард 1.5 сая төгрөг, тамирчид нь 1.2 сая төгрөгийн цалин авч байна. Энэ цалингаасаа татвар, шимтгэлээ суутгаад 800-900 мянган төгрөгийн цалин гар дээрээ авдаг.
Сүүлийн таван жилийн Монгол Улсын үндэсний шигшээ багийн төсвийг танилцуулъя.
- 2020 он: 11.7 тэрбум төгрөгийг шигшээ багийн тамирчдын бэлтгэл, цалин, эм, тоног төхөөрөмжид зарцуулсан байна. Үүний нэг хэсэг болох 533.9 сая төгрөг нь зөвхөн эм, уураг болон амин дэмд хуваарилагджээ.
- 2021 он: Мэдээлэл ил тод бус.
- 2022 он: Биеийн тамир, спортын нийт төсөв 7.4 тэрбум төгрөг байсны нэг хэсэг нь шигшээ багийн үйл ажиллагаанд зориулагдсан.
- 2023 он: 13.8 тэрбум төгрөгийг шигшээ багийн цалин, бэлтгэл, тоног төхөөрөмжид зарцуулжээ.
- 2024 он: Үндэсний шигшээ багийн төсөв 25.8 тэрбум төгрөг байхаар батлагдсан бөгөөд багш дасгалжуулагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, тамирчдын амжилтыг ахиулах зорилгоор зарцуулах ажээ.
Шигшээ багийн тамирчдын төсөв олимп болон олимпийн өмнөх жил өндөр тавигддаг. Энэ хэрээрээ амжилт үзүүлэх, олимп, паралимпийн эрх авах магадлал өсдөг билээ.
Тэгвэл ирэх 2025 оны төсөвд 9.5 тэрбум төгрөгийг суулгах гэнэ.
Төр засгаас тамирчдадааа харамч хандаад байвал амжилт үзүүлэх нь цөөрөхөөс гадна иргэншлээ солих асуудал ч хөндөгдөж болох юм. Одоо бол дэлхий даяар л легионер тамирчин гэх ойлголт газар авч, улс, орны нэр хүндийг олон улсад гаргаж байвал үндэс, угсаа хамаарахгүй болж байна. Ийм үед шилдэг тамирчид, олимпийн найдваруудаа алдахыг үгүйсгэхгүй. Монголын шилдэг тамирчин, дасгалжуулагчдад олон улсаас өндөр цалин, хангамж амладаг тохиолдол бишгүй л бий. Гэвч тэд эх орон, ард түмнээ бодоод төдийлөн ойшоодоггүй. Харамсалтай нь, төр засаг харамлаад, хасаад эхэлвэл өөр сонголт хийж болзошгүй.
Хэмнэж болох, тэсч чадах зөндөө л төсөл, арга хэмжээ, зардал байхад олон улсад улс орныхоо нэрийг тахалдаг, тусгаар тогтносон улс гэдгийг зарлуулдаг тамирчдынхаа төсвөөс хасна гэдэг байж боломгүй мэт. Харин ч Парисын олимп, паралимпоос дүгнэлт хийж, улам дэмжиж, дэд бүтцээр нь хангах учиртай юм сан.
3,600.44






















































Холбоотой мэдээ