Цахим спортын "CS2" төрөлд дэлхийн чансааг тодорхойлдог хоёр гол байгууллага бий. Нэг нь тус тоглоомыг хөгжүүлэгч "Valve"-ийн чансаа байдаг бол нөгөө нь энэ тоглоомын хамгийн том мэдээллийн платформ болох "HLTV"-ийн чансаа. Хоёулаа тус тусдаа, өөрсдийн аргачлалаар чансааны оноог тооцож, багуудыг жагсаадаг. Тэгвэл өчигдөр/2024.12.09/ "HLTV"-ийн чансаа шинэчлэгджээ.
Шинэчлэлээр Германы "G2" баг дэлхийн чансааг тэргүүлж эхлэв. Тэд нийт 926 оноотойгоор өмнөх тэргүүн баг Украины "Natus Vincere"-г ардаа орхижээ. Дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэлсэн "Natus Vincere" багийн тухайд саяхан Шанхайн Мэйжороос хасагдаж, фэнүүдээ гонсойлгосон. Энэ нь ч сөрөг үр дагавар авчирлаа. Харин "G2" одоогоор плей-оффт шалгараад байна.
Харин Монголын "The MongolZ" баг хоёр байр ахиж, дэлхийн чансааны долдугаарт бичигдэж эхэлжээ. Энэ бол Азийн "CS"-ийн түүхэнд урьд өмнө нь гарч байгаагүй дээд амжилт бөгөөд монгол баг анхдагч болж чадлаа. Тэд ямар ч маргаангүй бүх цаг үеийн хамгийн шилдэг Ази баг гэх алдрыг зүүх эрхтэй болов. Тэдний дээр "FaZe", "MOUZ", "Spirit", "Vitality" зэрэг багууд бичигдэж байна.
"Valve"-ийн чансаагаар "The MongolZ" одоооор дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байгаа бол "G2" тэргүүлж байна.

Мөн топ аравт Нидерландад төвтэй "Liquid" баг дөрвөн байр ахиж, орж иржээ. Шанхайн Мэйжорын плей-оффт шалгараад буй тэд Бразилын "FURIA", Данийн "Astralis", Туркийн "Eternal Fire" зэрэг багуудын байрыг булаасан аж.
"HLTV"-ийн чансааны топ арван багаас "Natus Vincere" болон "FURIA" багууд л Шанхайн Мэйжорын плей-оффын шатанд шалгарч чадаагүй.
Өөр Ази багуудаас хамгийн өндөрт яваа нь Хятадын "Rare Atom" бөгөөд тэд чансааны 37 дугаарт бичигдэж байна. Харин монгол багуудаас "ATOX" 58 дугаарт бичигдэж, долоон байр ахижээ.
Холбоотой мэдээ