Байр суурь: Монгол ашигтай гадаад худалдаа хийх ямар ч боломжгүй

Хуучирсан мэдээ: 2024.12.10-нд нийтлэгдсэн

Байр суурь: Монгол ашигтай гадаад худалдаа хийх ямар ч боломжгүй

Байр суурь: Монгол ашигтай гадаад худалдаа хийх ямар ч боломжгүй

Монгол Улс Европын холбоо, Япон улстай Чөлөөт худалдааны гэрээтэй. Үүн дээр нэмээд Евроазийн эдийн засгийн холбоо, БНСУ-тай мөн Чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар яригдаж, олны шүүмжлэл дагуулж байна. Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулах гэрээ нь импортын татваргүйгээр, тоо хэмжээний хязгааргүйгээр, таван бүлгийн барааг Монголоос экспортлох боломжийг олгоно. Ингэснээр Монголд үйлдвэрлэсэн 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн ОХУ-руу татвар, хэмжээ хязгааргүйгээр гарах боломж бүрдэнэ гэдгийг албаныхан мэдээлж буй.

Эдийн засгийн хөгжлийн яам ОХУ-ын холбогдох талтай энэ сард гэрээг баталж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хэлэлцээртэй холбоотойгоор эдийн засагч, бизнес эрхлэгчдийн төлөөллийн байр суурийг сонслоо.


"ТОМ ЗУРГААРАА АРДЧИЛСАН, ЧӨЛӨӨТ ЭДИЙН ЗАСАГТАЙ УЛС ГЭДЭГ СТАТУСАА АЛДАНА"

Эдийн засагч Б.Лхагважав:

-Дэлхий дахинд одоо дайнтай нөхцөл байдал таатай биш байна. Евроазийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр Монгол Улсыг өөрийг нь шахаанд хийхээс гадна чөлөөт ардчилсан улсын хамтын ажиллагаа, худалдаа хаагдах эрсдэлтэй. Мөн бид 2016 онд Япон улстай эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулж байсан. Үүний үр дүн маш муу байгаа.

Шалтгаан нь гэвэл Монголын талаас хэлэлцээрийг ашиглаад эрдэс баялгийн түүхий эдээ дахин боловсруулж авах гол зорилготой байсан. Бид энэ зорилгоосоо өөрсдөө ухарсан.

Нэгэнт гэрээ хэлэлцээр байгуулсан бол нэг тал нь ажиллахгүй бол нөгөө тал нь ажиллаад л явна. Бид ийм том боломжоо алдсан. Өмнө нь хийсэн гэрээ хэлцлийн үр дүн, эдийн засаг, улс төр, нийгмийн асуудлыг тунгаан харвал БНСУ цаашлаад Евроазийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэхээсээ өмнө сайтар харах ёстой. ОХУ-аас шатахуун, эрчим хүчээ авдаг л юм байгаа биз. Тэртэй тэргүй зах зээл дээрээ өндөр үнээр зарагдаж байна. Заавал царай алдах албагүй. Харин эсрэгээрээ уул уурхайн компаниуд хэдий болтол шатах тослох материалаараа ОХУ-аас хамааралтай байх вэ. Өөр газраас гарц хайх хэрэгтэй. Том зураглалаараа ардчилсан, чөлөөт эдийн засагтай улс гэдэг статусаа алдана.

"ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭНИЙХЭЭ 50-ИАС ДЭЭШ ХУВИЙГ ХАНГАЖ БУЙ САЛБАРЫГ ТУСАД НЬ АВЧ ҮЗЭХ ЁСТОЙ"

"Түмэн шувуут" ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Болд:

-Евроазийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн асуудал өнгөрсөн долоо хоногоос олон нийтэд хүрч эхэллээ. Бизнес эрхлэгчид энэ талаар тодорхой мэдээлэлгүй, төр засгаас бидэнтэй зөвшилцөж, дуу хоолойг сонссонгүй. Ерөнхийдөө хүч түрсэн байдалтайгаар шууд хэрэгжүүлэх гэж байна. Мэдээж импортын татваргүй хямд бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд нийлүүлнэ гэж ярьж байгаа. Энэ нь нэг талаараа зөв ч нөгөө талаараа том хор уршигтай зүйл. Тухайлбал, Монголд дотоодын үйлдвэрлэгчид байгаль цаг уур, техник технологи, эдийн засгийн хувьд боломжгүй бараа бүтээгдэхүүний хувьд байж болох асуудал. Тухайлбал, банана болон өөр бусад Монголд тарих боломжгүй жимс жимсгэнэ ч юм уу.

Гэтэл монголчууд өөрсдөө үйлдвэрлэж чадаж байгаа, нийт хэрэгцээнийхээ 50-иас дээш хувийг хангаж буй салбарыг тусад нь авч үзэх ёстой.

Дотоодын үйлдвэрлэлийн өсөлт байхгүй болно. Одоогоос хоёр, гуравхан жилийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүнсний хувьсгал"-ыг зарлаж, гол нэрийн 19 бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байх ёстой гэж мэдэгдсэн. Засгийн газраас дэмжиж, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтын зээл авч эхнээсээ үр дүнгээ өгч байхад энэ ажлынхаа эсрэг юм яриад байна. Төр засгийн бодлого тогтвортой, тууштай байх ёстой. Цар тахлын үеэр бид хүнсээ өөрсдөө үйлдвэрлэх нь ямар чухал гэдгийг ойлгосон. Ер нь энэ хэлэлцээр Монгол Улсад ямар ч тохиолдолд алдагдалтай, ашигтай гадаад худалдаа хийх ямар ч боломжгүй.

"ТҮҮХИЙГ НЬ Ч МЭДЭХГҮЙ БАЙГУУЛЛАГАТАЙ ГЭРЭЭ ХИЙНЭ ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ"

Эдийн засагч Ч.Отгочулуу:

-Хэвлэлээс харахад, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан гэх Засгийн газар нь Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны “түр” гэрээ байгуулах гэж байгаа бололтой. Ингэх нь буруу. Нэгдүгээрт, одоогийн Засгийн газар бол Монгол Улсын түүхэнд байгаагүй ёс суртахуунгүй, зарчимгүй, нэр хүндгүй, муйхар мулгуу сайдуудаар дүүрсэн засаг юм. Төсвөө ч батлуулж чадахгүй, ийм бүтэлгүй Засгийн газарт улс эх орны тусгаар тогтнол, үндэсний эрх ашигтай холбоотой асуудлыг огт даалгаж болохгүй.

Хоёрт, сайд нарт нь нэгдсэн ойлголт огт алга. Эдийн засгийн сайд нь болохоор, өмнөх сайд, нутгийнх нь улстөрч эхлүүлсэн учир төрийн бодлогын залгамж халааны зарчмын үүднээс би үргэлжлүүлнэ гэж зүтгээд байгаа. Тийм биш. Буруу юмыг үргэлжлүүлэх нь зарчмын хувьд буруу. 2016 оны Засгийн газар АН-ын эхлүүлсэн маш олон зөв ажлуудыг зогсоосноороо эдийн засгийн хямрал авчирч байсан. Одоо энэ МАН-ын буруу зүйлийг үргэлжлүүлбэл гамшигт хүрнэ. За тэгээд, Сангийн сайд нь болохоор энэ яриа хэлэлцээ нь 20 дахь жилдээ үргэлжилж байна гэж УИХ дээр танилцуулж байна билээ. Гэтэл тус холбоо нь 2015 онд байгуулагдсан 10 дахь жилийнхээ нүүрээ үзэх гэж байна. Түүхийг нь ч мэдэхгүй байгууллагатай гэрээ хийнэ гэж юу байдаг юм. Нөгөө талаа судлах нь яриа хэлэлцээний алтан дүрэм шүү дээ. Гадаад хэргийн сайд нь болохоор энэ гэрээ нь манай улсад ашиггүй, эрсдэлтэй гэсэн судалгааны дүн танилцуулсан гээд байдаг. Ийм байдлаар ажил хийхгүй ээ.

Хоёрдугаарт, дэлхийн геополитикийн орчин жилээр биш, сараар биш, өдрөөр биш, бүр цагаар өөрчлөгдөж байна. ОХУ нь хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад тэс өөр байдалд байна. Дайтаж байгаа, хоригт орчихсон, эрс ядуурчихсан, ханш нь уначихсан, иргэд нь ядуураад, худалдан авах чадвар нь тэг заачихсан ийм улс болсон. Манайхаас юм худалдаж авах тэнхээ чадал байхгүй. Яах вэ цэрэг армиа тэжээх гэж мах авч магад. За тэр, арьс шир бол худлаа шүү. Эрэлт бараг байхгүй.

Гуравдугаарт, Казак ба Киргиз ахан дүүстэйгээ шууд худалдаа хийхийн тулд заавал Москвагаас зөвшөөрөл аваад байх шаардлага байхгүй. Азийн Хөгжлийн Банк зэрэг бусад гишүүнчлэл бүхий механизм энэ тэрээ ашиглаад өөр аргаар үзэж болно. Шууд хоёр талын яриа хэлэлцээг ч эхлүүлж болно. Ер нь баруун бүстээ нэг том агаарын тээврийн боомт байгуулчихсан байхад болохгүй юм байхгүй.

Дөрөвдүгээрт, Орос бараа чанаргүй, найдваргүй болсон. Сүүнийхээ үйлдвэрийн саванд дарга нар нь усанд ордог, хор шахуу мөхөөлдөс хийж Монголд нийлүүлдэг гээд оросууд өөрсдөө үзүүлээд, бичээд, шуугиад байна. Оросын рублийн ханш их унасан. Ингэхээр оросын экспортын бараа эрс хямдрах боломжтой. Өөрөөр хэлбэл, оросуудад ханшны маш том давуу байдал нэгэнт үүссэн. Манайд харин эсрэгээр. Төгрөг харьцангуй тогтвортой байна. Гэхдээ хэрэв доллар чангарвал манай экспортын бүтээгдэхүүний үнэ Орост их үнэтэй болно. Тэгэхээр өнөө худалдааны алдагдал маань өснө үү гэхээс буурахгүй.

Тавдугаарт, Монголын үндэсний үйлдвэрлэгч нар хаалгаа барьж, ажилгүйдэл өснө. Тэртээ тэргүй нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрэхэд ойрхон байхад ингэж гал нэмж шидэх нь үндэсний эрх ашигт харшилна.

"МОНГОЛ УЛС МАЛ, МАХНЫ ЭКСПОРТОО НЭМЭХ ХЭРЭГТЭЙ"

“Дельта холдинг” ХХК-ийн захирал У.Мөнхжаргал:

-Евроазийн чөлөөт худалдааны хэлэлцээрт зөвөөр нэгдсэн зөв л алхам болно. Буруу ажил эхлүүлбэл буруу л байна. Дотоодын үйлдвэрлэгчид гэхээр хэдхэн компани л байгаа. Тэрийгээ хамгаалаад, Монгол Улс махаа гаргаад байвал сайн л байна. Монгол Улсын малын тоо толгой нь өсөөд байдаг. Тиймээс махны экспортоо нэмэх хэрэгтэй. Дотоодын үйлдвэрлэгчид гаалийн тавхан хувийн татвар төлдөг. Тэр татварын хувь хэмжээг нь бариад явбал ямар ч асуудалгүй гэж бодож байна. Салбар яамнаас нь үйлдвэрлэгчидтэйгээ тулж ажиллахгүй байна. Монголчууд аливаа юмыг нарийвчилж авч үздэггүй нийтэд нь авч үзэж, сургаар ажлаа хийдэг.

Монголчууд одоо гурил, мах, ургамлын тос, хүнсний зарим төрлийн ногоо, өндөгөө үйлдвэрлэж байна. Бусдыг нь гадаадаас оруулж ирж, савлаж, баяжуулж байгаа. Эдгээр цөөн үйлдвэрлэлээ хамгаалах нь чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж