АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд арваннэгдүгээр сард 227 мянган ажлын байр шинээр нэмэгджээ. Хар салхи болон ажил хаялт зэрэг хүчин зүйлээс болоод аравдугаар сард ажлын байрны тоо буурсан ч өнгөрсөн сард сэргэсэн үзүүлэлттэй гарав. Хөдөлмөрийн статистикийн товчооноос гаргасан сүүлийн саруудын ерөнхий үзүүлэлтүүдээс харвал АНУ-ын хөдөлмөрийн зах зээл харьцангуй тогтвортой байна. Гэсэн ч ирээдүйд зах зээлийн үзүүлэлт бага зэрэг буурах хандлага ажиглагдаж буйг эдийн засагчид хэлж байна.
"Indeed"-ийн эдийн засагч Кори Стахле хэлэхдээ "Энэ бол холимог үзүүлэлт. Одоогоор байдал ерөнхийдөө эерэг чиглэлд байна" гэжээ.
Эдийн засагчид арваннэгдүгээр сард 200 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин 4.1 хувьтай хэвээр байна гэж таамаглаж байв. Учир нь аравдугаар сард АНУ-г ар араасаа цуварсан хар салхи дайрч, "Боинг" компанийн ажилчид ажил хаясан. Гэсэн ч арваннэгдүгээр сард ажлын байрны өсөлт таамагласнаас илүү байж, 4.1 бус 4.2 хувийн өсөлт үзүүллээ.
Ажилгүйчүүдийн тоо нэмэгдэх, ажилд ороход цаг хугацаа их зарцуулах болсон зэрэг нь компаниуд шинэ хүн ажилд авахаа багасгасны шинж. Баасан гаригт гаргасан хамгийн сүүлийн тайланг харвал ажил хайгсад дунджаар 23.7 долоо хоног буюу таван сараас дээш хугацаагаар ажилгүй байна. Энэ нь 2022 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн урт хугацаа болжээ.
"Хөдөлмөрийн зах зээлд эрүүл бус чиг хандлага ноёлж байгаа мэт боловч урт хугацаандаа эрүүл байна. Бидний харж буй зүйл бол К хэлбэрийн хоёрдмол байдал. Та ажилтай бол сайн байна, гэхдээ ажилгүй бол маш хэцүү байна гэсэн үг юм" гэж АНУ-ын Боловсон хүчний холбооны ахлах эдийн засагч Ноа Йосиф хэлжээ.
К хэлбэрийн хоёрдмол байдал гэдгийг шууд утгаар нь К үсгээр ойлгож болно. Өөрөөр хэлбэл, дээш чиглэсэн зураас нь ажилтай байгаа хүмүүсийг төлөөлөх бол доош чиглэл нь ажилгүй, хүнд байдалд байгаа хүмүүсийг төлөөлөх юм. Энэ нэр томъёо нь эдийн засгийн өргөн хүрээний нөхцөл байдал хүн амын янз бүрийн давхаргад тэгш бус нөлөөлж буйг онцолно.
Өнгөрсөн сарын ажлын байрны өсөлтийн дийлэнх хувийг эрүүл мэнд, засгийн газар, амралт зугаалга, зочлох үйлчилгээний салбарууд эзлэв. Өнгөрсөн жилийн ерөнхий дүнгээр ч бас тийм байжээ. Гэхдээ ерөнхий дүнгээр нь харвал бүх төрлийн ажлын байр өсөлт сайтай байв.
Үйлдвэрлэлийн салбарт 26 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, сүүлийн хэдэн сард байгаагүй хамгийн өндөр өсөлтийг үзүүлэв. Гэхдээ үүний цаана "Боинг"-ийн ажилтнууд ажилдаа эргэн орсон гэх томоохон шалтгаан байх магадлалтай.
Харин жижиглэн худалдааны салбар 28 мянган ажлын байраа алджээ. Уг нь бол арваннэгдүгээр сард талархлын баяр, аймшгийн баяр, хар Баасан гариг гээд тэмдэглэлт баяр ёслол цөөнгүй таардаг. Гэтэл салбарын дүн уналттай гарсан нь дараах хоёр шалтгаантай гэж Эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн ахлах эдийн засагч Элиз Гоулд тайлбарлав. Нэгдүгээрт, худалдааны томоохон арга хэмжээ болох талархлын баяр болон хар Баасан гариг нь сарын сүүлээр болсон тул нөлөөлөл нь ажлын байрны тайланд хараахан харагдахгүй байж болно. Хоёрдугаарт, улирлын өөрчлөлтийн хүчин зүйлс нөлөөлсөн байх магадлалтай.
Тэгвэл өнгөрсөн сард цалингийн өсөлт хүлээлтээс давж, 0.4 хувьтай гарчээ. Харин жилийн өсөлт нь дөрвөн хувьтай байна.
Covid-19 цар тахлын үед хөдөлмөрийн зах зээлд янз бүрийн гажуудал цөөнгүй илэрсэн. Үүнд, хөл хорионоос үүдэлтэй ажилгүйдэл, хязгаарлалтуудыг цуцалсны дараах сэргэлт, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, зайнаас ажиллах хэв маяг, засгийн газрын урамшуулал, ажилгүйдлийн тэтгэмж зэргээс улбаатай хэрэглээний зардлын өсөлт зэрэг багтана. Мөн зарим салбарт ажилчдын хомсдол үүссэнээр цалингийн өсөлтийг дагуулсан. Эдийн засаг хэвийн болохын хэрээр эдгээр нөлөөллийн ихэнх нь бүдгэрэн алга болсон ч цалингийн өсөлт хэвээрээ байгааг "JPMorgan Wealth Management"-ын Хөрөнгө оруулалтын стратегийн дарга Элизе Аусенбау тайлбарлав.
Цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор Элизе Аусенбау хоёр зүйлийг онцлон тэмдэглэхийг хүсчээ. Нэгдүгээрт, цалингийн нэмэгдэл нь хүмүүст инфляциас үүдэлтэй өсөн нэмэгдэж буй зардлыг даван туулахад нь туслахын зэрэгцээ санхүүгийн хувьд итгэлтэй байх боломжийг олгож байна. Хоёрдугаарт, цалингийн нэмэгдэл Холбооны нөөцийн сангийн стратегийг өөрчлөхүйц хэмжээнд арай ч хүрээгүй аж.
Энэ оны 1-11 дүгээр сарын хооронд АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд сард дунджаар 180,363 ажлын байр нэмэгджээ. Дээр дурдсан 227 мянган ажлын байр нь зөвхөн арваннэгдүгээр сарын үзүүлэлт болохыг анхаарна уу. Он гарснаас хойших сарын дундаж өсөлт нь цар тахлын дараах сэргэлтийн үеийнхээс хамаагүй бага байгаа аж. Гэхдээ 2010-2019 онд ажиглагдаж байсан үзүүлэлттэй дөхөж байна.
АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийг яг одоо л түүхэнд тэмдэглэн үлдээгүүштэй байгаа аж. Тодруулбал, арваннэгдүгээр сарын өсөлтийг хамруулан тооцвол АНУ-д 47 сар дараалан ажлын байр нэмэгджээ. Энэ нь ийм урт хугацаагаар ажлын байр тогтвортой нэмэгдсэн гурав дахь үе болж байна.
Байгууллагууд ажилтнаа халах нь бага байгаа ч ажилгүйдэл нэмэгдсээр байгаа аж. Энэ цаг мөч бол 2021 оноос хойш анх удаа ажилгүйдлийн түвшин зургаан сар дараалан дөрвөн хувиас дээш гараад буй үе юм.
Мэдээж АНУ-ын эдийн засагт хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал маш чухал. Ажлын байрны өсөлт удаашралтай байгаа нь түр зуурын уналт уу, эсвэл илүү том асуудлын шинж тэмдэг үү. Энэ нь бодлогын хүүг тохируулах гэх мэт эдийн засгийн чухал шийдвэрүүдийг гаргахтай холбоотой асуудал юм.
21 2024-12-10 202.126.89.143
BIDEND s** PADI BAIHGUI
Нэргүй 2024-12-10 122.201.31.63
Стахле… Кккк Штале гэж дууддаг юмаа ийм нэрийг. Стахле байхдаа яах вэ дээ