Монголын дипломат албыг арын хаалганыхан дампууруулж байгааг судлаачид анхааруулсаар ирсэн ч үл тоож, дуучин, тэмцэгч, аялагч, яллагдагч гэхчлэн мэргэжлийн бус хүмүүсийг томилсоор ирсэн нь гадаад харилцааны үнэлэмжийг унагаад зогсохгүй хүний нөөцийн хомсдолд оруулж эхэлжээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дипломат алба хүний нөөцийн хомсдолд орж эхэлсэн шалтгааныг цалин хөлс тааруугаас болж байна гэж тайлбарлаж буй ч учир мэдэх хүмүүс “Мэргэжлийн бус томилгоо дипломат албыг үнэгүйдүүлж, хүний нөөцийн хомсдолд оруулсан” гэж үзэж байна.
Үнэндээ ч өнгөрсөн хугацаанд хийсэн Элчин сайд, зөвлөх, консулын томилгоо нь нүүр байтугайг нь улайлгасан жишээ олон. Тухайлбал, гадаад харилцааны талаар А –ч үгүй, хар ярианы халтар хултар англи хэлтэй, дэлхийгээр аялагч нөхрийг Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар томилж байсан бол ташууртай тавын нэг Ж.Батзандан Австралид суух Элчин сайдын зөвлөх болсон.
Монгол Улсын гавьяат, дуучин, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Эрдэнэбатыг Монгол Улсаас Бүгд найрамдах Киргиз улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилсон.
Хамтарсан Засгийн газар байгуулагдаад ч дипломат албаны томилгоо дээрдээгүй.
Төрийн дээр нам сандайлсны жишээ болж, “өгзөг” Д.Одбаярыг МАН-аас санал болгон Хонкгонгт суух ерөнхий консулаар томилсон бол Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Жадамбааг БНСУ-ын Бусан хотод суух ерөнхий консулаар, ХҮН намын Л.Лхагвадоржийг Эрээн хотод суух консулаар тус, тус томилох шийдвэрийг гаргаад буй.
Айлын талтай зөвшилцөж байна гэх тайлбарыг Гадаад харилцааны сайд өгч буй ч Авлигатай тэмцэх газарт шалгагдан яллагдагчаар татагдсан байсан албан тушаалтныг Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайдаар томилж чаддаг бүдүүн зүрхтэй хүмүүст энэ зэргийн томилгоог бол саадгүй явуулах нь ойлгомжтой.
Уг нь бол Дипломат албаны тухай хуульд “Дипломат албан тушаалд томилогдох иргэн нь олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, дадлага туршлагатай, дээд боловсролтой, хоёр буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн байх бөгөөд нэг нь түгээмэл гадаад хэл байна” гэж заасан байдаг.
Гэвч Монголд хууль хэрэгжих биш цаасан дээр хараар бичигдсэн хууль нь тунхаг төдий л юм.
Тиймдээ ч дипломат алба нь нам дагасан хэнээтнүүдийг шагнадаг албан тушаал болж хувирсны зэрэгцээ зарим нэгийнх нь хувьд тэтгэвэртээ суухын өмнө зайлшгүй очиж амардаг “сувилал” нь шахуу болж хувираад буй. Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшин, Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайдаар Н.Энхболд нар ажиллаж байна. Хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглалд насаараа ажилласан тул улс төрийн туршлагаараа Элчин сайдын албыг аваад явдаг юм аа гэхэд тэднээс илүү хэлний өндөр боловсролтой, салбартаа доод шатнаас нь эхлээд ажилласан залууст энэ боломжийг олгодоггүй нь харамсалтай. Шан харамж өгөх ёстой юу, аль эсвэл нам дагаж далдагнаж харайлгаж явах ёстой юу. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, 3-4 хэлтэй, дипломат албанд мэргэшсэн залууст карьераа ахиулах сонирхол бий ч арын хаалганыхнаас болоод дээшээ гарч чаддаггүй.
Гэтэл өвөө нар нь намын шахаа эсвэл улстөрчдийн захилгаар ирээд тодроод томроод суучихдаг. Үг сөрвөл ажилгүй л болно. Тэд улс эх орныхоо эрх ашгийн төлөө, гадаад дахь иргэдийнхээ төлөө зүтгээд байгаа юм байхгүй. Хов хутгана, хувийн бизнесээ өөд татна.
Томилогдсон орныхоо хэл ус, соёл, улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг гадарлах нь битгий хэл ганц ханз ч мэдэхгүй хэрнээ дипломат албанд суудал бөглөөд сууж байх жишээний. Гэтэл гадаад орнуудын дипломат албанд жинхэнэ мэргэжлийн хүмүүс нь томилогддог. Өдөр тутмын хийж буй ажлынх нь 80 хувь улсынхаа тусгай албанд хэрэгцээтэй мэдээллийг цуглуулахад чиглэдэг.
Харамсалтай нь, хэл ч үгүй, мэдлэг ч үгүй нам л дагасан улсууд дипломат албанд томилогдоод очихоор хийдэг ч ажил үгүй. Цаана нь ажиллаж байгаа мэргэжлийн цөөхөн хүмүүсийнхээ л мах, шүүсийг нь зулгааж, тамлахаас цаашгүй.
Ийм байхад Монголын гадаад харилцаа сэргэж байна, бүх талаар хөгжиж байна гэж худлаа PR-дах хэрэггүй. Арын хаалганыхнаас болж, мэргэжлийн хүмүүс нь дайжиж, эцэстээ дипломат алба хүчгүйдэж байна.
Цалин мөнгө бага байгаа нь анхаарах асуудал хэдий ч түүнээс дутахгүй авч үзэх ёстой асуудал нь дипломат албаа мэргэжлийн байлгах талд анхаарахгүй бол нэг л мэдэхэд нам, намын тавиул, тэтгэврийн хэдэн буурлууд л Монголын алтан аргамжийг “аргалдаг” болчихсон суух вий дээ.
Дэлхийн улс төрийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, олон улсын геоулстөрийн байдал ширүүсч буй энэ цаг үед мэргэжлийн хүмүүсийнхээ мэдлэг, ур чадварт түшиглэж, Монголын гадаад улс төр, аюулгүй байдлыг аргамжина.
Г.ХОРОЛ
3,548.92





















































Холбоотой мэдээ