Сурвалжлага: Нэр дэвшигчид 93 тэрбум төгрөгийг сонгуульд зарцуулжээ

Сурвалжлага: Нэр дэвшигчид 93 тэрбум төгрөгийг сонгуульд зарцуулжээ

Сурвалжлага: Нэр дэвшигчид 93 тэрбум төгрөгийг сонгуульд зарцуулжээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн эргэн тойронд юу болсон, сонгуулийн хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж, хяналт тавих процесс хэрхэн өрнөснийг баримтаар харуулсан "Дата эрх чөлөө: Сонгууль 2024” үзэсгэлэн өчигдөр /2024.12.09/ "Blue Mon"-ы Norphei Art Gallery-д нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд дэлгэгдсэн самбаруудад 2024 оны УИХ-ын сонгуультай холбоотой тоо, баримтыг харуулжээ. Тус үзэсгэлэнгийн бүтээлүүдийг Тунгаахуй өгөгдлийн урлан бүтээсэн аж.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлснээр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчийн тоо 2.2 сая орчим байжээ. Үүний 48 хувь нь эрэгтэй, 52 хувь нь эмэгтэй сонгогч.

Сонгуулийн үр дүнд хамгийн чухал нөлөө үзүүлдэг хүчин зүйл бол сонгогчдын ирц. Харин ирцэд иргэдийн харьяалал, оршин суугаа газраасаа шалтгаалан санал өгөх боломжгүй байдал нөлөөлдөг.

ХУРУУНЫ ХЭЭ АШИГЛАН ХҮССЭН ГАЗРААСАА СОНГУУЛЬ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл сургалт, судалгааны төвийн дарга Т.Гүенбаатар "Энэ жил анх удаа УИХ-ын 126 гишүүнийг сонгосон онцлог сонгууль болж өндөрлөлөө. Энэ хүрээнд хуулийн шинэчлэлт хийн томсгосон тойргоор санал хураалаа. Иргэдийн хувьд хоёр төрлийн саналын хуудас бөглөх гэх мэт хүндрэлтэй, шинэ асуудлуудтай тулгарсан. Гэхдээ нарийн төлөвлөж ажилласны хүчинд сонгуулийн ард гарч чадсан. Түүнчлэн энэ жил e-election гэх сонгуультай холбоотой бүх төрлийн мэдээллийг агуулсан мэдээллийн сантай болсон. Үүн дээр үндэслэн өнөөдрийн үзэсгэлэнг зохион байгуулж байна. Иргэдийн хувьд сонгуультай холбоотой мэдлэгээ нэмэгдүүлэх нь хамгийн чухал. Сонгуулийн ерөнхий хороо хараат бус ажилладаг. Есөн гишүүнийг төрөөс сонгодог. Үлдсэн хүмүүс ямар нэгэн намын харьяалалгүй байдаг. Иргэд байгаа газраасаа хурууны хээгээ ашиглан санал өгөх нь технологийн хувьд боломжтой. Гэхдээ эргээд сонгогчдыг нэр дэвшигчид ашиглах боломж өндөр байдаг. Тиймээс одоогоор энэ талаар тусгасан зүйл байхгүй" гэв.

Бодлогод залуусын хяналт ТББ-ын санаачилгаар Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр 2021 оноос "Дата эрх чөлөө" үзэсгэлэнг зохион байгуулж буй бөгөөд энэ жил дөрөв дэх удаагаа УИХ-ын сонгуулийн явцыг дэлгэн танилцуулж байгаа юм. Үзэсгэлэнгээр 2024 оны УИХ-ын сонгуулийн эргэн тойрныг хамарсан, тэдгээрийн онцлох датануудыг сонгон, танилцуулахаар бэлтгэсэн бөгөөд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үйл явцад оролцсон төр болон төрийн бус талуудын цуглуулсан мэдээллүүд аж.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 "Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ" гэж заасан байдаг. Үүний дагуу дээрх зурагт үзүүлснээр УИХ-ын 2024 оны сонгуульд 18 нам, эвэл 14.9 тэрбум төгрөг, 820 нэр дэвшигч нийт  93.6 тэрбум төгрөгийг сонгуулийн кампанит ажилд зарцуулжээ.

СОНГУУЛИЙН ИРГЭНИЙ НИЙГМИЙН АЖИГЛАЛТЫГ ДЭМЖИН 12.9 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ЦУГЛАЖЭЭ

Энэ удаагийн сонгуулиар иргэний нийгмийн нийт 240 сайн дурын ажиглагч 2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах үйл явц болон хяналтын тооллого хийх хэсгийн хороодыг сонгох, тооллогыг хийх үйл явц Сонгуулийн тухай хуулийн дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьж ажилласан аж. Ажиглалт Улаанбаатарын 100 хэсгийн хороо, 11 аймагт 12 хэсэгт нийт 112 хороог хамарсан бөгөөд тус ажилд зориулан нийт 11 байгууллага, 80 хувь хүнээс 12.9 сая төгрөгийн хандив цуглажээ. Тооцож үзвэл нэг хэсгийн хороонд дунджаар 270 мянган төгрөгийн тусламж үзүүлсэн байна.

АТГ: ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛҮҮЛСЭН МӨНГИЙГ САЙН ҮЙЛСЭД ЗАРЦУУЛДАГ 

Авлигатай тэмцэх газрын, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн "2023 оны байдлаар нийт 238.7 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлэн ажилласан байна. Шалган, шийдвэрлэсэн хэргүүд 2016 оноос хойш огцом өсөлттэй явж байгаа. Мөн 2021-2022 онд гадаад улсаас нийтдээ 12.2 сая ам.долларын хөрөнгийг буцаан авч улсын орлого болгосон. Эдгээр хөрөнгийг эргээд юунд зарцуулдаг вэ гэх асуулт гарч ирдэг. Хамгийн сүүлд гэхэд бид Эрдэнэт хотод байрладаг хүүхдийн асрамжийн газарт хандив, тусламж үзүүлсэн. Харин цаашид эдгээр хөрөнгийг захиран зарцуулах ажлыг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллаж байна".

Түүнчлэн Авлигатай тэмцэх газраас УИХ-ын 2024 оны сонгуульд сонгогдсон гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулжээ. Тус мэдээлэлд тусгагдсанаар УИХ-ын гишүүн Ч.Номин хөрөнгөөрөө тэргүүлсэн бол УИХ-ын гишүүн Б.Батбаатар сүүл мушгисан байна.

1992 оноос хойш хамгийн олон буюу 520 эмэгтэй нэр дэвшигч УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдсөн байна. Нийт нэр дэвшигчдийг авч үзвэл тойрогт 969, жагсаалтаар 372 нэр дэвшигч сонгуульд нэр дэвшжээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-10 202.131.234.123

энэ мөнгөө авах гээд мөнгөө баталж авах гээд зүтгүүлж байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж