АНУ-ын Сангийн яам ОХУ-ын Газпромбанкинд өнгөрсөн сарын сүүлээр хориг арга хэмжээ авсан. Хориг арга хэмжээний хүрээнд Газпромбанк нь АНУ-ын санхүүгийн системтэй ямар нэгэн байдлаар холбоотой эрчим хүчний шинэ хэлцэл, гүйлгээг боловсруулах эрхгүй болно. Мөн АНУ дахь хөрөнгийг нь царцаах юм.
Монгол Улсын нефтийн төлбөрийн бараг 80 хувь нь тус банкаар явдаг. Тиймээс Сангийн яамны зүгээс яаралтай арга хэмжээ авч, АНУ-ын Сангийн яамтай холбогдон Монголоос хийж буй нефтийн төлбөрүүд үүнд хамаарахгүй гэх "COMFORT LETTER" буюу ногоон гарцыг АНУ-ын Сангийн яамнаас баталгаажуулж авсан билээ. Тус баталгаажуулалтын захидалд "АНУ-ын бус санхүүгийн байгууллагууд энэ хориг арга хэмжээнд өртөх эрсдэлд орохгүй" гэдгийг дурдсан байсан.
Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнгөрсөн долоо хоногт гадаадын орнууд Оросын байгалийн хийг худалдан авахдаа Газпромбанкаар төлбөрөө хийх ёстой гэх зарлигаа цуцалжээ.
Орос, Украины дайн дөнгөж эхэлсний дараахан Путин найрсаг бус харилцаатай орнуудыг Оросын хийн төлбөрийг рублиэр төлөхийг үүрэг болгосон билээ. Энэ шаардлагын дагуу худалдан авагчид "Газпром"-ын санхүүгийн салбарт тусгай данс нээлгэх ёстой болсон. Тэгвэл шинэчилсэн зарлигийн дагуу гадаадын худалдан авагчид төлбөрөө бусад банкаар хийх боломжтой болжээ. Барууны орнуудын хориг цуцлагдах хүртэл энэ тогтоол үйлчлэх аж.
Путины мэдэгдлээс хэдхэн цагийн дараа Газпромбанк дахин мэдэгдэл хийжээ. Ингэхдээ "Газпромбанк байгалийн хийн төлбөр хийх цорын ганц эрх бүхий банк хэвээр байгаа. Гэхдээ байгалийн хийн төлбөрийн зорилгоор гадаад валютыг рубль болгон хөрвүүлэхэд гадаадын худалдан авагчдад туслахаа больж байна. Гадаадын худалдан авагчид Оросын нийлүүлэгчийн Газпромбанк дахь рублийн дансанд төлбөрөө рублиэр хийсэн тохиолдолд л үүргээ биелүүлсэн гэж үзнэ" гэжээ.
Ерөнхийлөгч Путины зарлигийг энд, Газпромбанкны мэдэгдлийг энд дарж уншина уу.
Нэргүй 2024-12-09 66.181.178.125
пүтлер гөлөг шаажинадаа