АНУ-ын реппер Jay-Z 2000 онд Шон "Дидди" Комбстой хамтран нэгэн үдэшлэгийн үеэр 13 настай охинд мансууруулах бодис өгч, хүчирхийлсэн гэх хэрэгт холбогджээ. Нэрээ нууцалсан хохирогч нэхэмжлэлдээ, Jay-Z-тэй анх Нью-Йоркт болсон "MTV Video Music Awards" (VMA) наадмын дараах үдэшлэг дээр танилцсан бөгөөд хүчирхийлэл болох үед тэдэнтэй хамт нэрийг нь хэлж болохгүй эмэгтэй алдартан өрөөнд цуг байсан гэжээ. Жинхэнэ нэр нь Шон Картер болох Jay-Z үүнийг "шантаажлах оролдлого" гэж буруутган, нэхэмжлэлийг няцаасан байв.
Түүнчлэн есдүгээр сард бэлгийн наймаа, хүчирхийлэл зэрэг хэд хэдэн гэмт хэрэгт буруутгагдаж, шоронд хоригдож буй Дидди 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэгт ямар ч холбоогүй гэж мэдэгджээ.
Нэхэмжлэлийг анх аравдугаар сард гаргасан бөгөөд Бямба гаригт /2024.12.08/ реппер Jay-Z-г яллагдагчаар татахын тулд дахин нэхэмжлэл гаргасан байна. Тодруулбал, Техас мужийн хуульч Тони Базби Нью-Йоркийн Жендерт суурилсан хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах тухай хуулийн дагуу дахин нэхэмжлэл гаргасан аж. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Диддигийн хохирогчдыг төлөөлж шүүхэд хандсан бөгөөд ирэх оны тавдугаар сарын 5-нд эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд гар бие оролцох юм. Jay-Z цахим хуудсаараа дамжуулан "Тони Базби гэх шантаажны хуульчаас миний өмгөөлөгч шаардах бичиг хүлээн авсан" гэж мэдэгджээ. Мөн "Түүний тооцоолсноор одоо болж буй нөхцөл байдлаас үүдсэн олон нийтийн бухимдлаас би эмээж, хүссэн зүйлийг нь хийнэ. Үгүй шүү эрхмээ. Бүх зүйл эсрэгээрээ байх болно. Энэ бүхэн чиний хэн болох, ямар луйварчин хуульч болохыг чинь олон нийтэд таниулах эрмэлзлийг минь улам бүр нэмэгдүүлж байна. Тиймээс үгүй. Би чамд ганц улаан зоос ч өгөхгүй" гэжээ.
Jay-Z-г хүчингийн хэрэгт холбосон нэхэмжлэлийн талаар Диддигийн өмгөөлөгчид мэдэгдэхдээ, "Комбсын талаар худал мэдээлэл тараасантай адил бусад алдартнуудаас мөнгө салгах гэсэн зорилготой ичгүүр сонжуургүй үйлдлүүдийн нэг юм" гэсэн байна. Мөн шүүхэд ирсэн хохирогчдын нэхэмжлэл нь бүгд худал бөгөөд шүүх хурлын үеэр Диддиг гэм буруугүй болохыг харуулах болно гэж онцолсон байжээ.
Дашрамд дурдахад, Диддиг шоронд хорих болсон хэргүүд дээр 30 нэхэмжлэл шинээр нэмэгдсэн байна.
Уг нэрээ нууцалсан эмэгтэйг "Жэйн Доу" гэж нэрлэсэн бөгөөд тэрбээр нэхэмжлэлдээ, 2000 онд 13 настай байхад найз нь түүнийг Манхэттен дэх Радио хотын хөгжмийн танхимд болж буй "VMA" дээр хүргэж өгчээ. Дараа нь шоуг үзэхийн тулд лимузин жолооч нараас тусламж хүссэн. Гэтэл жолооч нарын нэг нь түүнийг "Диддигийн хайдаг төрлийн охин байна" гэж хэлээд, репперийн хувийн өмчид болж буй үдэшлэгт явахыг санал болгожээ. Улмаар Жэйн Доу зөвшөөрч, нууц задруулахгүй байх гэрээнд хүчээр гарын үсэг зурсан байна. Үдэшлэгт маш олон алдартнууд байсан бөгөөд тэд мансууруулах бодис, хар тамхи их хэмжээгээр хэрэглэж байсан аж. Дараа нь зөөгч түүнд уух зүйл санал болгосноор ухаан санаа нь самуурч, толгой нь хүчтэй өвдөж байсан тул ойролцоох өрөөнд хэвтэхээр орсон байна. Төд удалгүй Жэйн Доугийн хэвтэж байсан өрөөнд Дидди, Jay-Z нар нэгэн алдартай эмэгтэйтэй хамт орж ирснээр хүчирхийллийн хохирогч болжээ.
Жэйн Доугийн мэдэгдсэнээр, хүчирхийлүүлж байхад нь тухайн эмэгтэй алдартан тэднийг хараад, инээж байсан аж.
Өмгөөлөгч Базби уг хэргийг Диддигийн эсрэг ашиглахаа мэдэгдэж, хохирогчид олон жилийн турш сэтгэл санааны хямралаас болж аз жаргалгүй амьдарсан гэв. Jay-Z-гийн хувьд дуучин Beyoncé-тэй гэр бүр болж, гурван хүүхдийн аав ээж болцгоосон тул Жэйн Доугийн нэхэмжлэлийг үгүйсгэн, "Би гэр бүлийнхэндээ хамгийн их санаа зовж байна. Эхнэр бид хоёр хүүхдүүддээ хүмүүсийн харгис, шунахай байдлыг тайлбарлах боллоо" гэж мэдэгджээ.
Холбоотой мэдээ