Гадаад харилцааны яамны дэргэдэх “Эмэгтэйчүүдийн дипломат клуб”-ийн гишүүд өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзаж, Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдохын зэрэгцээ Гадаад харилцааны сайдаар дахин томилогдсонд баяр хүргэлээ.
Өнөө цагийн дипломат эмэгтэйчүүдийн төлөөлөл бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллаж, феминист гадаад бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр бодитой ажлууд хийж, нийгэмд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах, дэлхийн тавцанд монгол эмэгтэйчүүдийнхээ дүү хоолойг хүргэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, манлайлан оролцож байгааг сайшаан дэмжиж байдгаа ахмад дипломатууд онцлов.
Тухайлбал Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, Дэлхийн эмэгтэйчүүдийн форум зэрэг дэлхийн нийтийн анхаарлыг татсан томоохон арга хэмжээг санаачлан эх орондоо амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлэв.
“Эмэгтэйчүүдийн дипломат клуб” нь үйл ажиллагаагаа явуулаад тасралтгүй 26 жил болж байгаа бөгөөд цаашид зохион байгуулах, хийж хэрэгжүүлэх ажлуудаа энэ үеэр Гадаад харилцааны сайдад танилцуулж, санал бодлоо солилцлоо.
Элчин сайдын яамдтай хамтран жил бүр зохион байгуулдаг “Сайн санааны үйлс” олон улсын өдөрлөг болон НҮБ-аас баталсан дэлхийн эмэгтэй дипломатчдын өдрийг үр бүтээлтэй зохион байгуулах талаар ярилцав.
Сайд Б.Батцэцэг “Эмэгтэйчүүдийн дипломат клуб”-ийн үйл ажиллагааг тогтмол идэвхтэй авч явж, клубийн үйл ажиллагаагаар дамжуулан нийгэмд сайн сайхан зүйл түгээхэд, хичээл зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажиллаж байгаа ахмад дипломатууддаа талархаж байгаагаа илэрхийллээ.
Холбоотой мэдээ