Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтоо өчигдөр/2024.12.08/ Хонг Конгийн эсрэг хийлээ. Монг Кок цэнгэлдэхэд болсон тус тоглолтод талбайн эзэн Хонг Конгийн баг 3-0 гэсэн харьцаатай хожив. Эхний гоолыг нэгдүгээр үеийн 24 дэх минутад Эвертон Камарго оруулсан бол үүнээс 11 минутын дараа Вон Вай тооны харьцааг 2-0 болгожээ. Харин хоёрдугаар үед Николас Бенавидес багийнхаа гурав дахь гоолыг оруулж, хожлоо бататгасан аж. Монголын шигшээ багаас хаалгач Х.Цэнгүүн сайн тоглолтыг үзүүлж, эсрэг багийнхаа олон аюултай довтолгоог зогсоосон гэнэ.
Монголын шигшээ баг дараагийн тоглолтоо арванхоёрдугаар сарын 11-нд Тайванийн эсрэг хийнэ. Багийн ахлах дасгалжуулагчаар Б.Гарьдмагнай ажиллаж байна.

Монголын шигшээ баг хамгийн сүүлд есдүгээр сарын 10-ны өдөр 2027 оны Азийн аваргын урьдчилсан шатны эрхийн төлөө Улаанбаатар хотноо Зүүн Тиморын эсрэг тоглож, 2-0 гэсэн харьцаатай хожсон. Харамсалтай нь өмнөх тоглолтдоо Зүүн Тиморт 1-4 гэсэн харьцаатай хожигдсон учир хоёр тоглолтын нийлбэр дүн 3-4 гэсэн харьцаатай тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Монголын шигшээ баг Хонг Конгийн эсрэг албан ёсны дөрвөн тоглолт хийж байсан ч нэг ч хожиж үзсэнгүй. Харин Тайванийн эсрэг таван тоглохдоо нэг тэнцэж, дөрөв хожигдсон түүхтэй.

3,569.17






















































Холбоотой мэдээ