Австралийн брейк бүжигчин Рэйчел Ганны Парисын олимп хүрсэн замналын талаарх пароди мюзиклыг түүний хуулийн багийнхан болиулжээ. ‘Raygun: The Musical’ нэртэй уг мюзиклыг Австралийн комедиан Стэф Броадбриж бүтээж байсан. Мөн Стэф Броадбриж өөрөө мюзиклд тоглох байв.
Анхны шоуг Сиднейн Дарлингхөрст дахь Кинселаст Бямба гаригт үзүүлэх ёстой байсан ч хуульчдаас мэдэгдэл ирснээр цуцлахад хүрсэн байна. Хуульчдын баг мэдэгдэлдээ тэдгээр бүжгийн хөдөлгөөн нь Олимпийн тамирчны өөрийнх нь өмч гэжээ. Рэйчел Ганны хууль эрх зүй, менежментийн багийнхан түүний оюуны өмчийг хамгаалж, брэндийг нь хүчирхэг, хүндэтгэлтэй хэвээр нь хадгалахыг хичээж байгаа гэв.
Олимпийн наадмын үеэр Рэйганы үзүүлсэн ус шүршилт, имжний үсрэлт гэх мэт уламжлалт бус зарим хөдөлгөөн цахим орчинд ихээхэн шуугиан тарьсан билээ.
Энэ талаар Стэф Броадбриж инстаграмдаа мэдэгдэхдээ "Намайг бүр төөрөлдүүлчихлээ. Миний бодлоор энэ чинь Олимпийн наадмын түвшний бүжиг шүү дээ. Албан ёсны брэйк бүжгийн сургалт авахгүйгээр би үүнийг хийж чадна гэж үү? Рэйганы хуулийн багийнхан намайг түүний брэндийг гутаачихна гэж санаа зовоод байна. Би хэзээ ч тэгэхгүй" гэжээ. Мөн тэрбээр удахгүй шоугаа дахин хийхээр төлөвлөж буйгаа мэдэгдэв.
Анхны шоуг үзэх ёстой байсан хүмүүс тасалбарт төлсөн 10 ам.доллараа эргүүлэн авах аж.
Рэйган зуны Олимпийн наадмын шүүгчдээс нэг ч оноо аваагүй. Түүний үзүүлбэр олон нийтийн дунд санал зөрөлдөөнийг үүсгэсэн юм. Тэрбээр Олимпийн наадмын дараа карьераа үргэлжлүүлэхээр төлөвлөж байсан ч сэтгэлээр унасан тул зодог тайлахаар болсноо арваннэгдүгээр сард мэдэгдсэн.
Холбоотой мэдээ