"Монгол голланд өвчин туссан нь улам хүндэрчихээд байна"

"Монгол голланд өвчин туссан нь улам хүндэрчихээд байна"

"Монгол голланд өвчин туссан нь улам хүндэрчихээд байна"

УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл/ТТБЗ/-ийн дарга, эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэн өнгөрсөн 30 гаруй жилийн түүхэнд анх удаагаа төсвөө хоёр дахь удаагаа УИХ-аар хэлэлцүүлж байна. Та үүний шалтгааныг юу гэж харж байна? 

-Өнгөрсөн жил энэ оны буюу 2024 оны улсын төсвийг 27 их наяд төгрөг байхаар баталсан. Ингээд сонгуулийн дараа буюу наймдугаар сард төсөвт тодотгол оруулж 30 их наяд төгрөгт хүргэсэн. Тодотгол оруулснаас хэдхэн хоногийн дараа 2025 оны төсвийг өргөн барихдаа зарлагын хэмжээг 35.8 их наяд төгрөг байхаар тооцож оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, жил хүрэхгүй хугацаанд төсөв 27- 35 их наяд төгрөгт хүрч 8 их наядаар өссөн. Төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 37-38 орчим хувьд хүрч өссөн. Төсвийн зарлагын хувь хэмжээг аваад үзэхээр үнэхээр ингэж их өсгөх шаардлага байсан уу гэдэг асуулт гарч ирнэ. Үндсэндээ 2023 оны нөхцөл байдлыг аваад үзэхээр Монгол Улс жилдээ 25 орчим их наяд төгрөгөөр үйл ажиллагаагаа хэвийн явуулаад болж байсан байна. Гэтэл нэг жил хүрэхгүй хугацаанд төсвийг 40 гаруй хувиар тэлэх тийм айхтар эрэлт хэрэгцээ Монголын эдийн засагт байхгүй.

Гэтэл юунд итгэж найдаж төсвөө 40 орчим хувиар тэлсэн тооцоолол оруулж ирээд байна гэхээр уул уурхайгаас олж байгаа түүхий эдийн экспортоос олж байгаа орлогодоо л найдсан гэсэн үг.

Тухайлбал, энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 74 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ орлогыг цаашид байнга орж орж ирж байх юм шиг төсөөлөөд, төөрөлдөөд байна. Ийм төөрөгдөлтэй байгаа учраас уул уурхайгаас тэр дундаа нүүрснээс  орж ирж байгаа мөнгөө  хаашаа хийх вэ гэсэн асуудал үүсээд байна. Эндээс бидний зовлон эхэлж байгаа юм. Хэрвээ нүүрснээс орж ирэх орлого байхгүй байсан бол зарлага талаасаа, эрэлт хэрэгцээ талаасаа төсвөө айхтар тэлэх шаардлага байхгүй. Улсад мөнгө, орлого байхгүй байсан бол төсвийн байгууллагууд учир зүггүй ажил хийх мөнгө дутаад байна гээд суухгүй. Гэтэл өнгөрсөн хугацааны үр дүнг аваад үзвэл төсвийн, төрийн байгууллагуудад мөнгө дутсан зүйл байхгүй. Харин ч улам үрэлгэн болж байна. Энэ талаар эхний төсөв өргөн бариад хэлэлцүүлж байх хугацаанд УИХ-ын гишүүд хангалттай ярьсан.  Төсвийн байгууллагууд үрэлгэн байна, ашигтай бус алдагдалтай ажилладаг төрийн өмчит үйлдвэрийн газрууд олон байна гэх мэт. Уг асуудлын талаар засгийн судлаачид шүүмжиллээ, Үндэсний аудитын дүгнэлтэд тодорхой дурьдлаа, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтээр ч  төсөв хэтэрхий данхар байна, урсгал зардлын хувь хэмжээ өсч байна, нөгөө талдаа хөрөнгө оруулалтын зардлыг аваад үзэхээр хувийн хэвшлийн хийх ёстой ажлыг төр булааж авч хийж байна гэдгийг хэлсэн. Үндсэн хуулийн 5.1-д Монгол Улс социалист тогтолцооноосоо салаад зах зээлийн эдийн засгийн баримжаагаар явна гэсэн утгатай заалт бий. Энэ зүйл заалтаа УИХ-ын гишүүд дахин сайн  унших хэрэгтэй. Үндсэн хуулиа мэдэгтүн, сахихтун гэдэг дээ. Үндсэн хууль дахь үндсэн агуулга маань бид хуучин социализм биш, зах зээлийн эдийн засгийг байгуулъя, төрийн оролцоог харьцангуй бага түвшинд байлгая гэж байна. Тийм учраас олсон мөнгөнийхөө хэмжээндээ тааруулж  эдийн засгийн бодлого явуулах биш, Үндсэн хуулийн агуулга, урт хугацааны зорилгоо бодож, төсвөө төсөөлөх ёстой. Гэтэл ийм зарчмаар биш өнөөдөр олсон мөнгөөрөө юу ч хамаагүй хийчихье, зам ч барьчихъя, үйлдвэр ч барьчихъя гэсэн байдлаар л хандаж байна. Тиймээс улсын төсвийн хөрөнгөөр буюу татвар төлөгчдийн мөнгөөр хийх аливаа төслийг сонгохдоо, яг энэ Үндсэн хуулийн агуулга, урт хугацааны хөгжлийн бодлогоо бодох ёстой. Ингэж чадахгүй байгаад л гол алдаа нь байна.

УИХ өөрөө Үндсэн хуульд заасны дагуу хөгжлийн бодлогоо тодорхойлох гол институт. Тиймээс УИХ  бодлогоо зөв тодорхойлохгүй бол тэндээс батлагдан гарч байгаа хууль, түүнийг хэрэгжүүлж байгаа бүх зүйл шат шатдаа алдаатай хэрэгжинэ.

"НЭГ УДАА ТОО ӨӨРЧИЛСНӨӨР ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ ЗАСАГДАХГҮЙ"

-Засгийн газраас оруулж ирсэн хоёр дахь удаагийн төсвийн төсөл дээр өмнө нь гаргасан алдаа дутагдлаа үнэхээр засч оруулж ирж чадсан болов уу.  Төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл, хөтөлбөрүүдээ ямар шалгуур үзүүлэлтээр эрэмбэлж, хасах үйл ажиллагаа явагдав?

-Өнгөрсөн есдүгээр сарын эхээр өргөн барьсан төсвийг сая оруулж ирэхдээ засах оролдлого хийсэн. Гэхдээ суурь алдаа нь тоогоор засагдахгүй. Хэлэх гээд байгаа гол санаа бол төсвийн алдаа гэдэг бол хэдэн тоо нэмж, хасах тухай асуудал биш. Төсвийн бодлого концепц нь буруу байна. Тухайлбал, Төсвийн тухай хуульд тухайн жилийн төсөв нь тухайн жилийн төсвийн хязгаарт үндэслэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, ЭМЯ-наас долдугаар сард Сангийн яам руу төсвийн саналаа хүргүүлэхдээ 2025 оны төсвийн хязгаарт үндэслэх нь байна шүү дээ. Тэгвэл 2025 оны төсвийн хязгаарыг өнгөрсөн хавар нь баталсан. Ирэх оны төсвийн хязгаар гэдэг тоо хаанаас гарч ирсэн юм гэхээр өнгөрсөн хавар нэг,  хоёрдугаар сард байгууллагууд, төсвийн ерөнхийлөн захирагч,  яамдууд өөрсдөө өгсөн тоо. Бас өөрсдийнх нь хүсэл. Тэгэхээр үндсэндээ төсвийн бүх төлөвлөлт анхан шатын байгууллагуудаас ирүүлсэн хүсэлт дээр үндэслээд явж байна. Төрийн аль ч шатанд энэ ажлыг төсвийн мөнгөөр хийх нэн чухал хэрэгцээтэй юу гэж ерөөсөө үнэлэхгүй байна. Цагдаагийн байгууллагын төсвийг өсгөснөөр гэмт хэргийг бууруулах гээд байгаа юм уу, яаж бууруулах гээд байгаа юм гэдэг нь тодорхой байх ёстой. Төсвийн зардлыг өсгөж байгаа мөнгө бүр цаанаа тодорхой нэг зорилготой, хүрэх түвшинтэй байх ёстой. Гэтэл анхнаасаа төлөвлөж байгаа зарчим нь тэрэнтэй огт уялдахгүй байна. Тиймээс төсвийг анхнаас нь төлөвлөж байгаа зарчмаа өөрчлөхгүйгээр, нэг удаа тоо өөрчилснөөр төсвийн төлөвлөлт засагдахгүй. Тэгэхээр  сая дахиж өргөн барьж байгаа төсөв суурь алдаагаа засаагүй, тооны хувьд л өөрчилсөн.

Хоёрдугаарт, бага зэргийн ахиц гарсан нь Сангийн сайдын хэлээд байгаа бусад хууль дээр байгаа төсөв нэмэгдүүлээд байгаа заалтуудыг засах оролдлого хийж байна. Ийм байдлаар улс орныхоо төсвийн бодлогоо арай жоохон цэгцтэй болгох гэсэн оролдлого хийж байгаа нь ахиц мөн.

Харин хөрөнгө оруулалт тал дээр алдааг нь засахад нэлээн төвөгтэй. Өмнө нь хэлсэнчилэн юу нь чухал вэ гэдгээ огт ойлгохгүй явж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлах хэрэгтэй. Ийм хууль байхгүй учраас  төсвийн мөнгөөр юу дуртайгаа хийж байна. Аялал жуулчлал хөгжүүлье гэхээр зам, жорлон барьж болж байна. Бүхэл бүтэн газрын тос боловсруулах үйлдвэрийг улсын төсвийн хөрөнгөөр барья гэж байна. Үндсэндээ энэ харилцаагаа цаашдаа хуулиар зохицуулах юм бол ямар шатны ямар хэмжээний обьектыг улсын төсвөөр санхүүжүүлэх вэ гэдэг, цар хүрээ нь тодорхой болно. Хоёрдугаарт, Үндсэн хуульд заасан зах зээлийн эдийн засгийн гол агуулгаа тухайн хуулиар илүү тодотгож өгөх юм. Одоогоор улсын төсвийн мөнгөөр юу хийж болох, юу хийж болохгүй талаар хууль зүйн зохицуулалт байхгүй учраас дахиад л энийг хойшлуулъя, энийг нь таная л гэдэг зарчмаар явж байна. Тухайлбал, 2016 онд эдийн засаг хүндрээд Эдийн засгийг сэргээх хөтөлбөр баталж байсан. Тухайн жилийн төсөвт хоёр удаа тодотгол хийсэн. Тодотгол хийхдээ мөн л өнөөдөр хасч оруулж ирсэн үнийн дүнтэй дүйцэх хэмжээгээр төсвөө бууруулсан.

Өөрөөр хэлбэл, төсвийн мөнгийг зарцуулах, төлөвлөх суурь тогтолцоогоо өнөөдрийг хүртэл засч чадаагүй байна.

Тиймээс ТТБЗ-өөс өгч байгаа хамгийн гол дүгнэлт бол урсгал зардлаа төлөвлөдөг аргаа өөрчилье. улсын хөрөнгө оруулалтаа хуультай болгоё,  яг ямар салбарт ямар хөрөнгө оруулалт чухал вэ гэдгээ үнэлдэг аргачлалуудтай болъё гэж байгаа юм.

-Засгийн газар болон холбогдох байгууллагуудын удирдлагуудын хэлж байгаагаар тодорхой хэмжээний шалгуур үзүүлэлтэд үндэслэж сонголтоо хийдэг гэх мэдээллийг өгдөг шүү дээ?

-Одоогийн Засгийн газар, Сангийн сайдын баталсан Хөрөнгө оруулалтын журам дээр хөрөнгө оруулалтын төслийг сонгох аргачлал нь байхгүй. Энэ хөрөнгө оруулалт зөв үү гэдгийг хэмждэг аргачлал байхгүй. Зүгээр санал болгоод ирүүлсэн төслийг өртөг үр ашгийн шинжилгээ гэдэг ганцхан юмаар л үнэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ төсөл эргээд оруулсан мөнгөө нөхөх үү гэдэг л шалгуур гэсэн үг. Тэгэхээр одоогийн шалгуур цаашдаа улсын хөрөнгө оруулалтын шалгуур үзүүлэлт ерөөсөө болж чадахгүй байна.

Хэнтий аймгийн Дадал, Норовлинд зам тавиулах хүсэлт орон нутгаас ч юм уу, Зам тээврийн яамнаас ч юм уу ороод ирж. Гэтэл тухайн зам өнөөдөр улс орны хэмжээнд нэн чухал уу гэхээр мөнгөн дүнг нь шалгуур үзүүлэлтээр хэмжээд хэн ч зөв гэж хэлж чадахгүй байна.

Гэтэл “Эдийн засгийн үнэлгээгээрээ энэ зам өртгөө нөхөхгүй, маш өндөр өртөгтэй, дагалдаж гарах урсгал засварын асуудал өндөр учраас улс орны хувьд амин чухал төсөл нь энэ байна” гээд Сангийн яам эрэмбэлэх ёстой. Сайншандын газрын тос боловсруулах үйлдвэр, Улаанбаатар хотод дутагдаад байгаа цахилгаан эрчим хүчээр хангах төслүүдээ эхлээд санхүүжүүлье гэдэг ийм аргачлалаа эхлээд баталсны дараа  хөрөнгө оруулалтын төлөвлөлт нь зөв болно гэсэн үг.

"МОНГОЛ УЛС ӨӨРТӨӨ БАЙГАА БАЯЛГЫНХАА ҮНИЙГ ӨСГӨХ БИШ УНАГАХ БОДЛОГО ЯВУУЛЖ БАЙНА"

-ТТБЗ-өөс өмнө нь өргөн барьсан төсвийн төсөлд өгсөн дүгнэлт дээр орлогоо хэт өөдрөг төсөөлөхөөс гадна уул уурхайн зарим түүхий эдийн үнийг хэрхэн тооцсон аргачлал нь тодорхойгүй байгаа талаар дурдсан. Шинэчлэн  оруулж ирсэн төсөлд төсвийн орлогыг хэр бодитой тооцсон гэж үзэж байна?

-Ирэх оны хувьд түүхий эдийн үнэ ханш болоод зах зээлээ судлах ёстой. Алт, зэсийн үнийн хувьд өөдрөг төсөөлөлтэй байгаа өөдрөг төлөвлөхөд асуудал нэг их байхгүй. Тэгвэл Монгол Улсын экспортын 55 хувийг эзлэдэг нүүрсний хувьд хамгийн том асуудал болж байна. Гэтэл одоогийн Засгийн газар, Сангийн яам, уул уурхай, боомт хариуцсан болоод бүх түвшний сайд нар 100-120 сая тонн нүүрс экспортолно гэсэн төөрөгдөлтэй байна. Нүүрсний биет хэмжээг нь өсгөөд орлогоо нэмэгдүүлээд яваад байна гэж ойлгоод байна. Гэтэл энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар Монгол Улс 74 сая тонн нүүрс экспортолсон байна.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны мөн үеэс нүүрсний биет хэмжээ нь 13 сая тонноор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Хэрвээ өнгөрсөн оны түвшинд тонн нүүрсний үнэ байсан бол одоо нүүрсний экспортын орлого 8 байтугай бараг 9 тэрбум болчих байсан.

Гэтэл нүүрсний үнэ өнгөрсөн онд 130 ам доллароосоо буугаад эхний арваннэгэн сарын байдлаар дундаж үнэ 108 доллар байна. Угтаа нүүрсний биет хэмжээ 13 сая тонноор өсчихөөд байхад бид ердөө 200 орчим сая ам.доллар илүү олсон байна.  Үүнээс дүгнэхэд их хэмжээний нүүрс экспортлосны ач холбогдол ерөөсөө алга. Шинэ шатанд гарч байгаа түүхий эд экспортлогч орнуудад түүхий эдээ хэзээ, хэнд, ямар үнээр өгөх вэ гэдгээ бодож байж тоогоо, тооцооллоо гаргадаг. Тэгж байж үр ашигтай худалдаа хийдэг. Гэтэл манайд  тийм бодлого огт алга. Ахиу худалдаад, ахиу орлого олъё гэдэг ямар ч үр ашиггүй, үрэлгэн бодлого хэрэгжүүлж байна. Энэ чинь нүүрсний үнийг өсгөх биш  эсрэгээрээгээрээ унагаж байна. Монгол Улс 2022 онд нүүрс хамгийн үр ашигтай зарсан байна. Тухайн үед 47-50 гаруй сая тонн нүүрс экспортолж байсан. Тэр үед  нэг тонн нүүрснээс олсон экспортын орлого, төсөвт төвлөрүүлсэн орлого хамгийн өндөр байсан. Түүнээс хойш ямар хэмжээгээр гаргавал, хамгийн өндөр үр ашигтай байх вэ гэдгийг бодоогүй учраас экспортлосон нүүрсний хэмжээ нэмэгдээд, нэмэгдээд  ямар ч үр ашиг алга. Нэг тонн нүүрснээс орох орлого, үр ашиг нь улам буурч байна. Тэр тусмаа монголчууд ирэх оны төсвөө хэлэлцдэг жил бүрийн есдүгээр сард Хятад улсад нийлүүлэх  нүүрснийхээ тоог зарладаг. Гадаад худалдааны бодлогын хувьд энэ асар алдаатай, буруу бодлого. Монголын нүүрсний худалдан авагч улс нь буюу зах зээл нь үндсэндээ явсаар байгаад Өвөр Монголын Бугатын төмөрлөгийн үйлдвэрлэл болж таардаг. Нийт экспортын бараг 80 хувь нь тэнд очдог.  Гэтэл тэр үйлдвэрт ирэх онд Монголоос худалдан авах нүүрсийг ямар үнээр авч болох вэ гэдгийг урьдчилаад хэлээд өгчихөж байна. “Манайхаас маш хямд үнээр 90-100 сая тонн нүүрс аваарай” гэдэг урьдчилсан мессеж бичээд бүх мэдээллийг нь өгчихөж байна. Ийм нөхцөлд айлд манайхаас илүү үнээр нүүрс авах ямар ч хүсэл байхгүй.

Монголын нүүрс хямд байгаа юм бол өвөрмонголчууд дотоодоосоо авахаа болиод Монголоос өшөө хямд үнээр, илүү их нүүрс авъя гэдэг бодлого руу явж байна. Угтаа Монгол Улс өөртөө байгаа баялгынхаа үнийг өсгөх биш унагах бодлого явуулж байна.

Тиймээс цаашдаа ирэх жилүүдэд нүүрсний биет хэмжээг өсгөхгүйгээр, үнэ цэнийг нь яаж өсгөх вэ гэдэг бодлого баримтлах хэрэгтэй. Энэ бол зөвхөн Сангийн яам, Уул уурхайн яамны бодлого биш. Гадаад худалдааны бодлого. Улсын хэмжээний экспортын гадаад худалдааны ямар ч бодлогогүй явж байгаа учраас орлого талд ямар ч ахиц гарахгүй байна.

-УИХ-ын гишүүд өнгөрсөн таван сарын хугацаанд гурван ч төсөв хэлэлцэж байна. Гэтэл одоо болтол төсвийн хуваарилалт, үр ашгийг дээшлүүлэх тал дээр ойлголт муутай эргэж буцсан шийдвэр гаргаж байгаа энэ нөхцөл байдлыг ер нь та юу гэж дүгнэж байна?

-Нэгдүгээрт, яагаад улстөрчид ийм төөрөгдсөн ойлголттой байна гэхлээр хамгийн эхлээд төр юунд оролцох вэ гэдгээ огт ойлгохгүй байна.Төр юунд ч оролцож болно гэдэг төөрөгдсөн буруу ойлголттой байна. Хоёрдугаарт түүхий эдийн хэт хамааралт байдал буюу голланд өвчнөөр бүх түвшиндээ өвчилчихөөд байна. Орлого орж ирж байгаа дээр хуримтлал үүсгэхгүйгээр юунд ч хамаагүй зарчихъя гэсэн үзэл санаа, хандлагатай байна. Төсвийн тодотгол чинь яг л ийм бодлогын хүрээнд хийгдсэн.

Хэрэв анхнаасаа энэ оны төсөвт тодотгол оруулж 3 их наядаар тэлэх биш тухайн мөнгөний нэлээд хэсэг нь төсвийн ашиг болж үлдээд, 2025 оны хуримтлал руу шилжүүлж болох байсан.

Гуравдугаарт, үнэ цэнийг нь хэмжихгүй байна. Энэ  төсөл, хөтөлбөр хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрэх вэ гэдэг дээр ямар ч нарийн арга зүй байхгүй, улс төрийн нэг ийм хийсвэр дүгнэлт өгөөд байна. Хэрэгжүүлэх төслүүдээ сонгон шалгаруулдаг нарийн шалгуур үзүүлэлтийн хэмжүүртэй байж байж, аль нь чухал вэ гэдгийг нь сонгох ёстой. Тэгтэл тэр хэмжүүр байхгүй учраас дур дураараа тайлбарлаж байна. Хаа байгаа Хэнтий аймгийн хоёр сумд тавьсан зам аялал жуулчлал хөгжүүлнэ гэж тайлбарлаж байна.Үнэн хэрэгтээ тэр замыг барьснаараа аялал жуулчлал хөгжинө гэсэн ямар ч тооцоо судалгаа байхгүй. Тэнд очоод үзэх юм юу ч байхгүй. Тэгэхээр мөнгө чинь илүүдээд, мөнгө байгаа учраас зарцуулъя гэдэг хөөсөрсөн ойлголттой байна.

Түүхий эдийн хамааралт байдал чинь засаглалыг муутгадаг буюу голланд өвчин тусгадаг.  Мөнгө байгаа учраас бид нар юу ч хийж болно, бүх юмыг булааж авч хийж болно гэдэг голланд өвчин Монголд улам хүндэрчихээд байна.

-Ерөнхийлөгч төсөвт хоиг тавьсан нь цаашид төсвөө ямар ч байсан алдагдалгүй баталдаг байх ийм шинэ жишиг тогтоолоо гэж байгаа нь хэр үнэний ортой гэж харж байна? 

-Ерөнхийлөгчийн хориг хэт тэлж байгаа төсвийг буцаах ёстой, зөв зам руу орох ёстой гэдэг дохио бол мөн. Тэгэхдээ ирэх гурван жилийн Төсвийн хүрээний мэдэгдэл дээр тавьчихсан байгаа шиг гурван жил дараалаад төсөв ашигтай байна гэвэл худлаа л даа. Төсвөө төлөвлөхдөө нэмэх байлгахын төлөө тэмүүлж болно. Одоо жишээлбэл Европын Холбооны улс орнууд төсвийн алдагдлын талаар нэгдсэн зарчим гаргаад бүгдээрээ алдагдлаа бууруулах бодлого бариад явж байна. Яг түүн шиг бодлогын хувьд алдагдлаа  бууруулж, төсвийн үр ашиггүй зарлагаа багасгая, шаардлагагүй төсвийн хөрөнгө оруулалт дээр төр оролцохоо больчихъё гэвэл төсөв нэмэх гарсаар байж болно. Гагцхүү Монголын эдийн засаг түүхий эдээс хэт их хамааралтай учраас бид нарын бодсон төлөвлөгөө чинь бодит байдал дээр хэрэгжихдээ орлого тасраад одоо тэг байхаар тооцсон төсвийн тэнцэл -1 ч юм уу гарч болно. Төсвийн алдагдал биднээс шууд хамаарахгүй түүхий эдийн үнийн циклээс хамаарч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2 цагийн өмнө 202.55.188.41

Голланд өвчин гэдэгбол авилга юм жишээ нь оюу толгой

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.161.252

нүүрсээ гаргаж дуусаад говь ч үгүй болсон хойно нүүрс, гүний ус ямар их холбоотой байсныг ойлгоод үр хүүхдүүд нь тэнэг үеийнхнийг хараах болно

Avatar

Даваа 2024-12-09 66.181.182.125

Ерөнхий сайдын зөвлөх байхдаа л эдийн засгийн энэ үрэлгэн, данхайсан төсьийг хамагаалаад л явдаг байсан даа, энэ нөхөр, адаа болохоор өөр зүйл яриад л, ёстой хувина гэдгийг ч үзүүлэх юм даа

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.189.241

монгол шиг жижиг оронд хувийн хэвшлийг давраавал улсыг сүйрүүлнэ,цахилгаан станцууд,нийтийн тээвэр,эрүүл мэнд,боловсрол зөвхөн улсынх байх ёстой,хувийн сургууль,эмнэлэг байх ёсгүй,хувийн эмнэлэг гэхэд л хүнд өвчтөнийг хаана эмчилж бна?хүлээж авахгүй,бүгд улсын эмнэлэгт ирж эмчлүүлж байгаад нөгөө ертөнцөд,гурил,цементийнхэн үнээ дураара нэмж яаж галзуурлаа,ковидын үед эрдэнэт улсын мэдэлд байсан тулдаа баян ядуугүй цахилгаан дулаанаа төлүүлэн байж ажралгүй давсан даа,ОТ ганц цент ч өгөөгүй шдээ??

Avatar

Нэргүй 2024-12-09 202.21.111.198

Huurhii heleel baihiin nuguu hed n yostoi nohoi hutsaj baigaa ym shig toohgui yumaa. Meddeg bol sangiin saidaar tavichih yumsan.

Avatar

Зочин 2024-12-09 66.181.179.74

утаанаасаа эхлээд салах юмсан

Avatar

Сайшаалт Ерөөлт 2024-12-09 202.126.91.227

…ЭНЭ…НЭГ БАС НЭГ ХҮНИЙ ТОЛГОЙ ЭРГҮҮЛСЭН АШИГГҮЙ ИХ МЭДЭГЧ…

Avatar

Зочин 2024-12-09 202.126.88.194

Алаагүй баавгайн арьсыг хуваах гэдэгтэй төстэй ч юм шиг.

Avatar

Нэргүй 2024-12-09 202.9.40.88

Нэгл бүхнииг мэдэг ч турж үхсэн хүүр аль эрт нэмхээсэн өмнө энэ том хуцагч эдиин засагч гэж орилдог их мэдэгчүүд хуцсан бол хаа хаана хэрэгтэй байсан юм бишүүү

Avatar

Нэргүй 2024-12-09 202.9.46.104

шал худлаа ац шүү энэ хүн. ямар ч баримжаа бхгүй, эдийн засагч гэхэд, поп гар

Avatar

Нэргүй 2024-12-09 202.9.40.67

Ярьж хэлдэг хүмүүс байх ёстой. Яагаад энэ хүн ганцаараа дуугараад байгаа юм? Бусад нь яачихсан юм?

Avatar

Сэтгүүлч. Дээд сургууль 2024-12-09 122.201.31.7

шантаажны эдийн засагч

Avatar

Нэргүй 2024-12-09 202.126.89.228

ганц дээлт .. гэдэг ганц станцтай байж тэнгэрийн юм ярихч дээ. Станц зогсвол яах улс юм болдоо…

Avatar

Нэргүй 2024-12-09 103.212.119.223

АРД ТҮМНИИ ТАТВАРЫН МӨНГИГ ҮРГҮИ ЗАРДАЛД ЗАРЦУЛХА ЗОГСОГОЧЭЭ

Avatar

Бат 2024-12-09 202.55.188.117

Ковид 26 д бэлэн үү

Avatar

Нэргүй 2024-12-09 202.9.40.204

Олоогүй мөнгөө зарцуулах гэж улам улайрцгаадаг болжээ. 22 яаманд аймшигтай их мөнгө төсөвлөж, эдийн засгаа сүйрүүлэхээр яарцгааж байна. Мөнгөө эхэлж олчихоод, дараа нь зарцуулдаг болцгооё

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж