Хамтарсан Засгийн газар төрийн өмчит компаниудад реформ хийх нэрээр “цүнхчид” томилж, бужигнуулах нь ээ.
Тун удахгүй бүтээмжийн менежер, хяналтын менежер гэдэг албан тушаал шинээр бий болгож, төрийн өмчит компаниудад томилох нь.
Засгийн газрын шийдвэрээр томилогдох тул Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) –ийн хэмжээний эрх ямба эдэлнэ гэж тодотгох нэгэн ч байна.
Бүтээмжийн менежер, хяналтын менежерүүд компанийг ашигтай ажиллуулах, “шахаа” хийж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй гэх ч үнэндээ бол төрийн өмчит компанид томилогдсон гүйцэтгэх захирал бүр энэ үүргийг хүлээж ажилладаг. Дүрмэндээ компанийг ашигтай ажиллуулж чадаагүй тохиолдолд гүйцэтгэх захирал багаараа хариуцлагаа хүлээж, чөлөөлөгдөх ёстой. Гэвч Монголын төрийн өмчит компаниудад дарга нарын тавиулууд буюу “цүнхчид” томилогддог тул үүргээ биелүүлдэг нь тоотой.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар охин компаниудаа оруулан тооцоход төрийн өмчит 123 компани бий.
Ашигтай ажилладаг нь гарын таван хуруунд багтах бөгөөд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” , “Эрдэнэс Монгол” гээд л дуусна. Эдгээр компаниудад захирал болон менежерээр томилогдох дур сонирхолтой “цүнхчид” олон байна. Хамтарсан Засгийн газар дэд сайд нараа томилж чадахгүй, цаг ихээр алдаж буй. Монгол Улсын 2025 оны төсвийн хуульд хориг тавьсан хэл амтай үед дэд сайд нарыг томилох нь “гал дуудсан” хэрэг болох тул намууд “цүнхчид”-ээ төрийн өмчит компаниуд руу “шингээж” өрөө төлөх бодлого барьж байна гэх хардлага ч гараад буй. Учир нь, гүйцэтгэх захирлын хажуугаар зэрэгцүүлээд менежер томилох нь ажил үүргийн давхардал үүсгэхээс хэтрэхгүй аж.
Төсвөөс гадуур зарцуулагддаг их мөнгө төрийн өмчит компаниудад эргэлддэг. Алдагдлаа ч ашиг болгоод компанийн удирдлагага нь авчихдаг хэрээс хэтэрсэн эрх мэдэлтэй төрийн өмчит компаниудад реформ хийх тухай сайд нарын үг бол дараагийн ээлжийнхнийг хоолонд нь хүргэх гэсэн сүржин мэдэгдэл гэж тайлбарлах хэсэг ч байгаа юм.
Ямартай ч хамтарсан Засгийн газар ажилгүй байгаа гишүүдийнхээ нэлээд хэсгийг төрийн өмчит компаниуд руу шингээж хэл амыг нь дарж авч цэгцлэх нь тодорхой болж байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралын тайлбарласнаар бол дахин өргөн мэдүүлээд буй Монгол Улсын 2025 оны төсвийг хуулийг дагалдуулан өргөн барьсан төсөлд 20 гаруй компанийг татан буулгахаар оруулж ирсэн байна.
Нийт 43 компани алдагдалтай ажилладгаас 21-ийг нь татан буулгахаар оруулж иржээ. Эдгээр компаниуд нь өнгөрсөн хугацаанд бүгд ашиггүй ажилласан, алдагдал үйлдвэрлэхээс өөр үр дүн үзүүлээгүй аж. Гэвч УИХ Засгийн газрын оруулж ирсэн төслийг дэмжих үү гэдэг бас эргэлзээтэй байна. Учир нь, Засгийн газар ирэх оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ Кино урлагийг дэмжих санг татан буулгахаар оруулж ирсэн ч хүлээж аваагүй. Үүн шиг “тоглолт” хийхийг байг гэх газаргүй аж.
Мөн, төрийн өмчит компаниуд дээр хамгийн их хэл ам таталж, чангаадаг нь УИХ-ын гишүүд. Камер харахаараа “Ашиггүй ажилладаг, алдагдал үйлдвэрлэдэг компаниудыг татах буулгах ёстой” гэж цэцэрхдэг ч цаад талдаа өөрийн хүнээ ямар нэг албан тушаалд томилчих гээд зүтгэж байдаг. Танилын нүүр халуун гэгчээр намынхаа гишүүний гуйлтыг биелүүлэхгүй байж болдоггүй. Эс бол ашигтай ажиллах боломжтой компанийг алдагдалтай ажиллуулаад байгаа захирлыг өөрчилье гэхэд тээг тавьдаг нь бас л УИХ-ын гишүүд. “Миний хүнийг зайлуулах гэж байгаа бол чинийхийг ч бас зайлуулна” гээд барьцчихдаг. Тиймдээ ч тэмээ хариулсан хүн буурынхаа занг анддаггүй гэгчээр Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр “Дарга нарын тавиул гээд компанийн захирлуудыг халж чадахгүй, сольж чадахгүй юм байхгүй. УИХ -ын гишүүд араас нь чаргууцалдахгүй байхад бид бол ёс зүйтэй хариуцлагатай асуудлыг шийдэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна” гэж мэдэгдээд буй. Гэвч энэ олон жилийн хугацаанд тавигдсан тавиулууд Монголын төрийн өмчит компаниудыг өөд нь татсан жишээ ховор тул ээлжит нэгэн халаа сэлгээ болж төгсөнө гэж харах хэсэг нь илүү олон байгаа юм.
Үндсэндээ Засгийн газар шинээр бүрдэх бүрийд төрийн өмчит компани ашигтай ажилласан эсэхээс үл шалтгаалж захирлуудыг өөрчилж, өрөийн хүмүүсээ томилж ирсэн жишгийн дагуу энэхүү “реформ” нэрийн дор "цүнхчид" томилогдох нь.
Г.ХОРОЛ
3,548.92






















































Холбоотой мэдээ