Сурвалжлага: 6 ам бүл сард 64 мянган төгрөгөөр амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2024.12.09-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: 6 ам бүл сард 64 мянган төгрөгөөр амьдарч байна

Сурвалжлага: 6 ам бүл сард 64 мянган төгрөгөөр амьдарч байна

"Олон хүүхэдтэй өрхөд хүнсний талон их нэмэртэй байдаг юм" гэж ярих иргэн Б-гийнх ам бүл зургуулаа амьдардаг. Эхнэр, нөхөр хувиараа барилгын ажил хийдэг бөгөөд тогтсон орлогогүй гэдгээ учирлаж байв.  Барилгын ажил улирлын чанартай учраас өвлийн улиралд ажил тэр бүр олдохгүй. Олдох үедээ ганц нэг өдрийн юм уу цагийн ажил олддог учраас нийгмийн даатгал төлөх боломжгүй аж. Тиймээс зургаан ам бүлтэй тус өрхийн сарын тогтмол орлого нь хүүхдийн мөнгөнөөс гадна хүнсний талоны мөнгө болох 64 мянган төгрөг болдог байна.

Тиймээс хүнсний талоноор нэг сардаа мах юм уу, гурил будаагаа сөөлжилж түлхүү авдаг гэдгийг эхнэр нь хэлж байв.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд гэхэд хоёр дэлгүүр хүнсний талоноор хүнс олгодог бөгөөд аль бараа сайтайгаас нь сарын хүнсээ базаадаг гэнэ. Эднийх шиг 25 мянган айл улсаас хүнсний талон авч байна.

Хүнсний эрхийн бичигт жилд 7 тэрбум төгрөг төсөвлөдөг бөгөөд энэ мөнгө хаанаа ч хүрэлцдэггүй гэдгийг албаныхан хэлж байв. Тодруулбал, насанд хүрсэн хүнд сард 16 мянган төгрөг, хүүхдэд найман мянган төгрөгөөр бодож, хүнсний талон олгож байна. Иргэд гурил, будаа, мах, ургамлын тос, масло гэх мэт нэр бүхий 16 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс сонгож авдаг байна.

ТОМООХОН СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮД ХҮНСНИЙ ТАЛОНООС ТАТГАЛЗЖЭЭ

Хүнсний эрхийн бичгийг улсын хэмжээнд 25 мянган өрхийн 96 мянган иргэнд олгож байна. Ингэхдээ иргэдэд үндсэн хэдэн шалгуур тавьдаг. Үүнд, зургаан сарын хугацаанд ажлын байр хайж, ажил олдохгүй байх, өрхийн орлого нь амжиргааны түвшиндээ хүрдэггүй байх ёстой.

Хүнсний талон авч буй өрх, иргэдийн тоо жилээс жилд буурч байгааг мэргэжилтнүүд онцолж байв. Энэ жилийн хувьд улсын 330 сумдаас 170 гаруй сум хүнсний талон авч байна. Аймаг, сум болгон хүнсний эрхийн бичгийг бууруулах зорилтыг тавьж ажиллаж байна гэсэн юм. Хүнсний эрхийн бичгээс татгалзаж байгаа айл өрх нэмэгдэж байгааг хэлж байв.

Нийт 25 мянган айлын 96 мянган иргэнд улсын хэмжээнд 130 дэлгүүрээр дамжуулан хүнсний талон олгож байна.

Эдгээр дэлгүүр нь аймаг, сум, дүүргийн халамжийн байгууллагадаа хүсэлт тавьж, кассын системдээ нэмэлт өөрчлөлт оруулдаг. Өмнө нь томоохон сүлжээ дэлгүүрүүдээр хүнсний талоны дагуу хүнс олгодог байсан. Харин одоо харьцангуй орлого бага, жижиг хүнсний дэлгүүрүүд хүнсний талоны дагуу хүнсээ худалддаг болсон байна.

Учир нь амжиргааны түвшнээс доош орлоготой өрхийн мэдээллээ солилцох, хүнсний бүтээгдэхүүнээ иргэдэд олгосны дараа улсаас санхүүжилтээ авна гээд цаг хугацаа их шаарддаг учраас том сүлжээ дэлгүүрүүд татгалзаж эхэлжээ.

"ИРГЭДИЙН ОРЛОГЫН ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛАА ШИНЭЧИЛНЭ"

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Энхболд:

-Улсын хэмжээнд давхацсан тоогоор халамж авч байгаа иргэдийн тоо өндөр гардаг. Гэсэн хэдий ч халамжийн ихэнх хэсгийг хүн амын өсөлттэй төсөв эзэлдэг. Тиймээс нийгмийн халамжийг хүн амын өсөлтөөс салгах цаг үе эхэлсэн байна. Энэ хүрээнд салбарын бодлого, хууль эрх зүйн орчин шинэчлэгдэнэ. Улсын хэмжээнд давхардсан тоогоор хоёр сая гаруй хүн халамжийн үйлчилгээ авч байна. Давхардаагүй тоогоор 650 орчим мянган хүн халамж авч байна. Нийт төсөв нь 2.2 их наяд төгрөг буюу улсын төсвийг зургаан төрлийн халамжид зарцуулж байна.

Нийгмийн халамж зорилтот бүлэг рүүгээ чиглэх ёстой. Ер нь нийгмийн халамж нэн шаардлагатай байгаа буюу өөрсдийн түвшинд хөдөлмөр эрхлэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, асаргаа сувилгаа шаардлагатай иргэдэд төвлөрч байна.

Улсын хэмжээнд 1.2 сая орчим хүүхдэд жилдээ 1.5 их наяд төгрөгийг зарцуулж байна. Улсын халамжийн 70-80 хувь нь хүн амын өсөлт рүү чиглэж байна.

Халамжийн үйлчилгээнд орж байгаа тэтгэвэр, тэтгэмж асаргаа, хөгжлийн бэрхшээлийн иргэдийн үйлчилгээгээ илүү чанартай, зорилтот бүлэгт хүрэх ажил эрчимжинэ. Үүний суурь нь дата мэдээллийн бааз зөв байх ёстой. Халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт олгохгүй байна гэж иргэд шүүмжилдэг.  Тэгэхээр энэ хэсгийг дахин шүүх, хасах иргэдийн орлогын түвшинг тодорхойлж буй аргачлалаа шинэчлэхээр эрх зүйн орчноо сайжруулна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж