Сирид цэргийнхэн босогчидтой мөргөлдөж, үймээн самуун үүсээд буй цаг үед тус улсын ерөнхийлөгч Башар аль-Ассадын гэр бүл Орос руу дүрвэсэн байж магадгүй тухай бид өнөө өглөө мэдээлсэн билээ. Гэвч ОХУ Башар аль-Ассадыг аврах төлөвлөгөөгүй байгаа гэж Кремлийн эх сурвалж хэлсэн аж.
Тэгвэл Башар аль-Ассад босогчдод эзлэгдсэн Дамаскаас зугтаж яваад онгоцны ослоор нас барсан байж магадгүй талаар Сирийн эх сурвалжийг дурдан "Reuters" мэдээлжээ. Гэвч "Reuters" уг мэдээллээ удалгүй устгасан байна.
"Reuters"-ийн анхны мэдээлэлд дурдахдаа "Сирийн нисэх онгоц босогчид Дамаскийг хяналтдаа авах үед нисэх буудлаас хөөрсөн. Тус онгоцонд Ассад суусан байж магадгүй байна. Онгоц Сирийн эргийн муж руу чиглэн явж байсан. Гэвч гэнэт чиглэлээ өөрчлөн эсрэг зүгт нисч байгаад, радараас алга болсон. Онгоц доторх хүмүүсийг хэн болохыг баталгаажуулах боломжгүй байна. Гэхдээ Сирийн хоёр эх сурвалжийн мэдээлснээр Ассад онгоцны ослоор нас барсан байх магадлал өндөр байна" гэжээ.
Эхний мэдээлэл устсаны дараах хоёр дахь мэдээлэлдээ "Reuters" "Ассад арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Дамаскаас хаа нэг тийшээ ниссэн. Одоо хаана байгаа нь үл мэдэгдэнэ. Эхнэр, хүүхдүүд нь ч бас хаана байгаа нь мэдэгдэхгүй байна" гэжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яам ч бас өнөөдөр "Ассад дүрвэсэн, гэхдээ хаа байгаа нь мэдэгдэхгүй байна" гэх мэдээлэл өгчээ.
Германы цэргийн блоггер Тендарын хэлснээр Дамаскаас хөөрсөн онгоц Хомс хотын орчимд үзэгдэхээ больсон, тэнд осолдсон байж магадгүй аж. Ассад тухайн онгоцонд үнэхээр байсан эсэх талаар баттай мэдэгдсэн хэвлэл одоогоор алга байна.
3,569.17















































