"Төгс гүйцэтгэл", "Хамгаалахад бэрх", "Яг л Сток Сити шиг" зэрэг үгс сүүлийн үед Арсенал клубыг дагах болжээ. Учир нь тэдний булангийн цохилт, хөдөлгөөнгүй бөмбөгний хувилбарууд Премьер лигт гоолоор бороо оруулж байна. Сүүлд л гэхэд Манчестер Юнайтедыг 2-0 гэсэн харьцаатай хожиход үүнийгээ хангалттай харуулсан.
Арсеналыг Английн хэвлэлүүүд "Булангийн цохилтын хаад" гэж нэрлэж, Тони Пулисын Сток Сититэй зүйрлэж байна. 2010-2011 оны Сток Сити баг булангийн цохилтоос олон гоол оруулдаг, хоёрдугаар давхарт буюу агаарын тулаанд бүрэн илүүрхдэг байсан билээ.
Энэ улирал Европын топ таван лигт булангийн цохилтоос гоол оруулсан багуудыг Арсенал тэргүүлж байна. Тэд одоогийн байдлаар 22 гоолыг оруулсан аж.
- Арсенал – 22 гоол
- Байер Леверкузен – 17 гоол
- Монхенгладбах – 17 гоол
- АС Милан – 16 гоол
- Манчестер Сити – 15 гоол
Испани мэргэжилтэн Микел Артетагийн удирдлага дор Арсенал клуб өнгөрсөн улирлаас хойш нийт 119 гоол оруулсан бөгөөд үүнийхээ 25.2 хувийг буюу 30 гоолыг хөдөлгөөнгүй бөмбөгнөөс оруулжээ. Харин Тони Пулисын Сток Сити 2008-2013 оны хооронд 188 гоол оруулсныхаа 43.1 хувийг буюу 81 гоолыг ийм байдлаар оруулсан гэнэ.
Тони Пулис ч саяхан "BBC"-д өгсөн ярилцлагадаа "Арсенал энэ үзүүлэлт, чадвар хөлбөмбөгийн чухал хэсэг гэдгийг харуулж байна. Багууд ч хөдөлгөөнгүй бөмбөгний дасгалжуулагчтай болж, өөрсдийн хэв маягт тааруулсан хувилбартай болж байна" гэжээ.
Харин Манчестер Юнайтед болон Тоттенхэмын домогт тамирчин Димитар Бербатов "Amazon Prime Sports"-д өгсөн ярилцлагадаа "Арсенал бол шинэ Сток Сити. Тэдний хөдөлгөөнгүй бөмбөгнүүд ялалт авчирч байна" гэжээ. Тэгвэл Эвертоны дасгалжуулагч асан Роберто Мартинез "Бид бүгд л Сток Ситигийн хохирогч болж байсан. Энд Тони Пулисыг дурдах хэрэгтэй" гэлээ.
Арсеналын булангийн цохилт, хөдөлгөөнгүй бөмбөгний хувилбарын хамгийн гол түлхүүр үйлдэл нь эсрэг багийнхаа хаалгачийн хөдөлгөөнийг хязгаарлаж, бөмбөгт хүрэх боломжийг нь хаах гэнэ. Хаалгачийн ойролцоо олноороо бөөгнөрөн зогсч, яг зөв цаг мөчид алсын дамжуулалт ирж байгаа ажээ.
Деклан Райс болон Букайо Сака нар энэ улирал одоогийн байдлаар тус бүр долоон гоолын дамжуулалтыг хөдөлгөөнгүй бөмбөгнөөс өгөөд байна.
Нэргүй 2024-12-06 66.181.178.185
Хөл бөмбөгийг цохиж тоглодоггүй. Өшиглөж тоглодог. Талбайн булангаас өшиглөсөн бөмбөгийг мөргөж эсвэл өшиглөж хаалганд оруулдаг. Хөл бөмбөгийн тоглолтын тайлбарлагч нараас хүсэхэд “өшиглөх” гэдэг монгол үйл үгийг хадгалж үлдээгээсэй гэж хүсэх бна.
Зочин 2024-12-06 66.181.177.24
Хаха, тэр үеийн сток сити чанга нь чанга л байсан гэхдээ нэг их гавиагүй дээ, тэгэхээр энэ арсенал ч нэг их гавихгүй гэсэн үг мөн биз