“Хурдасгуур” зэрэг төвийг татан буулгахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2024.12.06-нд нийтлэгдсэн

“Хурдасгуур” зэрэг төвийг татан буулгахыг шаардав

“Хурдасгуур” зэрэг төвийг татан буулгахыг шаардав

Засгийн газрын харьяанд байдаг “Хурдасгуур”, Бүтээмжийн хороо, Үндэсний зөвлөл зэрэг 44 газрыг зоригтой татан буулгаж, хэмнэгдсэн мөнгөөр нь төрийн албан хаагчдын цалинг нэмэх ёстой гэдэг саналыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг гаргаад байна.

Энэ тухай тэрбээр “Яамдын чиг үүрэгтэй давхацсан хуультайгаас бусад комисс, хороо, үндэсний зөвлөлийг татан буулгах ажлыг зоригтой хийчихмээр байна. Бие дааж хийж байгаа сүртэй ажил алга. Хурал зөвлөгөөн зохион байгуулж, яамдын ажилтнуудыг дуудаж “ингэ тэг” гэж чиглэл өгсөн, бичиг явуулсан ийм л ажил хийж байна.

Эдгээрийг татан буулгаж, тэндээс хэмнэсэн мөнгөөр төрийн албан хаагчдын цалинг нэмье. Ингэж бодитойгоор шийдье” гэсэн юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2024.12.05/ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийх үеэр тэрбээр дээрх асуудлыг хөндсөн.

Харин Сангийн сайд Б.Жавхлан “Хариуцсан сайд нарт нь энэ тухай дуулгая” гэдэг хариулт өгсөн юм.

Засгийн газар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох төслүүдийг өргөн мэдүүлэхдээ өмнө өргөн барьсан төсвөөс урсгал зардлыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж оруулж ирсэн. Тавилга эд хогшил авах зардлыг 100 хувь царцаасан бол гадаад томилолтын зардлыг 50 хувиар бууруулахаар оруулж ирсэн. Гэвч төсвийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх шатанд яамдын чиг үүрэгтэй ажил нь давхацсан хороодыг татан буулгах санал ийн гараад байна. Энэхүү саналын томъёоллыг албажуулж, санал хураалган, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн нөхцөлд татан буугдах боломжтой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж