2 тэрбум долларын эко дүүрэг далай дээр сүндэрлэлээ

2 тэрбум долларын эко дүүрэг далай дээр сүндэрлэлээ

2 тэрбум долларын эко дүүрэг далай дээр сүндэрлэлээ

Татварын диваажин, баячуудын тоглоомын талбай гэдгээрээ танигдсан Монакод ердөө 39 мянга гаруй хүн оршин суудаг. Үл хөдлөх хөрөнгийн "Knight Frank"-ын мэдээлснээр, 10 хүн тутмын долоо нь саятан байдаг бөгөөд Нью-Йорк хотын Централ Паркаас ч жижиг газар нутагтай. Гэхдээ дэлхийн хоёрдох хамгийн жижиг хот-улс нь газар нутгийн хэмжээгээ гурван хувиар тэлж чаджээ. Тодруулбал, шинэхэн эко дүүрэг Маретерра нь Газар дундын тэнгис дээр баригдсан бөгөөд энэ нь Монакогийн газар нутгийн хэмжээг 60.7 мянган квадрат метрээр нэмэгдүүлсэн байна. Монакогийн хунтайж II Альберт Лхагва гаригт уг дүүргийн нээлтийг хийж, 2.1 тэрбум ам.долларын далайн эргийн тансаг, дээд зэрэглэлийн орон сууцтай бүтээн байгуулалтыг танилцуулав.

Эко дүүрэг бүтээн байгуулах төсөл 2013 онд зарлагдсан бөгөөд эргээс далай руу бетонон суурь тавьж болох цэг хүртэл нь суурийг босгосон байна.

Дараа нь суурь доторх усыг шавхаж, 750 мянган тонн элсээр дүүргэжээ. Хиймэл хуурай газрын тал нь цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, дугуйн зам, усан онгоцны зогсоол болон худалдааны төв зэрэг олон нийтэд хүртээмжтэй, тав тухтай байх боломжийг хангамж өгсөн бүтээн байгууламж юм. Италийн Тосканиас мянган мод импортолж тарьсан бөгөөд 100 гаруй орон сууц, 10 харштай. Норман Фостер, Тадао Андо зэрэг хэд хэдэн нэр хүндтэй архитекторууд Маретерра хотын барилга, байгууламжийг дааж авч, чадварлаг гүйцэтгэсэн байна. Мөн Помпиду төвийг хамран зохион бүтээж байсан гэдгээрээ алдартай Италийн архитектор Рензо Пиано компанийнхаа барьж гүйцэтгэсэн орон сууцны барилгыг өөрийн нэрээр буюу "Le Renzo" гэж нэрлэжээ.

Одоогийн байдлаар эко дүүрэг дэх орон сууцны үнэ тодорхойгүй байгаа ч "Knight Frank" фирм квадрат метр нь 9750 ам.доллар байж магадгүй гэж тооцоолсон.

Энэ нь Монакогийн дундаж орон сууцны ханшаас хоёр дахин өндөр үнэ юм. Хувийн санхүүжилтээр бүтсэн тул Монакогийн засгийн газар орон сууцны борлуулалтаас 20 хувийн татвар авна. Хотын мужийн хурлын төв болох Грималди форумыг мөн төслийн нэг хэсэг болгон өргөжүүлсэн байна. Эрэг дагуу оршин тогтнох эртний түүхтэй Монакод газар маш ховор юм. Тиймээс уг эко дүүрэг нь вант улсын нутаг дэвсгэрийн дөрөвний нэгээс илүү хувийг эзэлнэ. 1960-1970-аад онд Ларвотто, Фонтвиэйл дүүргүүдийг Газар дундын тэнгис рүү өргөжүүлэх ажил хийгдэж байжээ. Гэхдээ 60 төрлийн шүр амьдардаг Монакогийн далайн экологийн амьдралд эдгээр өргөтгөл, хиймэл хуурай газар нь сөрөг нөлөө үзүүлэхээс байгаль орчны мэргэжилтнүүд эмээж, эсэргүүцлээ илэрхийлдэг.

Үүний хүрээнд далайн биологийн олон янз байдлыг хамгаалах ажлаараа алдартай хунтайж II Альберт 2009 онд экологийн асуудалтай холбоотойгоор газар нутгаа өргөжүүлэх төслийг цуцалж байжээ.

Монакогийн газар нөхөн сэргээх, өргөжүүлэх ажил урьд өмнө байгаагүй маш хатуу зохицуулалттай болсон. Тиймээс Маретерраг бүтээн байгуулахдаа байгалийн экосистемд үзүүлэх нөлөөг аль болох бага байлгах тал дээр зохион байгуулагч мэргэжилтнүүд анхаарчээ. Тэд далай тэнгисийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж, загасны шинэ амьдрах орчин, тэр дундаа хиймэл далайн өвсний ор бий болгосон аж. Мөн тус дүүргийн халаалт, хөргөлтийн 80 хувь нь сэргээгдэх эрчим хүч, ялангуяа 4 мянган квадрат метр талбай бүхий нарны хавтан зайн хураагууртай учир байгаль орчинд хамгийн бага нөлөөлөх орчныг бий болгожээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Х 2024-12-06 103.212.119.17

Монгол улс асар өргөн уудам нутагтай. Өөрийн дураар хувийн аж ахуйгаа эрхлээд сайхан амьдрах эрх нь нээлттэй! Хувь өөрөө л амьдралаа босгоно.

Avatar

Нэргүй 2024-12-06 202.179.26.156

Айлын хүүхдүүд ингээд бүр далай дотор бүхэл бүтэн хороолол бариад болоод бдаг.Манай барилгынхан газар ухаад л жаахан хөрсний ус гараад ирэхээр орилоод,одоо яах вэ гэдэг ???Энд мундаг том ярилцлага өгсөн Баярсайхан ерөнхийлөгч гоё гоё юм яриад л бдаг .Энийг мэддэг блв уу?

Avatar

Kraken 2024-12-06 43.228.129.68

Mongolchuud nutagtaa saikhan amidrakh erkhtei . . .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж