"Дөрөвдүгээр эмнэлгийг улсад авбал 100 ор нэмэгдэнэ"

Хуучирсан мэдээ: 2024.12.06-нд нийтлэгдсэн

"Дөрөвдүгээр эмнэлгийг улсад авбал 100 ор нэмэгдэнэ"

"Дөрөвдүгээр эмнэлгийг улсад авбал 100 ор нэмэгдэнэ"

Улсын төсвийг дахин өргөн барихад шинээр нэмсэн ганцхан төсөв бол Хавдрын шинэ эмнэлгийн дэд бүтцэд зарцуулах 7.9 тэрбум төгрөг. Үүнтэй зэрэгцэн ХСҮТ-ийн хашаанд үйл ажиллагаагаа явуулж буй Дөрөвдүгээр эмнэлгийг улсад худалдан авах саналыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан гаргав.

Тэрбээр "ХСҮТ-ийн хашаанд байгаа Дөрөвдүгээр эмнэлгийг авчихвал хавдрын эмнэлэг болгон ашиглах асуудлыг ярина" гэжээ.

Харин УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хувьд "Би тухайн үедээ Хөгжлийн банкнаас 36 тэрбум төгрөгийн зээл авч, таван жилийн хугацаанд 75 тэрбум төгрөг болгон төлж байгаа. Үүнийхээ 35 тэрбумыг төлж байтал цар тахал болж, хөрөнгө оруулалтын санхүүжилт зогссон. Үлдсэн мөнгөө төлөх боломжгүй байгаа учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очоод байна. Одоо энэ барилга Хөгжлийн банкны мэдэлд очсон.  Хөгжлийн банкны зээлдэгчдийг АТГ-аас шалгаж, бүх данс гүйлгээг хааж шалгаж эхэлсэн. Энэ бүх хориг одоо хүртэл үргэлжилж байгаа" гэдгийг олон нийтэд мэдээлсэн юм.

Дөрөвдүгээр эмнэлэг нь Монголдоо хамгийн том, орчин үеийн технологи, агааржуулалтын шийдлээр Япон стандартаар баригдсан байдаг. Харин төсөвт дэд бүтцэд нь 7,9 тэрбум төгрөг суусан Хавдрын шарилга хамгийн багадаа 3-4 жил баригдана гэж тооцоолж буй.

Дөрөвдүгээр эмнэлгийн барилгыг ШШГЕГ-аас 177 орчим тэрбумаар үнэлж, 50 хувийн үнэлгээний бууралтаар 88.9 тэрбумаар худалдан борлуулахаар зарласан. Худалдан авагч гарч ирээгүй тул Хөгжлийн банк хөрөнгийг царцаах арга хэмжээ аваад байгаа аж.

Тэгвэл Дөрөвдүгээр эмнэлгийг улсад авах талаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүгийн байр суурийг сонсоход, "Дөрөвдүгээр эмнэлгийг улсад авч болно. Ингэснээр 100 ор нэмэгдэнэ. Энэ бол хоёр талтай асуудал. Тэглээ гээд одоогийн Хавдар судлалын үндэсний төвийн барилга стандарт бус хэвээрээ л үлдэнэ.

Одоо нийт 229 ортой үүн дээр Дөрөвдүгээр эмнэлгийн 100 ор нэмээд 329 ортой болно.

Дөрөвдүгээр эмнэлгийн хувьд хавдрын зориулалттай барьсан ч зай талбай ихтэй, орны тоо цөөн эмнэлэг. Мөн ашиглалтын зардал өндөртэй. Шинээр баригдахаар төлөвлөөд буй Хавдрын шинэ эмнэлэг нь нийт 600 ортой, туяа болон цөмийн оношилгоо эмчилгээ хийх боломжтой болох юм" гэдгийг хэлэв.

Зураг төсөлгүй гэдэг шалтгаанаар олон жил улсын төсвөөс хасагдсан шинэ эмнэлгийн зураг төслийг гурван тэрбум төгрөгөөр "Бодь пропертийз" компани хийхээр тендерт шалгарсан юм. Өмнө нь Хавдрын шинэ эмнэлгийг нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Чулуутын аманд барихаар төлөвлөж байсан ч дэд бүтэцгүй гэдэг шалтгаанаар газрыг өөрчилсөн юм. Шинэ эмнэлэг барихад нийт 450-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Хавдрын эмнэлгийн хана нь зузаан буюу цацраг идэвхит бодит ялгардаггүй байхаас гадна туяа, цөмийн төвтэй байх гэх мэт олон улсын стандартад нийцсэн хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд хэлж буй.
Монголчууд хавдрын өвчлөлөөр дэлхийн тэргүүлэгч болоод багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч өнөөдрийг хүртэл Монголдоо ганцхан хавдраар мэргэшсэн эмнэлэгтэй байсаар байна.
Цаашид хавдрын өвчлөл нэмэгдэж, бага насны хүүхдүүд ч хавдраар өвчлөх нь нэмэгдэж байгаа энэ үед төр цаг алдалгүй хавдрын эмнэлгийн орны тоог нэмэгдүүлж, тоног төхөөрөмжөөс нь мөнгө харамлахгүй, өргөтгөж, шинэчилж байх үүрэгтэй. Харамсалтай нь Монголын төр эрүүл мэнд, боловсролын салбараа орхиж, анхаардаггүй байсны гороор өнөөдөр хүүхдүүд нь сургуульдаа багтахгүй, иргэд нь эмнэлэгтээ багтахгүй туйлдаж байгаа нь бодит үнэн. Ийм хүнд нөхцөлд 100 ороор ч хамаагүй нэмэгдүүлж, Дөрөвдүгээр эмнэлгийн барилгыг авч орны тоогоо нэмэхэд яагаад анхаарч болохгүй байгаа нь анхаарал татна. УИХ-ын гишүүн асан М.Билэгтдээ асуудал байна уу гэж хардмаар.
Угтаа бол хавдраар нэг ч гэсэн иргэнээ алдахгүй, цаг алдахгүй эмчилгээнд дугаарлаж зогсоо иргэнээ цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлье гэвэл М.Билэгт байна уу, Дорж байна уу хамаагүй бүх л боломжит хувилбаруудыг төр судалж, авч хэрэгжүүлэх үүрэгтэй.
Дөрөвдүгээр эмнэлгийг хэрэв улсад авбал ямар сул зай талбайг нь ашиглаж орны тоо нэмэх боломжтойг ч салбарынхан нь хэлж буй. Дөрөвдүгээр эмнэлэг өнөөдөр 88,9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Үүний 50 хувь нь төрийн өөрийнх нь мөнгө буюу Хөгжлийн банкны зээл. Хэрэв төр шийдвэр гаргаж, өөрийнхөө зээлийг тэглээд Дөрөвдүгээр эмнэлэг талдаа үлдэгдэл 50 хувийн мөнгийг өгч чадвал маш хямд зардлаар хавдрын орчин үеийн техник, технологитой эмнэлэгтэй болох боломж байна.
Харин үүнийг яагаад, хэний ашиг сонирхлоор сонирхохгүй, авахгүй байгаа нь цаанаа улс төр яваад байна уу гэж хардмаар.
Шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөж буй шинэ хавдрын эмнэлэг багадаа 3-4 жилийн хугацаа зарцуулна. Гэвч монголчууд өдөр, хоногоо тоолсон хавдрын өвчтэй хэдэн зуун хүний дараалалд дарагдсан байгаа бодит байдалтайгаа нүүр тулж, цаг алдалгүй авах арга хэмжээний нэг нь Дөрөвдүгээр эмнэлэг. Салбарын сайд, эмч нарын хэлж буйгаар 100 ороор нэмж, засвар, шинэчлэл хийвэл түүнээс ч олон тоогоор орны  тоог нэмэгдүүлэх боломжтой, авах асуудлыг төрд танилцуулах ажлаа яаравчилж чадвал эрүүл мэндийн салбарт хийх томоохон хөрөнгө оруулалт болно.
Одоогийн Хавдар судлалын үндэсний төвийн барилга нь 1981 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан.

Өмнө нь жилд 6500 орчим хорт хавдар оношлогддог байсан бол энэ жил 7200 болж нэмэгдсэн. Удахгүй 8000-д хүрнэ гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс улсдаа ганц хавдрын эмнэлгийн байраа томруулж, эмчилгээндээ орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлмээр байгааг салбарынхан нь учирлаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж