"Барилгын салбарынхан Монгол Улсынхаа хөгжлийн төлөө нэгдсэн"

"Барилгын салбарынхан Монгол Улсынхаа хөгжлийн төлөө нэгдсэн"

"Барилгын салбарынхан Монгол Улсынхаа хөгжлийн төлөө нэгдсэн"

-ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 5 ЧИГЛЭЛ БУЮУ БАРИЛГЫН САЛБАРЫН СЭРГЭЛТ-

Монголын барилгын үндэсний ассоциац /МБҮА/ хэмээх бүтээн байгуулалтын салбарын хамгийн том нэгдэл бий болоод 15 жил өнгөрсөн байна.  Тус ассоциацийн ерөнхийлөгч Н.Баярсайхантай салбарын үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.


 Монголын Барилгын Үндэсний Ассоциацын Ерөнхийлөгч Нямрагчаагийн Баярсайхан

  • Улаанбаатар хотод төрсөн.
  • Нийслэлийн 24 дүгээр дунд сургууль,
  • ШУТИС
  • ИБУИНХУ-ын Манчестерийн Их Сургуулийн Global MBA programm-ыг тус, тус дүүргэсэн.

-Монголын барилгын үндэсний ассоциац ТББ-ыг  ямар зорилгоор  байгуулсан юм бэ. Үндэсний бүтээн байгуулалтын хамгийн том нэгдэлдээ танай салбарынхан  бүгд нэгдсэн үү?

2008 оны дэлхийн санхүүгийн хямрал Монголын эдийн засагт нөлөөлж,  түүний дотор барилга үл хөдлөх хөрөнгийн салбарт  огцом уналт бий болсон. Тэр  үед барилга хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг бидний хэдэн нөхөд нийлж хямралыг    хохирол багатай хэрхэн туулах вэ гэж ярилцан,  үүний төлөө нэгдэж,  төр засагт асуудлуудаа тавьж  ажиллах зорилготой  МБҮА ТББ-ыг  байгуулж байлаа.

Зовлон, жаргал нэгтэй болоод ч тэр үү  бид их хурдан, сайн нэгдэж чадсан. Тэр үед Монгол Улсын тухайн үеийн  Ерөнхийлөгчөөс эхлээд уулзаагүй дарга, ороогүй газар үгүй.  Үр дүнд нь төрөөс анх удаа төрийн албан хаагчдад зориулсан 4000 айлын Ипотекийн зээлийн санхүүжилтийн хөтөлбөр эхлүүлж,  зогсонги байсан зах зээлд  амь тариа  болсон.   МБҮА бол хамгийн  органик  хэлбэрээр үүсэн байгуулагдсан ТББ-уудын нэг гэж хэлж болно. Ер нь барилгын салбарыг өргөн утгаар нь авч үзвэл нүүдэлчдийн уламжлалт гэр хийцээс эхлээд орчин цагийн томоохон төслүүдийг хамарч,  хүн төрөлхтөний хөгжил дэвшил, соёл иргэншлийн ул мөр, гэрч  болж,  хүмүүсийн ажиллаж амьдрах орчин,  ажил орлогын эх үүсвэр, цаашилбал  улс орны бизнес эдийн засгийн тогтвортой хөгжил, аюулгүй байдалтай ч холбоотой бөгөөд зураг төслөөс эхлээд  тавилгаа тавиад, хөшиг тогтоох хүртэлх зуу зуун бизнесийг араасаа чирдэг онцгой чанартай бүтээгдэхүүн, үйлдвэрлэл. Тиймээс манай ассоциац  улсынхаа  хөгжлийн ирээдүйтэй  нэгдмэл холбоотой байж,   хөгжилд хувь нэмэр оруулах л зорилго тавьсан. Олон айлыг орон байртай, амар тайван  амьдрах боломжийг бүрдүүлэхээс эхлээд  хэтийн зорилтоо  Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө гээд л нэгдэцгээсэн  юм.

Ингэж чадвал энэ байгууллага өөрөө аяндаа хөгжих чадвар нь бүрдэж, урт удаан  хугацаанд оршин тогтнох чадавхтай болно. Ийм учраас өөрсдийнхөө явцуу зорилгыг хэзээ ч дангаар дэвшүүлж болохгүй.

Өнөөдрийн байдлаар МБҮА  барилгын төсөл хөгжүүлэгчид, гүйцэтгэгчид буюу гэрээлэгчид, архитектур, зураг төсөл зохиогч, барилгын ханган нийлүүлэгчид, зөвлөх үйлчилгээний компаниуд, материал үйлдвэрлэгчид, үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын 200 орчим гишүүн компаниас бүрдсэн  том гэр бүл болж чадсан байна.

Гишүүн компаниудаас эхлээд ажил  олгон  хамтран ажиллаж буй компаниудыг оруулаад тоон дүнгээр  авч үзвэл   зуу мянга гаруй  ажлын байрыг   улсдаа бид  бий болгож явна. Өөрөөр хэлбэл  барилгын төслийн  гол хөрөнгө оруулагчид  буюу эрсдэлээ үүрэгчид манай гол цөм юм. Борлуулалтын хэмжээгээрээ нийт салбарын 60 гаруй хувийг эзэлж байна.

-Монголын Барилгын Үндэсний Ассоциацын хөгжил бусад улсынхтай харьцуулахад  ямар түвшинд байна вэ.  Энэ салбарт хамгийн их тулгамдаж буй асуудлууд юу байдаг вэ?

-15 жилийн түүхтэй МБҮА ТББ-ыг өндөр хөгжилтэй орнуудын барилгын холбоодтой харьцуулахад туршлага дутмаг, хүнээр бол өсвөр насандаа яваа хэдий ч энэ нас бол хамгийн эрч хүчтэй нас юм.  Бид “Монголын барилгын салбарын хөгжилд зөв  манлайлал үзүүлж ажиллана” гэсэн уриатай.  Цаашдаа хэд хэдэн  чиглэлээр ажиллах зорилготой. Нэгдүгээрт, Дотооддоо улам олуулаа болон нэгдэн нягтарч, супер гүйцэтгэх чадвартай холбоо болох хэрэгтэй. Хоёрдугаарт, Хэрэглэгчидтэй нягт хамтран ажиллаж, тэдэнд чухам ямар бүтээгдэхүүн хэрэгтэй байгаа, барилгаас шалтгаалсан ямар асуудлууд, хүндрэл бэрхшээлүүд  бий болоод байгааг сайн мэддэг байх хэрэгтэй.  Гуравдугаарт, Төрийн холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах хэрэгтэй байна. Ингэснээр улс орны хөгжлийн зорилт, стратегитай ажлаа уялдуулах боломж бүрдэнэ. Дөрөвдүгээрт,  Харилцан уялдаатай бусад салбартай нягт хамтран ажиллах хэрэгтэй. Тухайлбал банк санхүү, эрчим хүч, тээвэр гэх мэт. Ингэснээр салбарт тулгамдаж буй бусад салбартай холбоотой асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлээд явах боломж бүрдэнэ. Тавдугаарт,  Хөгжингүй орнуудын ижил төрлийн холбоодтой маш сайн хамтарч ажиллан  барилгын салбарын  орчин цагийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах, тэднээс мэргэжил, мэдлэг, мэдээлэл, нөү хау технологи тасралтгүй авдаг байх шаардлагатай.  Дунд, урт хугацаандаа Монголын барилгын салбарыг дэлхийн зах зээлд гаргах нөхцөлийг одооноос бодлогоор бүрдүүлэх хэрэгтэй байна.

Энэ таван чиглэлийн хамтын ажиллагаа нь Монгол Улсын хөгжлийн төлөө гэсэн ганцхан зорилго дор  нэгдэж байгаа тул амжилттай байх бүрэн боломжтой.

– Монголын барилгын  салбарын ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

– Монголын барилгын салбарын өсөлтийн цаг үе үргэлжилсээр байна. Хөгжингүй орнуудын хотжих үйл явц 80-аас дээш хувьтай байдаг. Жишээлбэл Их Британид энэ үйл явц 90 хувьтай. Манай улсын хувьд  60  орчим хувьтай байна. Орчин цагийн чиг хандлагыг дагаад энэ үйл явц манай улсын хувьд цаашид тасралтгүй үргэлжилж,  нөгөө талаас хөдөөд гол төлөв хүний оролцоо багатай автоматжсан фермерийн аж ахуйнууд бий болох нь цаг хугацааны асуудал юм. Гагцхүү барилгын компаниуд хэрэглэгчдээ хүндлэн илүү сайн ажиллаж,  чанартай сайн  бүтээгдэхүүнээр үйлчилж чадвал энэ салбарт хөгжих асар их орон зай байна. Нөгөө талаар Монгол Улсын барилгын салбарын хөгжил байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, хүн төвтэй барилга барихад  чиглэгдэх ёстой.

-Автозамын  түгжрэл, агаарын бохирдол, хот төлөвлөлт зэрэг тулгамдсан олон бэрхшээл иргэдийг  бухимдуулж байна. Үүнийг  хот төлөвлөлтөө буруу хийснээс эхлэлтэй гэдэг…

-“Асуудлыг шийдэх шийдэл нь үргэлж асуудлын гадна байдаг“ гэдэг дээ. Өөрөөр хэлбэл түгжрэлээ шийдэх гээд замаа өргөтгөөд  эсвэл машинаа хааж боогоод байвал хэзээ ч асуудлаа шийдэж чадахгүй, харин  шийдлээ өөр  өнцгөөс хайх ёстой гэсэн санаа л даа. Жишээлбэл миний санаачилсан Төр засгийн байгууллагуудыг Хөшигийн хөндийд нүүлгэх замаар 500 мянган хүнтэй шинэ хот байгуулж, Улаанбаатар хотыг тэлэн, төвлөрлийг сааруулах  загвар байна. Энэ нь зөвхөн төвлөрлийг сааруулаад зогсохгүй биеэр уулзахгүй-дижитал Засгийн газар, орчин үеийн хот төлөвлөлтийн шинэ загвар, ухаалаг, тогтвортой барилгын загварыг шингээсэн хот болж,  хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, тухайн бүс нутгийн хөгжлийг түргэтгэх, шинэ нисэх  буудлын ойролцоо  баригдах эдийн засгийн чөлөөт бүсийн баталгаа болох, боловсрол, соёл шинжлэх ухааны төв байх, Төр засгийн үйлчилгээний нэгдсэн цогцолбор, Олон улсын хурал цуглааны хот болох, улмаар  нүүдэл суудалд ч Засгийн газар өөрөө уриалагч, манлайлагч байх зэрэг олон цогц асуудлуудын шийдэл байх юм.

-Бусад  улс орнууд бүхий л салбартаа инновац нэвтрүүлж,  хөгжлийн хурдыг нь гүйцэхэд бэрх боллоо. Танай салбарт гарч буй өөрчлөлтүүдээс яриач?

-Аль ч салбарт инновац хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орнуудын нэвтрүүлж буй өндөр өртөгтэй шилэн барилгууд, үнэтэй тоног төхөөрөмжид шингэсэн инновациудын хойноос хэт хөөцөлдөж, ялгарах гэж ядах нь инновац биш юм. Харин тогтвортой хотууд, тогтвортой барилгууд гэсэн ойлголтын дор байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, бага өртөгтэй барилга барьж байгаа Скандинавын орнуудын туршлага нь жинхэнэ инновац юм. Байгаль, цаг уурын  хувьд ч манайд их тохирно. Тэд байгалиа хайрлахад  анхаарч, байгалийн гаралтай материал ашигласан, дулаан алдагдал багатай, даруухан хийцтэй, өндөр биш барилгууд барьж, сэргээгдэх эрчим хүчийг ашиглан ажиллаж, амьдарч байна.

Манайх шиг өргөн уудам газар нутагтай, дөрвөн улиралтай, нар салхины арвин их нөөцтэй оронд шинжлэх ухааны багтаамж илүү шингэсэн,  байгальтайгаа  илүү зохицсон, сэргээгдэх эрчим хүчээр тэжээгддэг, нам давхрын барилгууд илүү зохимжтой.

-МБҮА-ыг салбарын яамнаасаа илүү эрх мэдэлтэй боллоо гэх юм. Танайх элдэв зөвшөөрөл энэ тэр өгдөг  юм уу. Яагаад ийм яриа гарах болов?

-Магадгүй бид салбартаа олон ажил санаачлан, илүү идэвхтэй ажиллаж байгаа нь  тэгж харагдаж байж болох юм.  Миний бодлоор хамгийн их эрх мэдэлтэй хүмүүс бол  иргэд буюу хэрэглэгчид юм. Хэрэв тэд барьсан барилгыг минь авахгүй бол бид уснаас нь гаргаж хаясан загас шиг амь тавих биз дээ.

Эрх мэдэл бол хэдийд ч төр засгийн байгууллагуудад байгаа. Хэдийгээр МБҮА ТББ нь барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулж байгаа хэдий ч түүнийг баталгаажуулдаг газар нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам юм. Бид зөвхөн техник ажлыг нь төрийн чиг үүргийг гүйцэтгэх зарчмаар нийтийн үйлчилгээ үзүүлэн, төрийн ачаанаас үүрэлцэж байгаа л юм. Харин бид энэ үйлчилгээг олон нийтэд чанартай, түргэн шуурхай, ямар ч будилаангүй үзүүлэх ёстой.

МБҮА болон манай салбарын түншлэгч зургаан  холбоо сүүлийн 7 жил гаруй хугацаанд салбарын яам, холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүнд  тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг улсдаа анх удаа бүрэн цахимжуулсан. Аж ахуйн  нэгжүүд  шаардлагаа бүрэн хангасан л бол ажлын 5-7 хоногт зөвшөөрлөө  авдаг болсон нь илүү шуурхай, чирэгдэлгүй болж, Дэлхийн банкны “Doing business” судалгааны  Барилгын зөвшөөрлийн тогтолцооны хялбар байдлаар дэлхийн 129 улсаас 29 дүгээр  байрт орж, төр хувийн хэвшлийн үр бүтээлтэй хамтын ажиллагааны сайн жишээ болсон. Цаашдаа илүү хялбар болгох, хөгжингүй орнуудын туршлагаас суралцах, эдгээрээ Барилгын тухай хуулийн шинэчлэлтэй уялдуулах шаардлага бий.

 “Москва нэг өдөр бий болоогүй” гэж үг байдаг байх аа. Ер нь төр засаг цаашдаа засаглалаа зөв тогтоосон туршлагатай хувийн хэвшлийн байгууллага, төрийн бус байгууллагуудад   итгэл хүлээлгэж, хийж чадах ажлыг нь зоригтой шилжүүлэн өгвөл нэг талаас ачаа нь хөнгөрч,  төсвөө хэмнэх,  нөгөө талаас ашиг сонирхлын зөрчил, авлига өгдөг, авдаг асуудлууд цэгцрэх  бүрэн боломжтой. Өндөр хөгжилтэй, парламентын засаглалтай орнуудын туршлагаас харахад салбаруудын  ТББ-уудыг институтийн хувьд нь илүү бэхжүүлж, бодлогоор дэмжих  нь тухайн салбарын хөгжлийн бодлогын залгамж  халааг тогтвортой байлгах, түүнд хоточ нохойн  үүрэг  гүйцэтгэх зэрэг  улсын хөгжлийн суурь болдог гэж үзэж ирсэн. Гэхдээ  энэ нь төр  хяналтаа сулруулах тухай асуудал биш шүү.

-Танай байгууллага Ази болон Зүүн өмнөд Азийн барилгын гэрээлэгчидтэй хамтын ажиллагаа сайн  байгааг өнгөрсөн жилийн том хурлаас харсан?

-МБҮА ТББ нь Азийн ба Баруун номхон далайн орнуудын гэрээлэгчдийн ассоциациудын Олон улсын нийгэмлэг (IFAWPCA , Япон, БНСУ, Сингапур зэрэг 20 гаруй өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын Барилгын үндэсний ассоциациудын Нийгэмлэг)-ийн гишүүнээр 10 дахь жилдээ, Удирдах зөвлөлийн гишүүнээр 5 дахь жилдээ ажиллаж байна.  Тус  байгууллагын нийт 20 гаруй улсын 200 гаруй төлөөлөгч ирж оролцсон, дунд хугацааны чуулганыг өнгөрсөн онд анх удаа эх орондоо зохион байгууллаа. Энэ чуулганаар улсынхаа  барилга, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын  нөхцөл байдлыг гадаадын томоохон гэрээлэгчдэд сурталчлан таниулж, хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах боломжийг бүрдүүлж,  Монгол Улсын барилгын салбарын нэр хүндийг шат ахиулсан үйл явдал болсон.

Манай барилгын салбарын гадаад хамтын ажиллагаа нэлээд сайжирч байгаа гэж сонссон. Энэ тухайд жаахан дэлгэрүүлж болох уу. МБҮА үүнд анхаарал хандуулж байгаа  гэж ойлгосон…

– Тийм ээ, жил бүр БНХАУ-ын Засгийн газар болон Хятадын олон улсын гэрээлэгчдийн нийгэмлэг (CHINCA)-ээс Макаод зохион байгуулдаг “Олон улсын барилга-дэд бүтцийн хөрөнгө оруулалт” чуулганд эх орноо төлөөлөн оролцож байна.  CHINCA-тай хамтран  БНХАУ болон Монгол Улсын барилга-дэд бүтцийн хөрөнгө оруулалт бизнес форумыг Бээжин хотод 2025 оны хавар, 9 дүгээр сард дэлхийн 60 гаруй  улсад зохиогдсон “China Construction Expo”-гийн ээлжит аяллыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөөд бэлтгэл ажилдаа ороод байна.  Түүнчлэн Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо  болох ФИДИК нь Монгол Улсын барилгын салбараас анх удаа  МБҮА ТББ-ыг “Түншлэгч гишүүн”-ээр элсүүлэх шийдвэрийг Удирдах зөвлөлийн хурлаараа дэмжиж, өнгөрсөн оны 9 дүгээр сарын 10-ны өдөр  Сингапурт болсон ФИДИК-ийн ерөнхий ассамблейн хуралд (GAM) оруулан соёрхон баталлаа. ФИДИК нь Швейцарын Женевт 1913 оны долдугаар сарын 22-ны өдөр байгуулагдаж байсан.  Одоо  дэлхийн 100 гаруй гишүүн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, олон улсад Барилга, бүтээн байгуулалтын жишиг гэрээ (Suite of Contracts), сургалт, судалгаа (ФИДИК-ийн академи, гэрчилгээжүүлэлт), маргаан шийдвэрлэлт, эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 110 жилийн түүхтэй байгууллага.

Саяхан  Европын сэргээн босголт, Хөгжлийн банкнаас ФИДИК-ийн гэрээг өөрийн санхүүжүүлэх төслүүддээ дахин 5 жилээр хэрэглэх болсон төдийгүй  Дэлхийн банк, мөн Азийн хөгжлийн банк  ФИДИК-тэй хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн явуулахаар гэрээгээ сунгаж байна. Дэлхийд ФИДИК-тэй ижил төстэй хэрэглэгдэж байгаа гэрээнүүд байгаа. Эдгээр гэрээнүүдээс хамгийн зохицуулалт өндөртэй, давуу талтай нь ФИДИК-ийн гэрээ юм. Өөрөөр хэлбэл, иргэний хуулийн зохицуулалттай худалдан авалтын гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, үйлчилгээ үзүүлэх, даалгаврын гэрээ гэх мэт заалтууд бүгд багтсан, олон талын зохицуулалтыг тусгасан холимог гэрээ байдгаараа давуу талтай юм. МБҮА-ыг ФИДИК-т элсэхэд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам  болон Азийн ба Баруун номхон  далайн гэрээлэгчдийн ассоциациудын Олон улсын нийгэмлэг болох IFAWPCA-аас маш сайн дэмжсэн.

МБҮА  нь ФИДИК-ийг түншлэгч гишүүн” нь болсноор, барилга, хот байгуулалтын салбарт ФИДИК-ийн гэрээг хэрэгжүүлэх, гэрээг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, сурган чадавхжуулах ажлыг зохион байгуулах, салбарын үйл ажиллагаанд оролцогч хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогчдын хоорондын харилцааг зохицуулах, эрх тэгш байдлыг хангах, хамгаалан ажиллах үүргийг хүлээж байгаа болно. Мөн Монгол Улсад ФИДИК-ийн тухай мэдээлэл, гэрээг түгээх гишүүн болон үндэсний хэмжээний холбоодын нийтлэг мэргэжлийн эрх ашгийг хөгжүүлэх, Монгол Улсын барилгын салбарт Олон улсын гэрээ, эрх зүйн орчныг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлж шинэ дэвшил, эргэлтийг авчрах таатай нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааг явуулах болно. Нөгөө талаас их том хариуцлага гэж ойлгож болно. ФИДИК-ийн лицензтэй сургагч багш, зөвлөх инженерүүд, гэрээний мэргэжилтнүүдийг бэлдэх, маргааныг шийдвэрлэх зөвлөлийг байгуулах зэрэг олон ажил хийгдэнэ.  Өнгөрсөн сард МБҮА-ын  дэргэд Барилга дэд бүтцийн  Олон Улсын Арбитр байгуулагдаж гэрчилгээгээ Хууль зүйн яамнаас албан ёсоор авч ажлаа эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Товчоор  хэлбэл манайд барилгын үйл ажиллагаатай холбоотой гэрээ, эрх зүйн орчин олон улсын түвшинд хүрч, барилгатай холбоотой дуусдаггүй хэрүүл маргаан, шүүхээр дамжин удааширдаг үйл явц цэгцэрч нөгөөтэйгүүр гаднын хөрөнгө оруулагч нар ч энэ салбарт хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэнэ гэсэн үг. Энэ мэтээр  гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж,  Монголынхоо  барилгын салбарыг  гадаадад сурталчлах, гаднын хөгжингүй орнуудын туршлага, стандартуудыг Монгол Улсдаа нэвтрүүлэх талаар идэвхтэй ажиллаж байна.

-Дэлхийн барилгын хөгжлийн талаар мэдээлэл өгөөч. Салбарын хөгжлийн төлөө хөрөнгө оруулалт татах талаар ямар ажлууд хийж байна?

-Дэлхийн барилгын салбарын ирээдүй сайн байгаа ч нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдал, эрчим хүч, материал болон цалингийн зардлын өсөлт, ажиллах хүчний хомсдол зэрэг асуудлууд байсаар л байна. Мөн дэлхийн эдийн засгийн хямрал үүсэж болзошгүйг  шинжээчид анхааруулсаар  байна. Хэдхэн жилийн өмнө  цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямрал дөнгөж  дуусаж, сэргэх хандлагатай байтал залгаад  шинэ  нөхцөл байдлууд  үүсэж байна.  Нэг талаас  глобалчлал явагдаж буй ч нөгөө талаас үүнийг үгүйсгэдэг үндсэрхэг үзэлтэй  удирдагчид гарч ирж зөрчилдөж эхэллээ. Зэрэгцээд  геополитикийн асуудал, дайн дажин гээд эгзэгтэй цаг үед бид ажиллаж амьдарч байна. Үүнтэй холбоотойгоор үүссэн  хүндрэлүүд ч  Монгол Улсад  сорилт болж болзошгүй гэсэн бэлтгэлтэй байх хэрэгтэй.  Үүнд гадаад харилцаа, хамтын ажиллагаа  чухал үүрэгтэй. Жишээ нь цар тахлын үед  IFAWCA тахлаас үүдсэн Барилгын төсвийн өсөлтийг төр-хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллаж шийдэл гаргаж байгаа тухай гишүүн орнуудын туршлагаас хуваалцаж, зөвлөмжөөр гишүүдээ хангаж ажиллаж байлаа.

Одоо ч  IFAWCA  болон ижил төрлийн түнш холбоодтой байнгын харилцаатай,  зохион байгуулж байгаа бүх үйл ажиллагаанд нь тогтмол  оролцож,  мэдээллээ солилцож байна. Тиймээс  орчин цагт  манай салбар  төдийгүй бусад салбаруудын хөгжлийг гадаад хамтын ажиллагаагүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ.

-Танай ассоциац Засгийн эрх хамтран барьж байгаа намуудад салбарынхаа хөгжилтэй холбоотой саналаа хүргүүлэн мөрийн хөтөлбөрт нь тусгуулсан гэсэн. Ямар саналууд байсан бэ?

Олон санал байгаа ч 500 мянган хүнтэй “Шинэ Улаанбаатар” хотыг барьж байгуулах санал хамгийн чухал нь гэж бодож байна. Сонирхож байвал энд дарж уншаад үзээрэй.

-Иргэд  хямд, чанартай орон сууцанд орох л хүсэлтэй байдаг.  Гэтэл Монголд орон сууцны үнэ тэнгэрт хадсан  гэж гомдоллодог. Дээр нь банкны хүү, зээл төлөх хугацаатай холбоотой гомдол ч тасардаггүй. Мэдээж дулаан  орнуудад барилгын өртөг харьцангуй бага учраас хямд байх зэрэг тайлбарууд байдаг л байх…

-Нэгдүгээрт, Манай нийслэл  хойд болон урд талаараа хоёр том уулаар хүрээлэгдсэн, дундаа 2 гол, 1 төмөр замаар хуваагдсан газар зүйн байршилтай хот.  Нөгөө талаас дэд бүтцээ дагасан хэт төвлөрөл бий болсноор газрын үнэ тэнгэрт хаддаг.  Хоёрдугаарт, барилгын материалын дийлэнх нь импортынх. Энэ тал дээр төгрөгийн ханш  гадаад валютын эсрэг тогтмол  уналттай явж ирсэн болон тээвэр логистикийн хүндрэл удаашрал барилгын зардалд  байнга нөлөөлж ирлээ. Улирлын чанартай бизнесийн бараа  материал хил дээр  гутал хувцастай холилдоод дугаарлаад зогсдог. Гуравдугаарт, цар тахлын дараа ажиллах хүчний дийлэнх  нь гадаадад гарч,  ажиллах хүчний хомсдолд орсон зэрэг нь  барилгын зардлыг их хэмжээгээр өсгөлөө. Тийм учраас төрийн оролцоотойгоор энэ хүндрэлүүдийг шийдэхээс аргагүй байдалд хүрээд байгаа. МБҮА нь дээрх асуудлуудыг шийдүүлэх талаар удаа дараа шат шатны байгууллагуудад хандсаны үр дүнд удахгүй гадаадаас ажиллах хүч авах эрх, боломж нээгдэх болов уу гэж харж байна. Дөрөвдүгээрт,  худалдан авагчид  мэддэггүй нэг үл үзэгдэх зардал байдаг. Энэ бол авлигын зардал.   Бүгдээрээ  мэддэг мөртлөө  хэзээ ч ярьдаггүй.   Үүнийг нээлттэй хэлэлцэж,  авлига бий болгоход нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн жагсаалтыг гаргаад,  хамтраад   нэг мөр  цэгцлэх  цаг нь болсон. Тухайлбал Барилгын А даалгавар  авахаас  эхлээд барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах үйл явцыг  хагас цахимжуулсан гэх боловч үнэн  хэрэгтээ   барилгын компаниуд энэ  процесс дээр 1-2 жил зарцуулж байна. Маш олон  гарын үсэг шаардана.  Хурлууд  нь байнга хойшилно. Сонгууль, наадам, аймаг, сумын ой  нь давхцана. Энэ хооронд барилгын үйл ажиллагаа, санхүүгийн зардлууд нэмэгдээд л явна. Улирлын чанартай бизнес тул аргагүйдээд авлига өгч, авдаг болсон байх.  Ийм нөхцөлтэй бас жижиг зах зээлд тэсэж үлдэх  цорын ганц арга гэж ч харсан байх. Энэ бүх зардлууд нийлээд эцэстээ хэрэглэгч дээр очиж байна.

Харин салбарын  сайд  Ж.Батсуурь хэлэлцүүлэг  хийж, энэ асуудлаар   нээлттэй ярилцаж, шинэчлэл хийх  байр суурьтай  ажлаа  шуурхай эхэлж байгаад   салбарынхан, бизнес эрхлэгчид талархалтай байна. Удахгүй ажлууд  илүү хялбар болох байх. Бид ч бас зовлон гомдол тоочихгүй, судалгаа, тооцоо, гарц шийдэлтэйгээр хоцрогдсон дүрэм журмуудыг өөрчлөхийн төлөө ажиллаж, дэмжин хамтран ажиллах болно.

Аргентины шинэ ерөнхийлөгч Хавьер Милэй 211 хувийн инфляцыг 2.4  хувь  хүртэл бууруулж  “Шинэчлэл хийхэд хэдэн арван жил хэрэггүй. Гагцхүү зориг л хэрэгтэй“ гэж хэлсэн. Үнэхээр ч зориг гаргаж чадсан.    Тэр хүн  сүүлийн зургаан  сарын дотор  бизнесийг боомилж байсан 3000 дүрэм журмыг хүчингүй болгосон гээд бодоод үз дээ.

-Орон сууцжуулах хөтөлбөрийг төрөөс  хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авдаг. Энэ нь бүтэлгүйтэх тохиолдол ч бий. Жишээлбэл бага,  дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах ипотекийн хөтөлбөр байна. Энэ зээл үндсэндээ орлого сайтай иргэдэд очоод зорилтот иргэддээ хүрсэнгүй. Танай ассоциац энэ хөтөлбөрт оролцдог уу?

-Төрөөс хэрэгжүүлж буй ямар ч төсөл хөтөлбөрт нэг л зарчмын санал бид  тавьж ирсэн. “Аж ахуйн төслийг төр  өөрөө битгий хийгээч ээ. Ашиг сонирхлын зөрчил үүсдэг тул бүтэлгүйтэх эрсдэлтэй. Хувийн хэвшлийн мэргэжлийн холбоодод менежментийн гэрээгээр өгчих өө” гээд. Эсвэл “Төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хувийн хэвшлийн байгууллага нь давуу эрхтэйгээр төслийн менежментийг нь хийгээд явъя. Та бүхэн хяналтаа тавиа” гэдэг. Харамсалтай нь одоогоор нэг ч төсөл хөтөлбөр тийм загвараар явсангүй. Төрийн эхлүүлсэн төсөл бүр  бүтэлгүйтсэн гэхэд нэг их зөрөхгүй болов уу. Зарим нэг нийгмийн шинжтэй томоохон  төслүүдийг бид санаачлаад загвар концепцийг нь хийгээд өгч байсан ч түүх бий. Одоо үндэснийхээ мэргэжилтнүүдийг сонсох, үндэсний компаниуддаа итгэл хүлээлгэж, ажил даалгах цаг нь ирсэн шүү дээ. МБҮА-ын гишүүн компаниуд төрөөс итгэл хүлээлгэвэл улс орон, нийгмийн чанартай томоохон төслүүдэд  төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар орж,   ачаа  үүрэхэд  бүрэн  бэлтгэгдсэн. МБҮА-ын талаас барилгын салбар дахь бүхий л  ажиллагаа, салбар доторхи харилцаа, тогтолцооны технологи төдийгүй Монгол Улсын хөгжлийн-тэр дотор  бүсийн хөгжлийн асуудлаар бүтээлтэй   санаачлага гаргаж оролцоход бэлэн байгаа.

– Ингэхэд та  яагаад барилгын салбарт хөл тавих болсон юм.  Уг нь өөр салбарт бизнес эрхэлж байсан санагдах юм…

-Ямар ч салбар барилга дотор үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас их сонирхолтой, таашаалтай бизнес. Зүүн тийш явах гэж гараад баруун тийш явчихсан байна гэдэг үлгэр шиг миний хувьд энэ салбарт санамсаргүй орсон. Энэ хугацаанд амжилт, бэрхшээл аль алийг нь л үзлээ. Зарим үед өсөлттэй яваа бусад салбарыг хараад атаархах үе ч байлаа. Гэвч хүний амьдрал хязгаартай. Тийм учраас олон зүйлд тарамдалгүй нэг салбар тойрсон олон  ажлыг  хамгийн сайнаараа хийх бодолтой явна. Хүч хөдөлмөрөө зарж барьж байгуулсан барилгад минь  хүмүүс ажиллаж, амьдраад, ажил амьдрал нь өөдөлж  явахыг харах  ч зүйрлэшгүй   сайхан мэдрэмж.

-Таныг энэ нэгдлийн тэргүүнээр сонгосон.  Бизнесийнхээ  хажуугаар сонгуульт ажилд хамаг цагаа гаргаад явах нь танд зүгээр үү?

-Миний хувьд энэ байгууллагын үндэслэн байгуулагчдын нэг. Нөгөө талаас  Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгчөөр олон жил ажилласан. Миний өмнөх ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд надад санал тавиад, нөгөө талаас танхим дүүрэн гишүүд дэмжээд ирэхээр олон хүний итгэлээс хүн зугтаж чаддаггүй юм билээ. Энэ ажил хувь хүнээс цаг зав их шаарддаг.

“Тогоонд хоолгүй бол аяганд хоолгүй” гэдэг шиг Монголын барилгын салбар өөдрөг байвал бидний ажил, бизнес өөдрөг байж таарна биз дээ. 

                                                                          Ярилцсан    Д.Мөнгөндалай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж