Э.Бат-Үүл: Энэ парламентын чадамж унасан

Хуучирсан мэдээ: 2024.12.05-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Энэ парламентын чадамж унасан

Э.Бат-Үүл: Энэ парламентын чадамж унасан

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


УИХ-аар баталсан 2025 оны төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Тиймээс Засгийн газар хоёр дахь удаагаа төсвийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн барилаа. Үүнийг та юу гэж харж байна вэ?

Ерөнхийлөгч ирэх оны төсөвт хориг тавихаас өөр аргагүй байсан  байх. Яагаад гэвэл улс орны өмнө тулгамдасан асуудлыг шийдэхээс илүү улс төрийн намууд бялуугаа хуваах гэсэн төсөв юм.

Улаанбаатарын дулаан хангамжин хомсдол нүүрлэсэн. Энэ өвөл дулаан тасарч магадгүй. Дүн өвлийн хүйтнээр эрчим хүчээр хангаж чадахгүй асуудалд орчихсон. Нэг үгээр хэлбэл, Улаанбаатар онцгой нөхцөл байдалд орчихоод байхад баталж байгаа төсөв нь энэ асуудлуудыг шийдвэрлэхэд тусгагдаагүй байна. Тэгсэн мөртлөө Богд уулыг нүхлэнэ гэж ярих юм. Эхлээд нийслэлийн эрчим хүчний асуудлаа шийдэх хэрэгтэй. Богд уулыг нүхлэх ажлын өртөг гурван их наяд байснаа сүүлдээ таван их наяд болсон байсан. Энэ мөнгөөр шинээр таван том цахилгаан станц барина, түгжрэлийг шийднэ, цаашлаад гэр хороололгүй болгох ч боломжтой. Бид нар суурь асуудлаа ярихгүй байна. Гэр хорооллын дэд бүтцээ шийдвэрлэе л дээ. Дараа нь уул нүхлэх тухай ярья л даа. Хотын төвлөрлөө сааруулах гэж байгаа бол Налайхын төмөр замаа хос болгооч. Шувуун фабрик, Партизан руу явж байгаа төмөр замаа хос болго л доо. Тэгвэл төмөр замаа дагаад суурьшил бий болно шүү дээ. Одоо нийслэл хотын дундуур асар их шатахуун, хий тээвэрлэж байна. Өнгөрсөн жилийнх шиг дэлбэрвэл яах вэ. Өөрөөр хэлвэл, нийслэл гамшгийн аман дээр л байна шүү дээ. Богд уулын урдуур тэр замаа тавьчихгүй яасан юм. Энэ мэт тулгамдаж тбайгаа асуудалд ач холбогдолгүй төсөв байсан.

Хамтарсан засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. 2028 он хүртэл 14 мега төслийг хэрэгжүүлэх боломжтой юу. Эсвэл эрэмбэлэх байсан уу?

14 мега төслөө эрэмбэлэх ёстой. Яг үнэндээ мега төслүүд гэдэг бол суурь асуудал буюу дэд бүтэц рүү чиглэх ёстой.

Таныг нийслэлийн Засаг дарга байх үед Улаанбаатарын 33 уулзварыг санаачилж хэрэгжүүлээд түгжрэлийн эсрэг ажлыг эхлүүлж байсан. Харин одоо бол Монгол бүх арга чаргаа хэрэглээд дуусч байх шиг байна?

Улстөрчдийн фантазаар хөрөнгө хуваарилж болохгүй. Эхлээд шийдэх дэд бүтцээ зөв шийдсэн бол утаагүй байх байсан. Метро барих, тусгай автобусын зам тавьж нэвтрүүлэх зэргийг гаднаас зээл тусламж авахгүйгээр хийж болох байсан. Үүний цаана юу байна гэхээр авлигалын хөрөнгө оруулалт байгаа юм.

Нийслэл ирэх оны төсвөө нууцаар баталсан гэдэг шүүмжлэл байна. Үүний ард авлига, хулгай нуугдаж байж болох уу?

-Татвар төлөгчдийн мөнгөөр хийх ажлаа нууж батлана гэж юу гэсэн үг вэ. Улстөрчид, иргэд төсөв дээр хэрхэн нямбай хандаж буйг Өмнөд Солонгосын жишээ харууллаа.Төсвөөсөө болж төрийн эргэлт гарчих шахлаа. Нууж төсөв батлана гэдэг бол хууль зөрчсөн хэрэг. Нууж баталсан нь нотлогдвол хууль бус төсөв болчихно.

Улсын төсөв нь батлагдаагүй байхад нийслэлийн төсвийг батлах нь зөв үү?

-Ингэж нийгмийн толгой эргүүлж байгаагийн цаана ямар нэг юм байдаг. Тэрнийг аргалах гэж, анхаарлыг холдуулах гэж толгой эргүүлж байна.

Авто машины албан татварыг нэмж байна. Татвар нэмсэнээр түгжрэл буурах уу?

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулаагүй байж авто машины татварыг нэмнэ гэдэг жишиг бусад улс оронд байхгүй. Одоогийн нөхцөл байдалд иргэд машин унахаас өөр аргагүй байна. Хоёрдугаарт, Монголд Сингапурын жишиг ярих гээд байдаг. Манайх өргөн уудам нутагтай, машин унах үндсэн хэрэгцээ байдаг. Гэтэл Сингапур шиг улсад машин унах шаардлагагүй.

-Улсын их хурлын гишүүдийн  тоо нэмэгдсэн. Гэхдээ гишүүдийн оролцоо сул байгаа. Энэ парламентийг чадавх талаас нь хэрхэн дүгнэж байна?

Гишүүдийн тоо нэмэгдэж, засгийн газарт намууд суудал авсан ч чадамж нь улам унасан. Бүх зүйл харуулж байна. Хамгийн ойрхон жишээ нь, өнөөдрийн улсын төсөв шүү дээ. Улс төрийн намуудын зөвшилцлөөр улсын засаглаж байна. Тэрнээс, үндсэн хууль ч биш, хууль нь ч биш. Нэг үгээр гаж үзэгдэл.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж