Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2024.12.05/ МҮХАҮТ-д эхэллээ. Зөвлөлдөх уулзалтад салбарын 5200 ажилтан, мэргэжилтний төлөөлөл болсон 180 гаруй удирдах ажилтан оролцож байна. Салбарын хэмжээнд үзүүлж байгаа үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглахаас гадна "Ирэх 2025 он манай салбарын хувьд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно" гэдгийг салбарын сайд Л.Энх-Амгалан онцлов.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:
-Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, хуучин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэрийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгон өөрчилсөн. Засгийн газраас энэ яам дээр гэр бүлийн бодлогыг нэмсэн бэ. Өнгөрсөн хугацаанд нийгмийн бодлогууд гэр бүл төвтэй явж ирээгүй байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, залуус руу чиглэж, салангид байдалтай явж ирсэн. Гэтэл нийгэмд тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол гэр бүлийн асуудал. Гэр бүлд суурилсан хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн орон сууц, гэр бүлийн эрүүл мэнд, гэр бүлий боловсрол, гэр бүлийн нийгмийн хамгааллын асуудал гээд гэр бүлд суурилсан нийгмийн бодлого явуулах зайлшгүй шаардлага үүсч байна.
Жилд 20 мянган залуу хос гэрлэлтээ баталгаажуулж байгаа ч эргээд 17 мянга орчим гэр бүл салж байна.
Яагаад ийм нөхцөл байдал үүссэн гэдгийг судлахаар гурван том асуудал байна. Нэгдүгээрт, гурван гэр бүлийн нэг нь санхүүгийн орлогын асуудал. Хоёрт, хөдөлмөр эрхлэлт. Гуравт, орон сууцны асуудал. Энэ асуудлыг төрөөс дэмжлэгээр шийдэхгүй бол гэр бүл төлөвлөлт, төрөлт багасах бодитой эрсдэл тулгарна. Тиймээс гэр бүлд суурилсан бодлогыг явуулах шаардлагатай. Орон сууцны бодлого гэр бүлийн бодлого байх ёстой. Орон сууцтай гэр бүл тогтвортой амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж, үр хүүхэд төрүүлэхийг хүсдэг. Тийм учраас манай яамны чиг үүрэг дээр Хуримтлалын сангийн эх үүсвэр нэмэгдэж, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэх, зорилтот бүлэг рүү чиглүүлэх ажилд анхаарна.
Өнгөрсөн хугацаанд 9 их наяд төгрөгийг ипотекийн зээлд зарцуулж, 130 мянган айл орон сууцтай мөртлөө зээлд хамрагдсан байсан.
Гэтэл анх удаа орон сууц авах гэж байгаа залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож чадаагүй байна. Тийм учраас Хуримтлалын сангийн эх үүсвэр, Тэтгэврийн нөөц сангийн эх үүсвэрийг ипотекийн буюу орон сууцны тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр болгох чиг үүргийг өгсөн.
"ХАЛАМЖИД 2.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙГААГИЙН 1.6 ИХ НАЯД НЬ ХҮҮХДИЙН МӨНГӨ"

Монгол Улсын халамж хавтгайрч, маш их мөнгө зарцуулж байна. Хүн болгон халамж авч, ажиллах сонирхолгүй болчихлоо гэж нийгмийн зүгээс шүүмжилдэг. Гэтэл бид энэ асуудалд зөв дүгнэлт хийх ёстой. Нэг талдаа 70-80 мянган хүн улсын хэмжээнд ажилгүй байгаа мөртлөө нөгөө талд 30-40 мянган ажлын байранд ажиллах хүн олдохгүй байна. Хөдөлмөрийн зах зээл дээр үүссэн ур чадварын хомсдолыг яаж нөхөх вэ. Ирэх дөрвөн жилд гэр бүл, хөдөлмөр эрхлэлтийн хувьд нийгмийн халамжийн бодлогоо хэрхэн цэгцлэх вэ, тэтгэврийн шинэчлэлийг хэрхэн хийх вэ гэдэг асуудалд өнөөдрийн зөвлөгөөн анхаарч байна. Засгийн газраас зарласан 14 мега төсөл доторх хамгийн том шинэчлэл нь Баялгийн сан, Хуримтлалын сан.
Түүгээр дамжуулан орон сууцны тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгоно. Тэтгэврийн сан дээр том ачаалал ирсэн. Өнөөдөр энэ сан дээр 4.7 их наяд төгрөгийн шинэ ачаалал ирж байна.
Цаашдаа энэ сан дээр ирж байгаа ачааллыг улсын төсвөөс санхүүжүүлэх боломжгүй. Тиймээс ирээдүйд тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хийж, сантай болъё. Хүн тэтгэвэрт гараад олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжтой болно. Мөн халамжийн бодлогыг эргэж харъя. Жил бүр улсын төсвөөс 2.2 их наяд төгрөгийг халамжид зарцуулж байна. Энэ мөнгөний 1.6 их наяд төгрөг нь хүүхдийн мөнгө. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгө, одонтой ээж, цалинтай ээж гэх мэт хүн амаа өсгөх бодлогыг халамж нэрийн дор хэрэгжиж ирсэн. Нийт 71 халамж авч байна гэж шүүмжилдэг. Бид энэ халамжийг цэгцэлж, зорилтот бүлэг рүү чиглэнэ. Өөрөөр хэлбэл, халамж авах ёстой хүмүүс нь авсан шиг авдаг, авах ёсгүй хүмүүс нь хасагдаж, хөдөлмөр эрхлэлт рүү шилжинэ. Эрх зүйн шинэчлэлийг хийж, Гэр бүлийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулиуд, Халамжийн тухай хуулиа шинэчилье. Энэ салбарт нийт 5200 орчим хүн ажилладаг. Ирэх дөрвөн жилд хийх ажлуудаа хэлэлцэж, зөвлөлдөж байна гэв.
Гэрэл зургийг О.Болорсувд
3,548.92






















































Холбоотой мэдээ