НЭМЭЛТ 16:45
Ерөнхийлөгч Юн Сук Ёл онц байдал зарласан явдал нь "бослого" байж магадгүй гэх хэргээр Өмнөд Солонгосын цагдаагийн алба мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай мэдэгдэв. Тодруулбал, сөрөг хүчний намуудаас Юн Сук Ёлын талаар олон тооны гомдол ирсэн бөгөөд түүнийг хүний эрх, Үндсэн хуулийг зөрчихийн тулд бослого гаргасан гэж цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Улмаар уг хэрэг дээр ажиллах баг гаргаж, хянах болсон талаар Цагдаагийн ахлах албан тушаалтан У Жон Сү хэвлэлийн баг хурал дээр мэдэгдэв.
Тус улсын хувьд бослого нь ерөнхийлөгчийн халдашгүй дархан эрхээс давсан хүчтэй гэмт хэрэг бөгөөд цаазаар авах ялтай.
Мөн саяхан огцорсон Батлан хамгаалах сайд асан Ким Ён Хёнд хилийн хориг тавьсан байна. Түүнийг онц байдал зарлахыг санаачилж, Юн Сук Ёлд санал болгосон учир хэрэг үүсгэн, мөрдөн шалгах болсон гэж тус улсын хэвлэлд мэдээлжээ. Цагдаагийн ахлах албан тушаалтан У Жон Сү хэлэхдээ " Ким Ён Хёнд авах шаардлагатай арга хэмжээнүүдийг авч дуустал яаралтай хилийн хориг тавьсан. Түүнийг оргох магадлал өндөр гэж үзэж байна" гэж мэдэгдсэн юм.
НЭМЭЛТ 13:30
ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙ ЕРӨНХИЙ АУДИТОР, ПРОКУРОРУУДЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ
Сөрөг хүчний дийлэнх нь суудал эзэлдэг Үндэсний ассамблей өнөөдөр /2024.12.05/ тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн өмнөх хугацаанд мөрдөн шалгагдаж байсан хэрэгт үүрэг гүйцэтгэсэн ахлах аудитор, гурван дээд прокурорыг огцруулах саналыг баталжээ.
Тодруулбал, Хяналт шалгалтын зөвлөлийн (BAI) дарга Чо Жэ Хэ, Сөүл хотын төв дүүргийн прокурорын газрын дарга Ли Чан Сү, Чо Санг-вон болон Чой Жэ Хун нарын эсрэг огцруулах санал явуулж, дэмжигдсэн. Улмаар Үндсэн хуулийн цэц тэднийг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэх хүртэл эдгээр дөрвөн хүний ажиллах эрхийг түдгэлзүүлэх юм байна. Дашрамд дурдахад, "BAI"-ын даргыг парламентын саналаар огцруулж буй нь тус улсын түүхэнд анхны тохиолдол болж байна.
Сөрөг хүчнийхэн мэдэгдэхдээ, 2022 онд Юн Сук Ёл ерөнхийлөгчийн Тамгын газрыг нүүлгэн шилжүүлэх хууль бус үйлдэл хийснийг Чой Жэ Хун сайтар судалж, ажил мэргэжлийн үүрэг даалгавраа биелүүлээгүй гэж буруутгаж байна. Мөн Чой Жэ Хун хоёр хамтран ажиллагчтайгаа тэргүүн хатагтайн хувьцааны үнийг санаатайгаар өөрчлөх гэсэн ажиллагаанд оролцсон гэх хэргийг сайтар шалгаагүй бөгөөд яллагдагчаар татаагүй хэмээн буруутгажээ.
Эдгээр хүмүүсийг огцруулах санал хураалтыг Лхагва гаригт явуулахаар төлөвлөж байсан ч цэргийн онц байдал зарлагдсанаар хойшилсон. Үүний дараа сөрөг хүчин болох Ардчилсан нам төрийн аудитор болон прокуроруудыг огцруулах асуудлыг хойшлуулж, Юн Сук Ёлыг огцруулахад гол анхаарлаа хандуулна гэж мэдэгдэж байв. Гэвч эрх баригч Ард түмний хүч нам сөрөг хүчний саналыг түдгэлзүүлсэн тул түр хойшлуулаад байсан аудитор болон прокуроруудыг огцруулах асуудлыг Үндэсний ассамблей шийдвэрлэлээ.
ЮН СУК ЁЛ БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ОРЛОГЧИЙГ ТОМИЛОВ
Өмнөд Солонгост үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор засгийн газрын хэд хэдэн албан тушаалтан огцрох өргөдлөө өгсөн. Батлан хамгаалахын сайд Ким Ён Хён ч бас тэдэнтэй нэгдэн өргөдлөө өгсөн байдаг. Тэгвэл өнөөдөр /2024.12.05/ огцрох өргөдлийг засгийн газар хүлээн авч, ерөнхийлөгч Юн Сук Ёл Батлан хамгаалах сайдыг орлох хүнийг томилсон байна.
Цэргийн онц байдал зарласан төдийгүй Батлан хамгаалах сайдын орлогчийн томилсонд сөрөг хүчин дургүйцлээ илэрхийлж, ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцруулах саналыг парламентад өргөн барив. Эрх баригч намын дарга сөрөг хүчний саналыг эсэргүүцэхийн тулд бүх хууль тогтоогчид нэгдэнэ гэж онцолжээ. Тодруулбал, бүлгийн дарга Чу Кюн Хо намын хурал дээр “Ардын хүч намын 108 хууль тогтоогч бүгд эв нэгдэлтэй байж, ерөнхийлөгчийн импичментээс татгалзах болно” гэж мэдэгдэв.
Сөрөг хүчний парламентын гишүүд импичментийн хуулийн төслийг батлахын тулд эрх баригч намын найман хууль тогтоогчийн дэмжиж буй санал шаардлагатай.
"Yonhap" агентлагийн мэдээлснээр, Юн Ким Ён Хёны огцрох өргөдлийг хүлээн авч, оронд нь Саудын Араб дахь Элчин сайд Чой Бён Хюкийг Батлан хамгаалахын шинэ сайдаар томилсон байна.
Юн Сок Ёлын оффис армийн генерал асан Чой Бён Хюкийг уг албан тушаалд томилсныг баталжээ. Мөн эрх баригч Ардын хүч нам сөрөг хүчний зүгээс санаачилсан импичментийн саналыг эсэргүүцнэ гэж мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч намын бүлгийн хэд хэдэн гишүүн ерөнхийлөгчийг огцруулах саналыг дэмжиж байгаа гэж орон нутгийн агентлаг мэдээлсэн. Тиймээс сөрөг хүчний санал дэмжигдэх эсэх нь эрх баригч намын хуваагдал дууссан цагт шийдэгдэх бололтой.
Нэргүй 2024-12-05 151.200.254.186
Улс төрчидтэй , сөрөг хүчинтэй орон сайхан юмөөө уланваторын иргэд хэзээ ухаан суух вэээ !!!
АРД 2024-12-05 66.181.184.196
Монголын төрийг атгаж байгаа өмхий төвд тайрдас жанхуу, сагсуу ухна, эргүү данх 3-ыг ингэж огцруулж шоронд хатаах хэрэгтэй. Мөн ч олон бузар булай хэргүүд ил гарч ирэх болно доо.