“Нээлттэй нийгэм форум”-ын судлаач Д.Энхцэцэгтэй ярилцлаа.
-Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталсан ч Засгийн газраас уг хуулийн хэрэгжилтийг хойшлуулах хуулийн төсөл өргөн бариад байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Улс төрийн намын шинэчлэл хийх зорилгоор эрх зүйн орчинд томоохон өөрчлөлтүүд хийсэн. Тухайлбал, 2019 онд Үндсэн хуульд томоохон өөрчлөлт орж, улс төрийн намууд бодлогын институц байх, данс нь шилэн, санхүү нь ил тод, гол нь дотоод үйл ажиллагаа нь ардчилсан зарчимд нийцэх ёстой гэсэн ийм чухал зарчмуудыг суулгаж өгсөн. Эдгээр зарчмуудыг амьдралд хэрэгжүүлэхийн тулд 2023 оны долдугаар сард Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталсан. Уг хуулийг иргэний нийгэм, судлаачид, улс төрийн намын удирдлага болоод гишүүд, олон улсын байгууллагуудыг хамруулж олон тооны хэлэлцүүлэг явуулж, өргөн хүрээний зөвшилцөлд тулгуурласны үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн барьж батлуулсан. Уг хууль батлагдсантай холбоотойгоор Дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан. Өөрөөр хэлбэл, тухайн хуульд заасан тодорхой зарчмуудад тулгуурлаж улс төрийн намууд зохион байгуулалт, бүтэц, дүрмээ өөрчлөх хугацааг уг хуулиар олгох зорилготой.
Дээрх дурьдсан хоёр хууль хоёулаа ирэх оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс буюу 2025.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Улс төрийн намуудын журмын шинэчлэлийг 2024 оны долдугаар сараас хойш хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хугацаа хүртэл хийх зохицуулалтыг Дагаж мөрдөх журмын тухай хуульд тусгаж өгсөн.
Гэтэл одоо ямар асуудал яригдаж байна гэхээр Улс төрийн намын тухай хуулийн дотоод бүтэц, зохион байгуулалт, дүүрмээ шинэчлэх асуудал, түүнийг ардчилсан зарчимд нийцүүлэх зохицуулалтыг 2027 оны наймдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулах хуулийн төсөл оруулж ирж байна. Уг асуудалд судлаачид маш их бухимдалтай, эсэргүүцсэн байр суурьтай байна. Уг шийдвэр нь нэгдүгээр, Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна. УИХ-аар хэлэлцэж байгаа бүх хууль Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу өргөн баригдах ёстой. Хууль тогтоомжийн тухай хуулийн 41.10 дээр мөрдөөд эхэлчихсэн хуулийг бүхлээр нь буюу хэсэг зүйл заалтыг нь хойшлуулах хуулийн төслийг хэлэлцэхгүй болон өргөн барихгүй байх талаар тодорхой заасан байдаг.
УИХ-ын гишүүд энэ асуудлыг тодорхой хэмжээгээр ярьж, хуулийн зөрчил гаргачихсан юм биш үү гэх асуудлыг хөндөж байна. Гэтэл Засгийн газраас хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж бэлтгэл ажлыг хангах гэж байна гэдэг тайлбар өгч байна.
Угаасаа бэлтгэл байдлыг нь хангуулахын тулд Дагаж мөрдөх журмын тухай хуулийг нь баталсан. Уг хууль хэрэгжээд явж байгаа. Гэтэл энэ хуулийг хойшлуулахаар хуулийн төсөл оруулж ирж байгаа бол ямар ч маргаангүйгээр хуулийн зөрчил болно. Үнэхээр хууль дээдлэх зарчимтай, эрх зүйт төртэй ардчилсан улс юм бол УИХ илт хууль зөрчсөн хуулийн төсөл хэлэлцэхээсээ ичих хэрэгтэй.
-Улс төрийн намуудын шинэчлэлийг дэмжиж байсан сөрөг хүчин болох намуудын удирдлагууд ч уг хуулийн хэрэгжилтийг хойшлуулах асуудалд нэгдмэл байр суурьтай байх шиг харагдаж байна л даа?
-Уг үйлдлээ санаатай мэлзэж, төөрөгдүүлэх хандлагаар тайлбарлаж байна. Ялангуяа сөрөг хүчний зүгээс ийм байр суурийг нь дэмжсэн байдалтай байгаад үнэхээр харамсаж байна. Учир нь өнгөрсөн сонгуулийн үр дүнг аваад үзвэл монголын сонгогчид парламентад хүчтэй сөрөг хүчнийг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, парламентын нийт суудлын 46.6 хувийг эрх баригч биш бусад намуудад өгсөн нь тэр хэмжээгээрээ хүчтэй сөрөг хүчинг хүссэн байна. Гэтэл сөрөг хүчин нь альтернатив байр суурь гаргаж ирэхийн оронд аялдан дагалдсан байр суурьтай байгаа нь картельжих үзэгдэл намуудын дунд бий болж байна уу гэх болгоомжлол, эмзэглэлийг төрүүлж байна. Улс төрийн шинжлэх ухаанд үгсэн нийлэх, явцуу эрх ашгаа нийтийн эрх ашгийн өмнө тавьдаг, намууд нь хоорондоо хуйвалддаг, сүлбэгддэг үйл явцыг картелжих гэж нэрлэдэг. Ардчилалд маш хортой ийм үзэгдэл эхлэх гээд байна уу гэдэг болгоомжлолыг өөрийн эрхгүй төрүүлж байна. Угтаа Монгол Улс 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Уг хуулийн өөрчлөлтөө амилуулахын тулд Улс төрийн намын тухай хуулиа шинэчлэн баталсан.
Гэтэл яг ямар шалтгаанаар уг хуулийн хэрэгжих хугацааг 2027 оны наймдугаар сар хүртэл хойшлуулах гээд байгааг ойлгохгүй байна. УИХ-ын 2028 оны сонгуулийн жил тус оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлнэ. Үүнээс харахад 2027 оны долдугаар сараас 2028 оны нэгдүгээр сарын 1 хүртэлх тавах сарын хугацаанд ямар ид шид болох гээд байгаа тал дээр улстөрчид тодорхой хариулт өгөхгүй байна.
Нэг ёсондоо хуулийн хэрэгжилтийг хойшлуулах үндэслэл нь огт тодорхойгүй, илт хууль зөрчсөн асуудал болж байна. Улс төрийн нам гэдэг ардчилалын чухал институц. Энэ талаар Улс төрийн намын тухай хуульд тодорхой заачихсан байдаг. Үндсэн хуульт байгууллагын ардчилсан тогтолцооны зайлшгүй чухал бүхэлдэхүүн хэсэг болохоор Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталсан гэх үндэслэлийг дээрх хуульд тодорхой заачихсан байдаг. Тиймээс ийм чухал хуулийн хэрэгжилтийг хойшлуулах нь ардчилалд маш их сөрөг нөлөөтэй.
-Зарим улс төрийн намын удирдлагууд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцэхдээ бидний санаа бодлыг тусгаагүй, хуулийн хэрэгжилтийг хангах хугацаа олгоогүй. Тиймээс хууль хэрэгжих хугацааг хойшлуулах шаардлагатай гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хэрэгжих хугацааг нь нэлээд хойшлуулах санал оруулж, яг өөрчлөхдөө нэг жилээр хойшлуулъя гэдэг тохироо байгаа мэт харагдаж байна л даа?
-Үндсэн хуульд хууль дээдлэх зарчим бол төрийн үйл ажиллагааны зарчим байхаар тусгасан. Ямар ч тохиолдолд бид Хууль тогтоомжийн тухай хуулиа зөрчиж болохгүй. Хоёрдугаарт, Улсын дээд шүүхийн цахим хуудас руу ороод харвал Улс төрийн намын тухай хууль 2023 онд батлагдсан гэдгийг тодорхой харж болно. Тиймээс улс төрийн намын удирдлагууд уг хуулийн шинэчлэлд оролцоогүй, санаа бодлоо илэрхийлээгүй, хэрэгжиж эхлэх хугацааг нь мэдээгүй байх ямар ч боломж байхгүй. Одоогийн байдлаар Улсын дээд шүүхэд улс төрийн 7 нам дүрмийн шинэчлэлээ хийгээд өгчихсөн байна.
Гэтэл хуулийн хугацаандаа шинэчлэлээ хийж чадахгүй байгаа, хариуцлагагүй байгаа намын дарга нар гарч ирээд "Бид өөрчлөлтөө хийж чадахгүй байна" гээд чихрээ голсон хүүхэд шиг захлаад хэвтэнгүүт нь тэднийг дагаад намирдаг УИХ байх юм уу.
Хууль дээдлэх ёсоо умартан умартан тэднийг аялдан дагалддаг УИХ буюу хууль тогтоох дээд байгууллага гэж байж болох уу. Явж явж УИХ өөрсдийнхөө баталсан хуулийг өөрсдөө хууль зөрчин хэлэлцдэг байж болохгүй. Тэгээд бод доо. Хууль хэрэгжих хугацааг яагаад заавал 2027 он болгож өөрчлөх гээд байгаа юм. Энэ 2027 гэдэг тоо ямар тоо судалгаа, шинжилгээний үндсэн дээр хэн хаанаас гаргаад ирсэн, ямар ид шидтэй тоо юм гэдэг хариулт нь тодорхой бус асуулт байсаар байна.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа улс төрийн намуудыг шинэчлэх нь аль нэг нам эвсэл, хэн нэгэн хүнд хэрэгтэй байгаа юм биш үү?
-Яагаад Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа улс төрийн намуудыг шинэчлэх гээд байна вэ гэдэг чинь маш чухал асуудал. Улс төрийн намуудаас ямар өөрчлөлт одоо хүлээж байна гэхээр намын дүрмээ өөрчлөх ёстой.
Намын дүрэм гэдэг бол тухайн намын Үндсэн хууль гэсэн үг. Тэр дотор ямар чухал асуудал тусгагдсан байхав гэхээр шат шатны сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчийг ямар шалгуур, зарчим, процессоор шалгаруулах вэ гэдэг нь тухайн намын дүрмийн хэсэг байна.
Тухайн дүрмийг хэн батлах вэ гэхээр онцгой эрхтэй буюу тухайн намын бүх гишүүдийн хурлаар юм уу, тэднийг төлөөлөх Удирдах зөвлөлийн дээд байгууллага байхаар заасан. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын тухай хуулийг жижиг ардчилсан улстай адилтган ойлгож болно. Улс төрийн нам хууль тогтоох байгууллагатай буюу бүх гишүүдийн дээд байгууллага нь улсаар бол УИХ. Гүйцэтгэх байгууллагатай байна. Энэ нь улсаар бол Засгийн газар нь. Хяналтын байгууллагатай бөгөөд улсаар бол Дээд шүүх юм. Эдгээр гурван институтын хооронд эрх мэдлийн хуваарилалтыг нь хийгээд өгчихсөн. Энэ асуудлаа намынхаа дүрмэнд тусгаад, бүтцийн хувьд зохион байгуулчих гэхээр хойшоо суугаад байна. Энэ бүх асуудлыг хойшлуулж байгаагийн ард өөр шалтгаан байна уу гэсэн эргэлзээг төрүүлж байна.
-Цаашлаад одоогийн хамтарсан Засгийн газарт орж ажилласан намын дарга нарын сандал суудлын асуудал Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд хөндөгдөж, Засгийн газрын тогтворгүй байдал үүсэх вий гэсэн болгоомжлол байх шиг байна?
-Улс төрийн намууд дүрмийн өөрчлөлт, зохион байгуулалтаа хуульд нийцүүлнэ гэдэг бол аль нэг даргын тухай асуудл огт тэнд хөндөгдөхгүй. Дүрэм бол тухайн даргыг ямар шалгуураар сонгож гаргаж ирэх юм. Ямар хугацаагаар томилогдох юм гэдгийг тодорхой зааж өгнө.Зарим хүмүүс насаараа намын дарга хийж байна. Тухайн нам гишүүдтэй ч юм шиг, үгүй ч юм шиг, гишүүдээ хуралдуулдаг эсэх нь тодорхойгүй байна. Яг ардчилсан зарчимд нийцсэн улс төрийн нам гэдэг гишүүдийнхээ оролцоог хангасан, гишүүддээ нээлттэй байх ёстой. Иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдэнэ гэдэг нэг хүний асуудал биш. Олон хүний хамтын шийдвэр байдаг. Олон хүний хамтын удирдлагын байгууллага ямар байх ёстой вэ гэдгийг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулсан. Тухайлбал, бүх гишүүдээ дөрвөн жилд нэг удаа заавал хуралдуулдаг байх зэрэг бол ардчилсан зарчмын наад захын шаардлага. Гэтэл наад захын ийм энгийн өөрчлөлтийг хийхгүй гээд байгаа шалтгаан нь юу юм бэ.
Өөрөөр хэлбэл, 2027 он хүртэл бүх гишүүдээ хуралдуулахгүй, гишүүдтэй гишүүдгүй нь мэдэгдэхгүй намууд байсаар л байх юм уу. Монгол Улс олон намтай ч юм шиг, үгүй ч юм шиг энэ систем өөрчлөгдөхгүй. Дүр исгэсэн намуудтайгаа байсаар л байна. Шинэчлэлийг ингэж хойш татах нь хэний сонирхол вэ.
-Хэрэв хуулийн хугацаандаа амжиж дүрмээ шинэчилж чадаагүй улс төрийн намуудад ямар эрсдэл бий болох вэ. Татан буулгах юм уу?
-Ардчилсан улсад намуудыг татан буулгах асуудал байж болохгүй. Учир нь улс төрийн нам гэдэг сайн дураараа эвлэлдэн нэгдэж байгаа хүмүүс. Үндсэн хуульд зааснаар топорхой 2-3 шалтгаанаар намыг тараах асуудлыг нухацтай авч үзэхээр тусгасан. Намыг тараана гэдэг нь эвлэлдэн нэгдэх эрхэд хязгаар тавьж буй үйлдэл. Тиймээс хязгаарлалт тавьж байгаа бол хуулийн маш тодорхой үндэслэлтэй байх ёстой бөгөөд зөвхөн зайлшгүй ноцтой үйлдлээр Үндсэн хуульт ардчилсан тогтолцоонд харшлах үйлдэл хийсэн нь хатуу баримтаар нотлогдох нөхцөлд л тараах учиртай. Улс төрийн намыг тараах шийдвэрийг “Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэлд ноцтой аюул учруулах; Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах аливаа үйл ажиллагаа явуулах” зэрэг ноцтой бөгөөд маш тодорхой үндэслэлүүдэд гаргахаар тусгасан. Харин идэвхитэй болон идэвхигүй нам гэсэн ангилал бий. Энэ нь намыг бүртгэлээс хасах, түдгэлзэх эсвэл тараах тухай асуудал огт биш. Нам дотоод ардчилалтай байх ёстой, түүний тулд дөрвөн жилд нэг удаа гишүүдийнхээ хурлыг хийдэг байх ёстой гэсэн шаардлага бий. Үүнийг нь хангахын тулд төрөөс хурал хийх танхимыг нь үнэ төлбөргүй гаргаж өгөхийг хуульд тусгаад өгчихсөн. Дээр нь нам санхүүгийн тайлангаа ил тод тайлагнах, үүнийг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд аудит хийх зардлыг нь төрөөс хариуцах, ингээд бүх талаар боломж бүрдүүлж өгч байхад тайлангаа гаргахгүй бол идэвхгүй статустай болно. Ийм намд төрөөс аливаа дэмжлэг үзүүлэхгүй. Мөн сонгогчидод мэдээлэл болгож байгаа асуудал. Сонгогчид аль нам, эвсэл нь дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг ардчилсан үзэл санаан дээр тулгуурладаг вэ, аль нь явуулдаггүй юм бэ гэдэг сонголт хийх эрхийг нь олгож байгаа хэрэг. Тэр үүднээсээ идэвхитэй болон идэвхигүй нам гэсэн статусыг Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд бий болгосон. Энэ нь улс төрийн намуудыг цэгцэлэхэд ихээхэн ач холбогдолтой.
-Улс төрийн намууд дүрэм, журмын шинэчлэлээ хойшлуулах талаар санал гаргачихаад, шинэчилсэн хуулийн дагуу лс төрийн намуудад олгох санхүүжилтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс олгох асуудлыг тавьж байна. Ийм зарчимгүй байж болох уу?
-Ийм зарчимгүй байж болохгүй ээ. Ирэх оны төсөв дээр 7.5 орчим тэрбум төгрөгийг сүүлийн сонгуулийн үр дүнд үндэслэж долоон намд олгох урьдчилсан тооцоо гарчихсан байна. Энэ бол татвар төлөгч та бидний төлсөн татвараар бий болж байгаа төсвийн мөнгө.
Угтаа 7.5 тэрбум төгрөгийг намуудад олгох уг заалтыг хойшлуулахгүй гэсэн мөртлөө өөрсдөө дотооддоо ардчилсан байх, шударга байх зарчмаа 2027 он хүртэл хойшлуулах зарчимгүй асуудал ярьж байна.
Уг асуудалд иргэд эсэргүүцлээ илэрхийлж, өөрсдийн татвараас бий болж байгаа улсын төсвийн зарцуулалтыг хуулийн дагуу, үр ашигтай байхад анхаарал хандуулах нь зүйтэй. Тиймээс эцэст нь хууль тогтоогч УИХ-ын гишүүдийг Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээндээ, Үндсэн хуулийн хүрээндээ ажиллахыг хүсье. УИХ-ын гишүүд хэдхэн сарын өмнө Үндсэн хуулиа дээдэлж, Үндсэн хуулийнхаа хүрээнд ажиллахаа тангаргалсан. Улс төрийн тухай хуулийн 7.5-д Үндсэн хуулиа хэрэгжүүлэх ёстой гэдгийг заагаад өгчихсөн байгаа. Яагаад мөрдөөд эхэлчихсэн Хууль тогтоомжийн тухай хуульд хэрэгжээд эхэлчихсэн хуулийг бүхэлд нь болон зүйл заалтыг нь хойшлуулж болохгүй гээд заачихсан байхад хойшлуулах биш хугацаа олгох гэж байна гэж тайлбарлаад сууж болохгүй. Хугацаа олгоно гэдэг чинь хойшлуулж байна гэсэн үг шүү дээ. Ийм төөрөгдүүлсэн, булзайруулсан, будилаантуулсан тайлбараар иргэдээ хуурч чадахгүй.
сонгогч 2024-12-05 202.9.46.4
100 ЯМААНД 60 УХНАТАЙ….МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….
зочин 2024-12-05 66.181.188.43
: Дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулна гээд байсан Ер нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд энэ хууль саад болоод байна аа даа 2026 оны 1 сар хүртэл тэр бүртгэлийг сунгаал өгчих Харин мөнгө олгож болохгүй Мөнгөнөөс хугацаа шалтгаалтал шах
Нэргүй 2024-12-05 66.181.178.27
За одоо чи дут, шулам чинь бас юу сэдээд унав. Энэ улс эе эвээ олоод төслөө баталчих гээд байхад чи бас юу вэ? Ийм юмнуудыг л сайн хараад ав. хэний даалгавраар хуцаад байнаа
Нэргүй 2024-12-05 202.9.40.164
Нам төрд шигдсн үмхий хулгайч манж х***а зулбасгуудыг пайзлж дуусга.
Нэргүй 2024-12-05 43.242.242.59
за чамаар л дутав гэж. Юу солиороод байгаа юм. Аливаа зүйлд гаргалгаа гэж байх учиртай. Хүнд байдлаас гарах л учиртай. Алдагдалтай төсөв баталж болохгүй. энэ нөхрийн хамаатан сайдын төсөвийг таналаа гэж ярилцлага өгч байна
Уншигч 2024-12-05 202.21.99.52
Хуулиа хэрэгжүүлдэггүй УИХ байхаар юу болох болж байна. Бид уул нь 1992 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр намыг төрийн дээр байхыг болиулсан юм биш үү. Гэтэл Нам төрийн дээр байгаа нь хэвэээрээ болохыг МАН тоохгүйгээр зарлаж Монгол Улсын Үндсэн хуулийг уландаа гишгэж байгаа нэг жишээ нь гэж хэлэхээс өөр үг олдохгүй байна. Үнэхээр харамсалтай
УИХ гишүүн 2024-12-05 202.131.238.10
Үндсэн хуулийн цэц хүчингүй болгох ёстой доо