“ Хараат бус гишүүдийн оролцоо ба төлөөлөн удирдах зөвлөлийн манлайлал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлгийн үеэр хараат бус гишүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх тал дээр хуулийн төсөл боловсруулж байгаа талаар ЗГХЭГ-аас танилцуулсан юм. Тиймээс төрийн байгууллагуудын төлөөлөн удирдах зөвлөлд хараат бусаар орж ажилладаг хараат бус гишүүд үүрэг оролцоогоо хэрхэн нэмэгдүүлэх, үр ашигтай ажиллах тал дээр байр суурийг нь тодруулан хүргэж байна.
"ТӨРИЙН ӨМЧИЙН 122 КОМПАНИАС 6 ХУВЬ НЬ Л АШИГТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА"
СЭЗИС-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Р.АМАРЖАРГАЛ:
-Төрийн өмчийн болон хувьцаат компанийг удирддаг төлөөлөн удирдах зөвлөл гэж байна. Тэр дунд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах ямар арга зам байна вэ гэдгийг хараат бус гишүүнтэй нь холбож өгөх ёстой. Хараат бус гишүүний үүрэг өнөө үед тун чухал болчихлоо. Хараат бус гишүүдийн тухайд маш шударга, зарчимч хүмүүс байх учиртай. Мөн ашиг сонирхлын зөрчилгүй, нээлттэй хүмүүс байвал сайн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль орж ирж байна. Тухайн компаниуд ТУЗ-тэй байна. ТУЗ-ийн гишүүд ямар үүрэгтэй байх вэ гэдэг дээр хуулийн төсөл шинээр боловсруулаад явж байгаа юм байна. Гэхдээ энэ хуулийн зүйл заалт дотор хараат бус гишүүдийн асуудал байхгүй байна гэдгийг энэ хэлэлцүүлэгт оролцож байгаа ЗГХЭГ-ын мэдээллээс ойлголоо. Мөн хараат бус гишүүд үүргээ гүйцэтгэж чадаж байна уу гэдэг дээр хийсэн судалгааг ч танилцуулж байна.
Тухайлбал, төрийн өмчийн 122 компаниас өнөөдөр 6 хувь нь л ашигтай ажиллаж, бусад нь алдагдалтай байна шүү дээ.Тэгэхээр ТУЗ-д ажиллаж байгаа хараат бус гишүүд хараат бус гишүүний үүргээ биелүүлж чадахгүй байгаа нь илт байна.
Алив нэгэн асуудал хэлэлцэхэд дээд албан тушаалтны удирдамж ирдэг, түүнийгээ дагаад явчихдаг. Хараат бус гишүүний үүрэг биелэх нөхцөл бүрдэхгүй дүр зураг харагдаж байна.
"ХАРААТ БУС ГИШҮҮД ҮҮРГЭЭ МУУ ГҮЙЦЭТГЭСНЭЭС АЛДАГДАЛД ОРЛОО ГЭВЭЛ ТАШААРСАН ХЭРЭГ БОЛНО"
ТОСК ТӨХК-ИЙН ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН Д.АЛТАНГЭРЭЛ:
-Миний хувьд хараат бус гишүүний хувьд өөрийн байр сууриа цаг тухай бүрт илэрхийлээд явдаг. Хэрэгжих төсөл хөтөлбөр дээр алдаа оноотой зүйл гарвал хэлдэг. Бусад гишүүд хэлсэн саналыг минь авч хэлэлцээд гаргасан шийдвэрээ буцаасан тохиолдол ч байна. Харин алдагдалтай ажиллаж байгаа компаниудын тухайд хараат бус байдлаар зохицуулсан салбарууд байна шүү дээ.
Тухайлбал, эрчим хүчний салбар. Түүнийгээ дагаад нийтийн аж ахуйн салбар. Эдгээр аж ахуйн нэгжүүд үнээ тогтоох, либералчилах бодлого барьж чадахгүйгээсээ болоод алдагдалд орох тал байна.
Энэ дээр бол хараат бус гишүүд үүргээ муу гүйцэтгэснээс алдагдалд орлоо гэж ойлговол ташаарсан хэрэг болно. Хараат бус гишүүний ажлын чиглэл салбар салбарт өөр байдаг.
"ХАРААТ БУС ГИШҮҮД САНАЛ ӨГӨХӨӨС БИШ ШИЙДВЭРЛЭХ ТҮВШИНД НӨЛӨӨЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА"
ЭРДЭНЭТИЙН ДЦС ТӨХК-ИЙН ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН О.БАЯРСАЙХАН:
-Манай компанийн хувьд 9-11 төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байдаг. Түүний 3 нь хараат бус гишүүн байна. Хараат бус гишүүдийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас, тухайн салбарын яамтай хэлэлцсэний үндсэн дээр сонгон шалгаруулалтаар сонгодог. Төрийн өмчийн компаниудын хувьцааны 51 хувийг олон нийтийн хяналтад оруулахын тулд хууль эрх зүйн орчныг тодорхой болгож өгөх ёстой. Тэгэхгүй бол хараат бус гишүүд үндсэн үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй юм л даа. Нэг үгээр хэлбэл, санал өгөхөөс биш шийдвэрлэх түвшинд нөлөөлж чадахгүй байна. Мөн хараат бус гишүүдийн тоог нэмэгдүүлэх нв зөв байх гэж бодож байна.
"ЗҮЙЛ ЗААЛТ НЭМЖ ХЯНАЛТЫН СИСТЕМИЙГ ӨӨРЧЛӨХ НЬ ЧУХАЛ"
ҮНЭТ ЦААНЫ КЛИРИНГ ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН О.БАЯРМАГНАЙ:
-Хараат бус гишүүн гэдэг бол байгууллагын хяналтын тогтолцооны нэгж юм. Тэгэхээр хараат бус гишүүний дор мэргэжлийн дотоод аудиторын баг ажиллах ёстой. Тэр баг нь мэргэжлийн түвшинд баримт бичиг дээр ажиллаад үнэн зөв дүгнэлтийг хараат бус гишүүд болон тухайн компаний ТУЗ-д өгөх учиртай юм. Үүн дээр үндэслэж төлөөлөн удирдах зөвлөл зөв шийдвэр гаргах тогтолцоо чухал. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ яваад байна. Тийм учраас өнөөдрийн хэлэлцүүлэгт хараат бус гишүүдийн тоог нэмэх тухай ярьж байна. Энэ бол гадаад өөрчлөлт. Дотоод мөн чанартаа бол хуулиа шинэчилж, тодорхой зүйл, заалт нэмж хяналтын системийг өөрчлөх нь чухал.
Д.ЭНХБАЯР
Zochin 2024-12-05 202.21.111.170
Хараат бус гишүүн хаанаас цалинждаг бэ. Ер нь ийм хүмүүс байгаад хэрэг байгаа юм уу. Төрийн аудит гэгч нь жил бүр хяналтаа хийж, дүгнэлтээ өгөөд, алдаа, дутагдлаа засах үйлдлийг шүүхий шийдвэрийн харьяа нэг тасаг хэрэгжүүлээд явбал болно доо. Тахар байж болох л юм.
Энэ хүмүүс ооо доороо баахан хүн авах санаа гаргаад байна. Дэмий, илүү орон тоо
Нэргүй 2024-12-05 66.181.161.249
Хоолны савнууд
Нэргүй 2024-12-05 149.167.44.116
Улс төрийн намын шугмаар хараат бус гишүүнийг сонгодоггүй лбаймаар байна.
Нэргүй 2024-12-05 103.212.116.15
Дан хулгайчууд яана даа
S 2024-12-05 66.181.176.34
ANUSDI80955877