Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ өчигдөр/2024.12.04/ болж, нийслэлийн 2025 оны төсвийг баталлаа. Эрчим хүч тасарсанаар шалтаглаж, НИТХ-ын хуралдааныг Live-аар ч дамжуулсангүй, иргэд ямархуу төсөв батлагдсаныг мэдэж ч амжсангүй.
Угтаа бол Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь буюу 1.7 сая иргэн амьдарч буй Улаанбаатар хотын төсвийг иргэдэд нээлттэйгээр ил тод хэлэлцэн батлах учиртай. Гэвч хаалттай хуралдаж, төсвийг батлахдаа 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн автомашины моторын багтаамжаас шалтгаалан тээврийн хэрэгсэлд ногдуулах зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлжээ.
Зам ашигласны төлбөр:
- 4000-с дээш бол өдөрт 694, жилд 250 мянган төгрөг
- 2001-3000 бол өдөрт 416, жилд 150 мянган төгрөг
- 2000 хүртэлх бол өдөрт 275, жилд 100 мянган төгрөг болгон нэмжээ.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар НИТХ-д нийслэлийн төсвийг танилцуулж байхдаа 2025 онд 3.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2024 оныхоос 648.9 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй болохыг онцолсон. Энэ нь нэг ёсны татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай мессеж байв.
Тухайлбал, ирэх онд Автомашины албан татварын хуульд өөрчлөлт оруулснаар автомашинд ногдуулах албан татвар 2-3 дахин, зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлснээр замын сангийн орлогыг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгдсэн. Тэрхүү саналыг нь НИТХ хүлээн авч, баталсан нь энэ.
Уг нь бол татвар нэмэгдүүлж, иргэдэд ирэх дарамтыг нэмэгдүүлэхээс илүүтэй УИХ-аас баталсан хуулийнхаа хэрэгжилтэд анхаарвал замын сангийн орлогыг хэд дахин нэмэгдүүлэх боломжтой төдийгүй түгжрэлийг ч сааруулах бололцоо харагдаж буй.
Учир нь, Нийслэл, Тээврийн цагдаагийн алба хоёр хамтран өнгөрсөн аравдугаар сард мэдээлэл хийхдээ “Арванхоёрдугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, хязгаарлана” гэж мэдэгдсэн. Гэвч энэ ажил өнөөдөр ч хэрэгжээгүй, ярихаас хэтэрсэнгүй. Нийслэлчүүд өглөө, оройдоо түгжирдгээрээ түгжирч, зам дээрээ 2-5 цагийг өнгөрүүлсэн хэвээр байна.
Статистик мэдээгээр энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038 тээврийн хэрэгсэл байсан. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь мөн л Улаанбаатар хотод бүртгэлтэй бол торгуулиа төлөөгүй 355.300 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарсан.
Үндсэндээ 670 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох эрхээ хязгаарлуулах дүр зураг гарсан. Үүнээс 231.397 нь татвараа төлөөгүй Улаанбаатарын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа юм.
Бодит байдал ийм байхад татвар нэмчихээр түгжрэл буурна, замын сангийн хөрөнгө нэмэгдэнэ гэж тооцсон НИТХ-ын төлөөлөгчдийн толгой бол үнэн хөөрхий.
Ер нь цаашдаа Улаанбаатар хотод хэчнээн ч метро, дүүжин тээвэр байгуулаад, түгжрэлтэй тэмцэх төлбөр бий болголоо ч түгжрэлээсээ салахгүй. Тэр дундаа татварын хувь хэмжээг нэмснээр хөлийг нь тушина гэж бодож байгаа бол эндүүрэл. Харин ч татварын хувь хэмжээг өсгөснөөр төлөх хүмүүсийнх нь тоо буурах талтай. Иргэдийн мөнгө нь багталцаж ядсандаа унаа унадаг юм биш. Нийтийн тээвэр нь хүрэлцээгүй учраас л хувийн унаагаа унадаг. Ийм байхад замын сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай, мөн түгжрэл 7 хувиар буурна гэдэг хийсвэр төсөөлөлд үндэслэн татвар нэмэх нь НИТХ-ын төлөөлөгчид амьдралаас тасарсны л илрэл.
Уг нь НИТХ-ын төлөөлөгчид асуудлыг углуургаар нь харсан бол 670 мянга гаруй тээврийн хэрэгслийн жолооч нараас татвар, даатгал, торгуулиа барагдуулж авах шаардлагатай гэдэг шийдвэр гаргаж болох л байлаа. Харамсалтай нь, НИТХ-ын төлөөлөгчдөд энүүхнийг тооцоолчих ухаан алга.
Г.ХОРОЛ
3,548.92





















































Холбоотой мэдээ