Меланиа Трамп дахин АНУ-ын тэргүүн хатагтай болох нь. Түүний 78 настай нөхөр Дональд Трамп тус улсын 47 дох ерөнхийлөгчөөр сонгогдоод буй. Флорида мужид ялалтын баяраа тэмдэглэх Трамп олны өмнө Меланиад талархал илэрхийлж, гоо үзэсгэлэнг нь магтсан билээ. Тэгвэл "ХҮМҮҮС" буландаа модель, тэргүүн хатагтай Меланиаг онцолж байна.
Юун түрүүнд Меланиа Трампийг товч танилцуулах нь зүйтэй болов уу. Загварын салбарт амжилтаараа шигшигдэж байсан модель хоёр удаа АНУ-ын тэргүүн хатагтай болох хувь төөрөгтэй байжээ. Словенид төрж, өссөн Меланиа 16 наснаасаа эхлэн загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн агаад олон улсын хэд хэдэн сэтгүүлийн нүүрийг чимж байв. 1990 оны үед тэрбээр Нью-Йорк руу нүүснээр үл хөдлөх хөрөнгийн магнат Дональд Трамптай танилцаж, 2005 онд гэр бүл болсон байпаг. Хосууд энэ жил 18 нас хүрч, анх удаа ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн Бэррон гэх хүүтэй. Луиза Адамс 1820-иод онд тэргүүн хатагтай болсноос хойшхи анхны гадаад улсад төрж өссөн тэргүүн хатагтайн хувьд Меланиа хүүхдийн сайн сайхны төлөө, цахим дээрэлхлийг зогсоох болон опиоидын зохисгүй хэрэглээг таслан зогсоох үйл ажиллагааг өргөнөөр дэмждэг. Мөн энэ оны аравдугаар сард Меланиа өөрийн дурсамж номоо гаргажээ.
ТРАМПААС ӨМНӨХ МЕЛАНИА
Жинхэнэ нэр нь Мелания Кнавс нь 1970 оны дөрөвдүгээр сарын 26-нд Словенийн Ново Место хотод (тухайн үеийн коммунист Югославын нэг хэсэг) төрсөн. Түүний аав Виктор автомашины худалдаа эрхэлдэг коммунист намын гишүүн байсан бол ээж Амалижа нь хүүхдийн хувцасны үйлдвэрт эсгүүрчин байжээ. Аав ээж нь 1966 онд танилцаж, гэр бүл болсон бөгөөд анх Виктор ойролцоох хотод хотын даргын жолооч байв. Мелания эгч Инестийн хамтаар эгэл жирийн амьдралаар амьдарч, ээжийгээ даган ажил дээр нь очихдоо үйлдвэрээс гаргаж буй шинэ хувцаснуудыг өмсөн бусад ажилчдын хүүхдүүдтэй хамт загварын шоунд оролцож байгаа мэт тоглодог байжээ.
Дашрамд дурдахад, аав Виктор нь шашингүйн үзлийг баримталдаг коммунист намын гишүүн байсан ч хүүхдүүдээ төрсний дараа католик сүмд нууцаар баптисм хүртээсэн.
Хожим аав нь өмнөх харилцаанаасаа Денис гэх хүүтэй байсныг Меланиягийн гэр бүл олж мэддэг. Эцэг тогтоох шинжилгээгээр батлагдах хүртэл аав нь Денисыг төрсөн хүүхдээ гэдгийг үгүйсгэж байжээ. Мелания өсвөр насандаа тухайн үеийн Словенийн нийслэл Любляна руу гэр бүлийн хамт нүүж, ахлах сургуульд сурах болсон. Улмаар Мелания загварын салбарт татагдах болж, амьдралынх нь шинэ үе эхэлсэн гэлцдэг. Учир нь Рональд Рейган АНУ-ын ерөнхийлөгч болж, Словенид "CNN International" зэрэг барууны нэвтрүүлэг гарч эхэлсэн нь Мелания болон түүний гэр бүлд "эрх чөлөөний орон Америк" төсөөллийг бий болгож өгчээ. Барууны дэгжин загварт сэтгэл татагдсан Мелания 16 настайдаа загвар өмсөгчөөр ажиллах болж, цаашлаад Парис, Милан зэрэг томоохон хотуудад ажил хайж эхэлсэн байна.
Түүний хувьд Миланаас гаралтай бизнесмен Паоло Замполлитой танилцсан явдал нь амьдралынх нь гол эргэлтийн цэг болсон.
Паоло Замполли нь Нью-Йорк хотод загвар өмсөгчийн агентлагтайгаас гадна үл хөдлөх хөрөнгийн бизнесээ өргөжүүлж байсан улс төрийн идэвхтэн юм. Мелания түүний тусламжтайгаар эрх чөлөөний оронд дуртай мэргэжлээрээ ажиллах болсон бөгөөд хожим тэрбумтан нөхөртэй нь танилцуулна гэж төсөөлөөгүй нь лавтай.
1996 онд Мелания Нью-Йорк хотод ирэхээсээ өмнө нэрээ албан ёсоор Меланиа болгожээ.
Тэрбээр "EB-1" хөтөлбөрийн дагуу 2001 оны гуравдугаар сард байнгын оршин суух ногоон карт авсан бөгөөд үүнийг шилдэг эрдэмтэн судлаач, бизнесмен, Оскарын шагналтан болон онцгой чадвартнуудад олгодог "Эйнштейний виз" гэж хочилдог. Улмаар 2006 онд албан ёсоор АНУ-ын иргэн болсон байна.
ЗАГВАРЫН КАРЬЕР
Загвар өмсөгчөөр ажиллаж эхэлснээс хоёр жилийн дараа буюу 18 настай Меланиа Миланы загварын агентлагтай гэрээ хийжээ. Тэрбээр Люблянагийн их сургуульд элсэн орсон боловч нэг жилийн дараа загвар өмсөгчийн карьераа бүтэн цагаар үргэлжлүүлэхээр сургуулиа орхисон байна. Олон нийт түүнийг царайнаас цаашгүй гэж боддог ч үнэн хэрэгтээ загвар өмсөгчөөр ажиллаж байх хугацаандаа Меланиа англи, франц, итали, герман хэл сурч, өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг аж. АНУ-д очсон хойноо Патрик Демаршелиер, Хелмут Ньютон зэрэг алдартай гэрэл зурагчидтай тогтмол хамтран ажиллах болжээ.
Мөн 2000 оны нэгдүгээр сард нүцгэн зургаа авхуулж "Harper’s Bazaar Bulgaria", "Vanity Fair Italia", "Sports Illustrated Swimsuit Issue", "British GQ" зэрэг сэтгүүлийн голлох загвар өмсөгч болсон байдаг.
2005 онд тэрбээр "Aflac"-ийн сурталчилгаанд оролцож, "The View"-ийн нэг дугаарын зочин хөтлөгчөөр уригдаж байжээ.
Хэдийгээр Меланиагийн карьер гэрэлтэж байсан ч Дональд Трампийн эхнэр болсноор бүх зүйл өөрчлөгдсөн. Нэр нөлөө, хээгүй байдлаараа олонд танигдсан Трамп 2016 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үед Меланиагийн арав гаруй жилийн өмнө авхуулсан нүцгэн зураг шуугиан дагуулсан юм. Цахим орчинд түүний 2000 онд Их Британийн "GQ" сэтгүүлд зориулж авхуулсан нүцгэн зураг нь хамгийн эхэнд тархсан бөгөөд үслэг хөнжил дээр хэвтэх Меланиаг харуулна.
Түүнчлэн "New York Post" сонин тухайн үеийн 25 настай Меланиагийн нүцгэн зургууд, тэр дундаа өөр эмэгтэйтэй орон дээр хэвтэж байсан зургийг нийтэлжээ.
Ихэнх зургууд нь одоо хэвлэгдэхээ больсон Францын эрэгтэй сэтгүүлд зориулан авхуулсан байжээ. Энэ талаар Доналд Трамп “The Post” сонинд өгсөн ярилцлагадаа “Меланиа хамгийн амжилттай загвар өмсөгчдийн нэг байсан. Тэр томоохон сэтгүүлүүдийн урилгаар нүүр хуудсыг нь чимж, олон удаа зураг авалтад оролцдог байсан. Эдгээр нүцгэн зургууд нь Меланиатай танилцахаас өмнөх юм. Европын сэтгүүлд авхуулсан зураг. Европт иймэрхүү зургууд маш загварлаг бөгөөд түгээмэл байдаг" гэжээ.
Меланиа дурсамж номдоо нүцгэн загвар өмсөгчийн ажлаараа бахархдаг гэдгээ илэрхийлж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл Трампийн гэр бүлийг харлуулах гэж ёс бус үйлдэл гаргасан гэж буруутгажээ. Мөн "Бид хүний биеийн гоо үзэсгэлэнг үнэлэхээ больчихсон юм уу? Бид бие махбодоо хүндэтгэж, урлагийг өөрийгөө илэрхийлэх хүчирхэг хэрэгсэл болгон ашигладаг мөнхийн уламжлалыг хүлээн зөвшөөрөх ёстой" гэсэн юм.
ХАТАГТАЙ ТРАМП
Меланиа нөхөртэйгөө 1998 онд Нью-Йорк хотод болж байсан загварын үдэшлэг дээр танилцжээ. Анх Трампийн үерхэх саналд татгалзаж байсан ч 1999 оноос эхлэн харилцаа нь дараагийн шатанд шилжсэн байна. Улмаар 2005 оны нэгдүгээр сард Флорида мужийн Палм Бичд тансаг хурим хийхдээ Меланиа 34 настай байсан бол Трамп 58 настай байжээ. Тэдний хуримд Шакил О’Нил, Барбара Уолтерс, Келли Рипа, Мэтт Лауэр, Кэти Курик зэрэг алдартай одод уригдсан бөгөөд төд удалгүй Меланиа Кнавс албан ёсоор нэрээ Меланиа Трамп болгон өөрчилжээ.
Албан ёсны гэр бүл болсноос нэг жилийн дараа хосууд Бэррон гэх хүүтэй болсон. Трампийн хувьд Бэррон тав дахь хүүхэд нь бол Меланиагийн хувьд цорын ганц нандин эрдэнэ нь юм.
Трампийн хувь хүний зан чанар, амьдралын хэв маяг нь маш ээдрээтэй. Хосуудын дунд араар тавилтын сэдэв үргэлж байсан гэж хэлж болно. Саяхан л гэхэд Трамп насанд хүрэгчдийн кино од Сторми Даниэлзтэй нууц харилцаатай байсан нь илчлэгдэж, шүүхийн хаалга татаад амжсан. Энэ мэт саар асуудлуудыг Меланиа чимээгүйхэн өнгөрүүлдэг бөгөөд шаардлагатай тохиолдолд албан ёсны хэдхэн үг хэлээд л орхидог билээ.
Түүнчлэн үе үеийн тэргүүн хатагтай нараас ялгаатай нь Меланиа хамгийн дуу цөөтэй, олон нийтийн үйл ажиллагаанд төдийлөн оролцдоггүй.
Олон улсын хурал цуглаан, айлчлалуудад тэргүүн хатагтайн үүрэг зайлшгүй шаардагдсан тохиолдолд оролцдог бол бусад үед Нью-Йоркийн цамхагт эсвэл Цагаан ордондоо байдаг. Дашрамд дурдахад 2018 оны эхээр Дональд Трампийн засаг захиргаа цагаачлалын хуулийг шинэчлэх санаачилга гаргах үед зарим шүүмжлэгчид Меланиаг "EB-1" хөтөлбөрт хамрагдах гавьяатай байсан эсэхэд нь эргэлзэж эхэлсэн. Тухайн оны наймдугаар сард тэргүүн хатагтай болсон Меланиа эцэг эхдээ АНУ-ын иргэншил олгосныг батлах нотлох баримт олдсоноор нөхрийнх нь дэвшүүлсэн хуулийн шинэчлэл зөвхөн дээд албан тушаалтнуудын гэр бүлд хамаарахгүй байна гэх маргааныг өдөөжээ.
Мөн тэргүүн хатагтай бүр зул сарын баярт зориулж Цагаан ордныг чимэглэх уламжлал байдаг.
Үүнийг Меланиа эрс шүүмжилж буй бичлэг цацагдаж, олон нийтийн эгдүүцлийг хүргэсэн байна. Уг бичлэг дээр Меланиа "Би заавал хийх ёстой. Гэхдээ би хиймээргүй байна. Бүх хүн Меланиагийн зул сард зориулсан чимэглэл, тохижилтыг хармаар байна, ямар шинэ гацуур тавих бол гээд ярьж байгаа. Тийм хэрэггүй юм хийж, хүлээж яадаг юм. Шал утгагүй" гэх мэт дургүйцлээ илэрхийлсэн үгс хэлж байжээ.
ҮЙЛ ХЭРЭГ
Тэргүүн хатагтайн хувиар Меланиа хүүхдийн боловсрол, дээрэлхэл, цагаач хүүхдүүдийн эрх зэрэг хэд хэдэн салбарт дэмжлэг үзүүлж байжээ. 2017 оны "Ном унших үндэсний өдөр"-ийн хүрээнд Меланиа муж бүрийн зохих сургуульд Доктор Сюссийн ном илгээсэн. Дараа сард нь Боловсролын нарийн бичгийн дарга Бетси ДеВостой хамт Детройт хотын захын дунд сургуульд зочилж, "#NoOneatSalone" санаачилгыг хэрэгжүүлсэн байна.
Меланиа үргэлж нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандахыг уриалдаг бөгөөд цагаачдын хүүхдүүдийг эцэг эхээс нь салгах тогтолцоог шүүмжилдэг юм.
Мөн "Шилдэг бай" кампанит ажлынхаа хүрээнд Меланиа цахим сүлжээнд нэгнээ дээрэлхэх, мансууруулах бодисын хэрэглээг таслан зогсоох, хүүхдийн аюулгүй өсөн торних орчныг бүрдүүлэх зэрэг санаачилга гаргаж байсан гээд тоо томшгүй олон бий. Трампийн анхны бүрэн эрхийн хугацаанд тэрбээр хууль бус цагаачдын хууль ёсны АНУ-ын иргэн болсон хүүхдүүдийг хамгаалж, гэр бүлд нь виз олгох асуудлыг хөндсөн байдаг. Улмаар олон нийтэд цагаачлалын тухай хуулийг шинэчлэх явдлыг дэмжих хэрэгтэй гэж уриалж байсан юм.
"Celebrity Net Worth"-ийн мэдээлснээр, 2024 оны наймдугаар сарын байдлаар Меланиа 50 сая ам.долларын хөрөнгөтэй аж. Загвар өмсөгчөөс гадна хэд хэдэн бизнес хийж, хөрөнгөжсөн. 2010 онд тэрбээр "QVC"-тэй хамтран "Melania Timepieces & Jewelry" нэртэй одоо үнэт эдлэлийн коллекц гаргасан ч татан буугдсан. Меланиа мөн 2016 онд арьс арчилгааны бүтээгдэхүүн гаргасан болов ч жилийн дараа үйлдвэрлэгч нь хамтран ажиллахаа больсон юм. Тэргүүн хатагтай асан одоо өөрийн цахим хуудсаараа дамжуулан үнэт эдлэл, гоёл чимэглэл, дижитал цуглуулга борлуулдаг. Эцсийн дүнд хэн ч Меланиаг өөрөөс нь сайн мэдэхгүй учир дурсамж номоороо дамжуулан хэн байгаад хэн болсноо, ирээдүйд юу хүсч буйгаа илэрхийлсэн байх нь дамжиггүй.
зочин 2024-12-05 192.82.66.30
манай тэргүүн хатагтай үлгэр жишээ үзүүлмээр байхын хүүхдийн төлөө
Иргэн 2024-12-05 139.5.218.60
б**********ч эдийн шуналтай я***н л байсан байна лээ ш д. Америкт 30-д жил амьдарсан байж англи хэл нь нойл. Тийм болохоор л уулзалт арга хэмжээнд орохгүй үг хэлж чадахгүй санаа бодлоо илэрхийлж чадахгүй чимээгүй байдаг байхгүй юу.
Нэргүй 2024-12-05 202.179.27.234
aaviigaa duuriasan tsarai muutai
зочин 2024-12-05 103.212.117.196
азтай бүсгүй юмаа.
Нэргүй 2024-12-05 202.21.111.170
47 дох гэж юу байдын малууд аа дахь гээч
Нэргүй 2024-12-05 103.212.119.207
Энэ ISUU гэдэг охин бичнэ гэж ёстой алж хаядаг юмаа!
Нэргүй 2024-12-05 122.201.31.181
Chaddin bol tgd uuruu bichech gulug min