Хуучирсан мэдээ: 2024.12.05-нд нийтлэгдсэн

Увайгүй УЛСТӨРЧИД!

Саяхан Ерөнхий сайдаа эзгүйчилж, 2025 оны төсвийн алдагдлыг бууруулах ёстой хэмээн ордны бослого дэгдээж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахдаа "матрын нулимс" унагаж суусан УИХ-ын гишүүд одоо төсвийн таналтаа эсэргүүцээд эхэлсэн байна. Төсөвт бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авснаас болоод Засгийн газар хоёр дахь удаагаа  төсвөө шинээр боловсруулж, парламентад өргөн барьсан. Ингэхдээ төсвийн зардлыг 1,4 их наядаар танасанд парламентын гишүүд дахиад "бослого" гаргаж байгаа бололтой.

Өмнө нь хасуулна, танана гээд орилоод байсан гишүүд маань Засгийн газраас алдагдлаа бууруулж, боловсруулсан төсвийг эсэргүүцэж, энийг ч тэрийг ч тануулахгүй хэмээн “гоншигнож” эхэлжээ.

УИХ-ын чуулган арваннэгдүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж, санал хураалтад УИХ-ын нийт 89 гишүүн оролцсоноос 76 нь  дэмжсэнээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах тухай УИХ-ын тогтоол батлагдаж байв. Өөрөөр хэлбэл, парламент олонхоороо Ерөнхийлөгчийн төсвийг алдагдалгүй батлах ёстой гэсэн 2025 оны төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг хүлээж авсан гэсэн үг. Энэ нь олонхоороо төсвийн зарлагыг бууруулах, алдагдалгүй төсөв батлах дээр санал нэгдсэн гэсэн үг. Нэгэнт УИХ хориг хүлээж авсан бол 2025 оны төсвийн 1,9 их наяд төгрөгийн алдагдлыг бууруулах үүрэгтэй. Хууль эрх зүй тодорхойгүй байдлаас үүдэж Засгийн газар 2025 оны төсвөө дахин өргөн барихаар өнөөдөр хуралдаж буй. Харин Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны төсвийн 1,9 их наядын алдагдлыг 1,4 болгож бууруулсан төслөө өчигдөр УИХ дахь МАН, АН-ын бүлгүүдэд танилцаалж. Гэвч УИХ-ын гишүүд төсвийн зарлага бууруулсныг эсэргүүцэж, энэ зардлыг хасч, танаж болохгүй, тэрийг ч болохгүй хэмээн эсэргүүцэл үзүүлээд эхэлжээ.

УИХ-ын гишүүд парламентаар орж ирж байгаа хуулийн төсөл бүрийг үг үсэг, цэг таслал, заалт бүрээр нь нягталж, хуулийн зөрчил үүсгэхгүй байх, нийтийн эрх ашгийн төлөө байхад нь анхаарч, ажиллах үндсэн үүрэгтэй. Ялангуяа жил бүрийн төсөв бол энэ улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг шийддэг маш том асуудал учраас төсвийг үг үсэг, цэг таслал, заалт бүрээр нь нягталж, уншиж, судалж шийдвэрээ гаргаж, алдаа байвал дор бүр нь засч залруулж, саналаа илэрхийлж, батлалцах учиртай.

Гэвч шинэ парламентын 126 гишүүн ажилдаа хариуцлагагүй хандаж, алдагдалтай төсөв баталсан, төсөв хэлэлцэх үеэр олноороо гадаадад айлчилж, шинэ  гишүүд төсөв дээр хариуцлагагүй ажилласан учраас Ерөнхийлөгч хориг тавьсан.

Парламентын гишүүд ч алдаагаа ухамсарлаж, хоригийг хүлээж авсан. Харин одоо алдаагаа засах болохоор эсэргүүцэж, миний, чиний төсвийг танаж, хасч болохгүй гэх хандлага үл гаргах ёстой юм. Нэгэнт алдагдалтай төсөв баталсан учраас Засгийн газраас танаж, хасч, хойшлуулж болох бүх зардлуудаа танаж, 1,9 их наядын зарлагыг 1,4 болгож оруулж ирж байна. Засгийн газар танаж, царцааж, хойшлуулж болох таналтаа хийчихсэн, харин одоо 126 гишүүнтэй парламент алдагдалгүй, сайн төсөв батлахад хүн бүр оролцож, гадаад, дотоодын томилолт, хувийн ажлаа хойш нь тавьж, дахин алдаа гаргахгүй байхад анхаарах цаг ирлээ. Наашаа харж инээж, цаашаа харж уйлсан ч хамаагүй алдаагаа засч, алдагдалгүй төсөв батлах чухал цаг ирлээ, эрхэм гишүүд ээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж