Сурвалжлага: Эмийг жороор олгосноор борлуулалт 50 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2024.12.04-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Эмийг жороор олгосноор борлуулалт 50 хувиар буурчээ

Сурвалжлага: Эмийг жороор олгосноор борлуулалт 50 хувиар буурчээ

Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тус хууль хэрэгжиж эхэлснээр иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан. Тэгвэл бид эмийг жороор олгодог болсноор эмийн сан, иргэдэд ямар чирэгдэл учирч байгаа талаар Баянзүрх, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн эмийн сангуудаас сурвалжлага бэлтгэлээ.

"ЭМИЙГ ЖОРООР ОЛГООД 2 САР ӨНГӨРСӨН Ч ИРГЭДИЙН БУХИМДАЛ АРИЛАХГҮЙ БАЙНА"

Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын “Ази фарм” эмийн санд хөл хөдөлгөөн бага, нэг  хоёроор хүн орж гарах дүр зураг үзэгдэнэ.  Тус эмийн сангийн  тохилог, цэвэрхэн байдал нь сэтгэл татаж байв.  Г.Нансалмаа эмийн сан ажиллуулаад жил болж байгаа гэнэ.

Г.Нансалмаа Иргэдийн таагүй харилцаа хандлагатай өдөр бүр нүүр тулах юм. Хүмүүс маш их стресс, бухимдалтай  байна. Цаг зав муутай байхад заавал жор нэхэж байдаг гэж  бидэнд уурлаж байна. Бид холбогдох газраас гаргасан дүрэм, журам, хуулийг мөрдөж ажиллаж байна. Гэтэл иргэддээ эмийг жороор олгосноор гарах үр дүнгийн талаар сурталчлаагүй, хэрэгжиж эхлэх хугацааны талаар мэдээлэл хангалттай өгөөгүй шууд хэрэгжүүлсэн нь хүндрэл учруулж байна гэж ярилаа.

Тус эмийн сангаар үйлчлүүлж байгаа иргэн Э.Сарнай “Хууль дүрэм журмаа дагаад харьяа дүүрэг, өрхийн эмнэлгээс жор аваад эмийн санд ирэхээр гурван эм бичүүлж ирэхээр хоёр нь байхгүй байх тохиодол их. Буцаад л нөгөө эмнэлэгтээ очно. Очер дараалал ихтэй, цаг зав муутай хүмүүс яарч, адгасан дүр зураг угтдаг. Хаа сайгүй л түгжрэл, дараалал их байна. Тиймээс хаа хаанаа хүндрэл учруулж байхаар гурван өөр төрлийн эм авах гэж байгаа бол гурван жор бичээд өгчихөж болмоор санагддаг. Гурван цаас л үрэгдэнэ биз.

Тэдгээр жороо бариад эмийн сангуудаар явахад олдох газраасаа олдож л таарна. Ганц жорын бичгээ бариад гурван эм нь гурвуулаа байгаа эмийн сан олох гэж бас үгээ хэлж байна.

Төрийн үйлчилгээ тэр дундаа эмнэлэг, эрүүл мэндтэй холбоотой байгууллагын үйл ажиллагаа иргэддээ хамгийн ойр, хамгийн хүндрэл чирэгдэл багатай баймаар байна. Гэтэл манайд хамгийн их явдал чирэгдэл болгож байна” гэж ярив.

Эмийн жорыг цахимаар бичдэг болсноор иргэдэд тулгарч буй хүндрэл бэрхшээл арилна гэдэг мэдэгдлийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хэлж байсан ч энэ систем нь одоо хэр нь нэвтрээгүй байна. Тухайлбал, иргэн эмчээр жор бичүүлж авахад гурван эмийнх нь хоёр нь эмийн санд байгаа тохиолдолд өөр эмийн сан руу явах шаардлага үүсч буй. Эсвэл эмчийн бичиж өгсөн эм байлаа ч тухайн бичсэн тунгаараа байхгүй тохиолдолд дахин өрхийн эмчдээ очиж жороо өөрчлүүлж бичүүлье гэвч эхний шивэлт нь долоо хоногийн дараа устдаг зэргээс болж иргэдэд хүндрэл учирсаар байгаа юм.

"ЗҮРХ СУДАС, ДАРАЛТ, ХАНИАДНЫ ЭМҮҮД ЭРЭЛТТЭЙ БАЙНА"

Тус гурван дүүргийн эмийн сангуудаар явж нийтлэг зарагдаж буй  эмийн талаар лавлахад, “Агар фарм” эмийн сангийн жор баригч С.Энхзаяа  “Цаг улирал, агаарын бохирдол зэргээс үүддэг ханиад, зүрх судас, даралтны эмүүд эрэлттэй борлогдож байна. Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд жороор олгох эмнээс нэг хоёр ширхэгээр өгөх тохиодол байдаг.

Жишээлбэл, байнгын даралтны эм уудаг хүн орж ирээд даралтаа үзүүлээд эм өгөөч гэдэг. Дээд доод даралт нь 170/100 тай болчихсон тэр хүнд эмнэлгээс эмийн сан нь ойрхон болоод л ирж байгаа. Хоёр ширхэгийг өгөөд даралтаа буухаар эмнэлэгт очоод жороо аваад ирээрэй гээд явуулах тохиолдол мэр сэр байдаг” гэж хэллээ.

Тус газрын үүдэнд таарсан Баянгол дүүргийн иргэн Л.Балдорж хэлэхдээ “Эмийн зүй зохистой хэрэглээг зохицуулах талаас нь авч үзвэл энэ шийдвэр зөв. Би насаараа эрүүл мэндийн байгууллагад ажиллаад тэтгэвэрт гарсан хүн учраас дэмжээд байгаа юм. Тухайлбал, дур мэдэн эм ууж, өвчнөө аргацааж явсаар байгаад хавдрын сүүлийн шатанд орчихсон хүмүүс байдаг. Тэгэхээр нэгдүгээрт, нарийн мэргэжлийн эмчид хандаж оношоо тодруулна. Дараа нь бичиж өгсөн эмийг зааврын дагуу ууна. Гэтэл манайхан тэгдэггүй. Тухайлсан өвчний эмүүдээс өөрийн бие организмд таарах ч эм бий, таарахгүй ч эм бий.

Ийм учраас эмийн зүй зохистой хэрэглээ гэх нэр томъёо байдаг юм. Өмнө нь иргэд эмийг талх шиг л дуртай эмийн сангаасаа ороод авчихдаг байсан. Тэр муу зуршил нь дадал болчихсон учраас шинэ хууль эрх зүйн орчинд одоогоор дасахгүй хаа хаанаа хүндрэлтэй санагдаж байж магадгүй. Гэхдээ сайн жишиг удахгүй тогтчих байх. Хамгийн гол нь эмч, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ муу учраас дараалал, дугаар нь дийлдэхгүй иргэдэд чирэгдэл учруулаад байгаа талтай” гэв.

"ЭМИЙН ҮНЭ ӨРХИЙН САНХҮҮД ДАРАМТ УЧРУУЛЖ БАЙНА"

Бидний сурвалжлага үргэлжилсээр Чингэлтэй дүүргийн “Тун Эрдэнэ” фарм эмийн сангаар орлоо. Тус эмийн сангийн худалдагч Ц хэлэхдээ  “Эмийн үнэ нэмэгдээгүй хэдий ч худалдан авалт нэг дахин багассан. Шалтгаан нь эмийг жороор олгодог болсонтой холбоотой. Ард иргэдийн амьдрал ахуй, улс орны эдийн засаг ямар байгаа билээ дээ. Гэхдээ, нэг зүйлийг хэлмээр санадаад байна. Бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, хууль, дүрэм, журамдаа өөрчлөлт оруулмаар юм шиг санагдсан. Жишээлбэл, өндөр тунтай өвчин намдаах эм уудаг хүн байна. Цаг орой болсон, эмнэлэг хаалттай. Жор олдохгүй байх үед яах вэ. Мөн даралт нь ихсээд эмнэлэг бараадах тамиргүй болсон хүн ороод ирэхээр яах вэ.

Эмийн сандаа хүрч чадалгүй даралт харвасан тохиолдол байна шүү дээ. Жороор олгох эмийг жоргүй зарсан аж ахуйн нэгжийг 30 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай.

Эмийн сан ажиллуулж байгаа бидний хувьд жороор эм олгодог болсныг дэмжиж байна. Гэвч, энэ хуулийн хэлбэр, агуулга хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна. Манай улсын төрийн үйлчилгээ ямар хүндрэлтэй байдгийг бүгд мэднэ. Жороо авахаар эмнэлэг яваад өдрийн талыг авна шүү дээ. Иргэн хүний хувьд ч, энэ салбарын хүний хувьд ч тэр хуулиа ахин сайжруулмаар юм уу гэсэн саналтай байна” гэв.

Тус дүүргийн иргэн Жаргал бидэнд тулгамдсан асуудлаа илэн далангүй ярьсан юм. Тэрбээр, “Манайх гурван хүүхэдтэй. Гурвуулаа ханиад хүрсэн учир эмчийн бичиж өгсөн жороор эм аваад гарч байна. Эмчийн бичигт нэг хүүхдийн эмчилгээнд л Амоксациллин 250-1 труп, АЦЦ 100 мг-4 ш, ибупрофен 200мг-1 труп, гроприноссин 05- 1 труп бичсэн байна. Миний хувьд хоёр хүүхдийнхээ уух эмийг л авлаа. Эмчийн бичиж өгсөн бүх эмийг авах  мөнгө дутсан учир нэг, хоёр хоногоос ахиж ирнэ. Харин эмийн сандаа жороо үлдээчихлээ. Дахин эмнэлэг явах цаг зав бага учир өөр арга алга. Өмнө нь эмийн санчаас учир байдлаа хэлээд ойр зуурхан хэрэглэх эм авчихаж болдог байсан. Гэтэл одоо бүх эмийн сан эмчийн жоргүй бол эм өгөхгүй гээд халгаахаа больчихсон байна.

Хэдийгээр эмийн зохистой хэрэглээтэй холбоотой зохицуулалт хийж байгааг ойлгож байгаа ч хүүхэд уйлагнаж, шаналсан үед тэр бүр бага насны хүүхдээ дагуулаад өрхийн эмнэлэг орох боломж хомс. Харин ч хүүхдүүдээ дагуулаад өрхийн эмнэлэгээр эргэлдэхээр дахиад л шинэ халдвар авчихдаг тохиолдол бий.

Ойрхон төрсөн болохоор хүүхдүүд өвдөхөөр өрхийн эмнэлэгт удаа дараа очсоор байгаад сүүлдээ ямар шинж тэмдэг илэрвэл ямар эм өгөх талаар анхан шатны ойлголттой болчихдог юм байна. Бага насны хүүхдийн тунгаар ийм эм л авах болов уу гэхээр эмчийн жортой яг таарах тохиолдол ч бий. Би мэдээж эх хүн учраас хүүхдээ эмийн зохисгүй хэрэглээгээр хордуулахыг хүсэхгүй. Жор үзсэн эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэх үг зүгээр ч нэг гарчихаагүй байх. Яг л ийм зарчмаар заримдаа эмийн сангаас яаралтай тодорхой хэмжээний эм авах хэрэгцээ яах аргагүй гарч байна. Гэтэл өрхийн эмчдээ үзүүлж, эмчилгээ бичүүлж авахын тулд асар их цаг хугацаа алдаж байна. Мөнгө төгрөгөөрөө ч хохирч байна.

Нөхөр ганцаараа ажилладаг учраас нөхрөө тэр бүр эмнэлэгээр дагуулж явах, ажлаас нь чөлөө авахуулах боломж байхгүй. Том хүүхдээ гэртээ үлдээлээ гэхэд хоёр бага хүүхдээ хамтад нь аваад явахаас өөр аргагүй. Тиймээс гэр болон өрхийн эмнэлэгийнхээ хооронд ирж, буцахдаа такси барихаас өөр арга байдаггүй.

Ялангуяа гадаа хүйтний эрч чангарч байгаа энэ үед такси ч олдохгүй хэцүүдэх үе олон. Тиймээс эмийн санд заавал жороо үлдээдэг биш эмийн санчид нь жороо үзүүлээд эмээ авах, тухайн жор нь сарын дотор 2 удаа үйлчлэх эрхтэй байх гэх мэт уян хатан зохицуулалт тусгаж өгмөөр санагдаж байна. Мөн эмийн чанар болон үнийн хувьд уян хатан байх тал дээр зохицуулалт хэрэгтэй байна. Өвлийн улиралд заримдаа сарын орлогын 40-50 хувь нь эмнэлэг болон эмийн үйлчилгээтэй холбоотой зардалд зарцуулагдаж байна. Эмийн үнэ, өртөг өндөр байгаа нь олон айлын өрхийн санхүүд хүндрэл болж байна. Үнэтэй эм нь л сайн гэх ойлголттой учраас аль болох чанартайг нь авахыг л бодно. Гэтэл эмээ ч  авч дийлэхгүй амьдралтай иргэд олон байна шүү дээ” гэлээ.

Д.ЭНХБАЯР

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж