“Statista” цахим хуудас алдартнуудын гоо сайхны брэндүүдийг ашиг орлогоор нь жагсаажээ.
Өнгөрсөн онд хамгийн өндөр ашиг орлого олсон брэндээр дуучин Рианнагийн “Fenty”-г нэрлэв. Тус брэнд 2017 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн 150 гаруй оронд бүтээгдэхүүн нь зарагддаг. Тэгвэл “Fenty” брэндийн ашиг өнгөрсөн онд 602.4 сая ам.доллар байжээ. Дэлхий даяарх хэрэглэгчид “Google” гэх мэт хайлтын системээр “Fenty” гэсэн хайлтыг сард 21 мянган удаа ойролцоогоор хийдэг. Тэр дундаа тус брэндийн уруулын будгийг сард 20 мянган удаа хайдаг аж.
Хамгийн өндөр ашиг орлого олсон брэндийн жагсаалтын хоёрдугаар байранд Энэтхэгийн жүжигчин, дуучин, найруулагч Приянка Чопра Жонасын үс арчилгааны “Anomaly” брэнд оров. Тус брэндийн ашиг орлого 2023 онд 542.7 сая ам.доллар байжээ. Жүжигчин бүсгүй уг брэндээ үүсгэн байгуулахдаа үсээ арчлахын зэрэгцээ байгаль дэлхийд ч ээлтэй хандана гэдэг санааг шингээхийг хүссэн байна. Хэрэглэгчид тус брэндийн үсний тосыг хамгийн их эрж сурдаг.
Жагсаалтын гуравдугаарт Кардашианы эгч дүүсийн нэг Кайли Женнерийн “Kylie Cosmetics” брэнд 380.4 сая ам.долларын орлогоор оров.
Реалити шоуны од Кайли 2015 онд өөрийн брэндээ үүсгэн байгуулж байжээ. Анх уруулын будгаар брэндээ нээж байсан бол өдгөө сормуусны будаг нь эрэлт ихтэй бүтээгдэхүүн болсон. Тодруулбал, хэрэглэгчид тус брэндийн уруулын будгийг сар бүр 1500 орчим удаа цахим сүлжээнээс хайж үздэг ажээ.
Дөрөвдүгээр байранд дуучин Ариана Грандын “R.E.M Beauty” брэнд 88.7 сая ам.долларын орлогоороо орж байна. Тус брэндийн хамгийн өндөр эрэлттэй бүтээгдэхүүн бол суурь энгэсэг. Хэрэглэгчид “R.E.M Beauty”-ийн суурь энгэсэгийг сард дунджаар 800 удаа цахим сүлжээнээс хайж үздэг бол уруулын тосыг нь 500 орчим удаа хайсан байна. “R.E.M Beauty” брэнд 2021 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд харгислалгүй, веган нийгмийг онцолдог.
Дуучин Селена Гомезын “Rare Beauty” брэнд жагсаалтын тавдугаарт оржээ. Тус брэндийн 2023 оны орлого 75.7 сая ам.доллар хүрсэн байна. Харин цахим сүлжээн дэх 34 мянган хайлтын тоогоороо “Rare Beauty” бусад брэндээ тэргүүлжээ. Брэндийн жилийн орлогын нэг хувь нь тодорхой бүс нутгуудад сэтгэцийн эрүүл мэндийн дэмжлэгийг сайжруулах зорилгоор байгуулагдсан “Rare Impact” санд зориулагддаг.
Зургадугаар байранд жүжигчин Дрью Барриморын “Flower beauty” брэнд оров. Жүжигчин, загвар зохион бүтээгч, сэтгүүлийн редактор, нэвтрүүлгийн хөтлөгч тэрбээр уг брэндийг 2013 онд үүсгэн байгуулжээ. Өндөр чанартай, боломжийн үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор үүсгэн байгуулсан тус брэнд нь өдгөө 10 гаруй жилийн дараа улам л нэр хүндтэй, өргөн цар хүрээтэй болжээ.
Австралийн зохиолч Зое Фостер Блэйкийн “Go-To Skincare” брэнд долдугаар байранд оржээ. Тэрбээр байгалийн гаралтай, энгийн боловч үр дүнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүслээр брэндээ үүсгэн байгуулсан. Тус брэндийн хамгийн алдартай, эрэлттэй бүтээгдэхүүн нь “Face hero” гэх гүн чийгшүүлэгч тос юм.
Америкийн жүжигчин Кэтье Холмесын “Alterna” үс арчилгааны брэнд наймдугаар байранд оров. Тэрбээр 2013 онд дахин боловсруулах боломжтой савлагаа бүхий уг брэндийг байгаль орчны сайн сайхны төлөө хамтран үүсгэн байгуулалцжээ. Тус брэндийн үсний цацлагыг ид шид ч гэж нэрлэдэг.
Теннисийн спортын од Мариа Шараповагийн “Supergoop” арьс арчилгааны брэнд есдүгээр байранд орж байна.
Харин аравдугаар байранд Америкийн дуучин Жеффрий Старын “Jeffree Star Cosmetics” брэнд оржээ. Жеффрий Старыг дуучин, ая зохиогч гэхээс илүү нүүр будагч артист гэдгээр нь олон нийт мэднэ. Түүний брэнд 2014 онд үүсгэн байгуулагдсан даруйдаа асар хурдан алдар хүндийг олжээ.
“Upbeat Agency”-ийн гүйцэтгэх захирал Жордан Бакнелл судалгааны үр дүнгийн талаар хэлэхдээ “Олон алдартан өөрсдийн гэсэн брэндийг үүсгэн байгуулдаг. Тэд хийж буй ажилдаа дуртай, итгэл үнэмшилтэй байдаг учраас брэндүүд нь ч амжилттай байдаг. Цаг хугацааны шалгуурыг давсан чанар болон шүүмжлэл зэрэг нь тэдний брэндийг улам үнэ цэнтэй болгодог. Зөвхөн алдартнуудын гоо сайхны брэндүүд өнгөрсөн онд нэг тэрбум гаруй ам.долларын борлуулалт хийжээ. Энэ нь өмнөх оноос бараг 58 хувиар өссөн үзүүлэлт байлаа. Гоо сайхны салбарын нийт өсөлттэй харьцуулбал гайхалтай амжилт. Гоо сайхны салбарын ерөнхий өсөлт жилийн гурван хувийн өсөлттэй байх төлөв ажиглагдаж байна” гэв.
0 сэтгэгдэл