Италийн Сери-А лигийн хүрээнд Фиорентина болон Интер Милан багууд учраа тааран тогложээ. Ням гаригт болсон энэ тоглолтын үеэр тамирчин ухаан алдан унаж, тоглолтыг зогсоов. Фиорентинагийн хагас хамгаалагч Эдоардо Бов тоглолтын 16 дахь минутад талбайд унаж, шүүгч тоглолтыг зогсоосон аж. Улмаар хоёр багийн талбайд байсан тамирчид эмч, эмнэлгийн ажилчдыг яаралтай дуудсан гэнэ. Өдгөө 22 настай залууг эмч нар түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэжээ.
Фиорентина болон Интер Милан багуудын тоглолтыг цааш нь үргэлжлүүлээгүй бөгөөд шүүгч 0-0 гэсэн харьцаатай өндөрлүүлсэн юм.
Карегги их сургуулийн эмнэлэг Ням гаригийн орой мэдэгдэл гарган, Эдоардо Бовын биеийн байдал тогтворжиж, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгааг дуулгав. Харин Фиорентина клубын мэдэгдэлд "Бовыг яаралтай тусламжийн тасагт хүргэсэн бөгөөд зүрх судасны болон мэдрэлийн анхны шинжилгээгээр төв мэдрэлийн систем болон зүрх, амьсгалын замын цочмог гэмтэл байхгүйг мэдэгдэсэн" гэлээ.
Харин дасгалжуулагч Раффаэл Палладиногийн хэлснээр Бов ухаан орж, асуултад хариулсан гэв. Мөн тамирчин залуугийн ээж болон найз бүсгүйн хэлэхдээ Бов ухаан орж, инээмсэглэсэн гэжээ. Эмнэлэг болон Фиорентина клубын зүгээс бүх шаардлагатай шинжилгээг хийж дууссаны дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийх гэнэ.
Эдоардо Бовыг эмнэлэгт хүргэгдсэний дараа Фиорентина клубын ерөнхийлөгч Рокко Коммиссо "Чи бол гайхалтай зан чанартай, хүчирхэг хүү. Бид түүний гэр бүлтэй үргэлж холбоотой байгаа" гэсэн бол Италийн Спорт, залуучуудын асуудал эрхэлсэн сайд Андреа Абоди "Хамгийн дээд үнэт зүйл бол амьдрал. Өнөө өглөө Эдоардо Бовыг бодож сэрлээ. Бид амьдралын үнэ цэнийн талаар тодорхой ойлголттой байх ёстой. Талбай дээрх түүний багийнхан, хоёр клубын эмнэлгийн ажилтнууд, Улаан загалмайн ажилтнууд сайн, бэлэн байсан шиг бид бэлэн байх ёстой" гэжээ.
Фиорентина Сери-А лигийн дөрөвдүгээр байрт бичигдэж байна.
Нэргүй 2024-12-03 103.57.94.121
Italy d eregtei humuus ni biye biyenee hundelj, hairlaj aygui goy haritsdag yum bnlee.
Нэргүй 2024-12-03 202.126.90.224
32 tsagaan lonh toolood gvij yavsan gesen baina lee