Энэ өдрийн ээлжит тоглолт “Дархан Юнайтед” эсрэг “BCH Knights” багуудын хооронд явагдана. Улирлыг тааруу эхэлж үзэгч фэнүүдээсээ багагүй зэмлэл сонсоод байсан хуучин гарьдууд ямартай ч улирлаа сэргээсэн. Сүүлийн зургаан тоглолтын тавд нь ялалт байгуулсан тэд одоо хүснэгтийн дэд байранд бичигдэж буй.
Харин энэ улирлыг санаанд оромгүй үргэлжлүүлж байгаа баг бол “Дархан Юнайтед”. Олон залуу тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн тэднийг ийм амжилт үзүүлнэ гэж хэн ч санаагүй биз. Залуучууд цугласан газар өрсөлдөөн их. Энэ нь бие биеэ хурцалж, илүү их сайжрах боломж гарна гэсэн үг. Үүний жишээ У.Дөлгөөн. Өнгөрсөн жил шидэлт муутай, найруулга, довтолгоо гээд түүний тоглолтод олон сул тал байсан ч тэр энэ жил төрөл арилжсан мэт л сайн тоглолтыг үзүүлсээр. Мөн тэд бусад багуудтай харьцуулахад улирал эхлэхэд л хоёр импортоо авчирсан нь давуу тал болов. Ялангуяа Тэй Харди гэж залуу яг л Монголын лигийн Рассэлл Вэстбрүүк гэмээр тоглолт үзүүлж буй. Гэхдээ түүний шидэлт тийм ч сайн биш.
Бид энэ тоглолтод “BCH Knights” баг хожих хувилбарыг санал болгож байна.
Бэртэл гэмтэлд олон тоглогчдоо алдаад байсан “Knights”-д энэ завсарлагаа сайнаар нөлөөлсөн нь дамжиггүй. О.Ууганбаяр, А.Тэмүүжин, Г.Билгүүн зэрэг үүргийн тоглогчид нь бэртлээсээ эргэн ирж тоглолтод оролцох боломжтой болжээ. Мөн америк мэргэжилтэн өөрийн гэсэн импортыг багтаа авчирсан нь Байрон Мулленс. Тэр бол бидний эчнээ таних нэгэн. NBA-ийн хэд хэдэн багт хүчин зүтгэж байсан түүний дундын шидэлт нэмээд самбарын хамгаалалт багт том тусыг авчирна. Мөн тэдэнд Пэндарвис бий.
Эсрэгээрээ дарханчууд олон магтаалын араас зэмлэл сонсож эхлэв. Даймонд Стөүнээр удирдуулсан, бүрэлдэхүүн сайнгүй байгаа “Завхан Бродерс” багийг тэд талбай дээрээ бараагүй. Уул нь Терран Пэттэвэй 43 авч зогсоогдошгүй байсан. Хожигдлын шалтгаан нь тэдний залуу тоглогчдын тогтворгүй тоглолт. Өнөөдөр сайн байсан ч маргааш болж өгөхгүй байгаа нь тэдний туршлага нимгэн байгаагийн илрэл биз. Мөн тэдний нурууны өндөр лигт тийм ч дээгүүр орохгүй гэдэг нь харагдаж байлаа.
Холбоотой мэдээ