Францын зүрхэнд орших Парисын дарь эхийн сүм ирэх амралтын өдрүүдэд нээлтээ хийх гэж байна. Энэ хүрээнд харуул, хамгаалалтыг нэмэгдүүлж, сүмийн талбайд жуулчдыг нэвтрүүлэхгүй байх зэрэг Олимпийн наадмын үеэр хэрэгжүүлж байсан хэд хэдэн аюулгүйн арга хэмжээг авах юм байна. Парисын дарь эхийн сүм 2019 онд харамсалтайгаар галд автсанаас хойш таван жилийн хугацаанд сэргээн босгох, засварлах ажлыг засгийн газраас санхүүжүүлж, гүйцэтгэжээ.
Цагдаагийн дарга Лоран Нуньес хэлэхдээ, зөвхөн уригдсан болон Сена голын дундах Иле де ла Ситегийн оршин суугчид л нээлтийн ёслолд оролцох боломжтой.
Учир нь Парисын дарь эхийн сүм жуулчдын хөл хөдөлгөөнөөр тасардаггүй тул ёслолын үеэр боломжит аюултай нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, нэвтрэх замуудыг битүүмжлэх аж. Мөн 50 орчим төр, засгийн тэргүүн ёслолд оролцох тул цагдаагийн арга хэмжээнд тулгуурлан аюулгүй байдлын зохицуулалт хийж байна. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп уг арга хэмжээнд оролцох болсноо Даваа гаригийн орой мөн мэдэгдсэн юм. Парисын дарь эхийн сүмийн нээлт Бямба гаригийн үдээс хойш болохоор төлөвлөгдсөн бөгөөд шашны зан үйл, шоу бизнесийг хослуулах юм байна.
Хамба лам Лоран Ульрих дахин нээх ёслолыг удирдаж, Парисын дарь эхийн сүмийн хаалгыг хамгийн анх удаа нээх болно гэж албан ёсны цахим хуудаст нь нийтлэгджээ.
Мөн тэрбээр аянга мэт цангинах бадралт баг бишгүүрийг тоглож, залбирал үйлдэн, сүмийн мөргөлчид дуулснаар шашны зан үйл өндөрлөх аж. Үүний дараа Өмнөд Африкийн дуурийн дуучин "Pretty Yende", Францын Жули Фукс, Хятадын төгөлдөр хуурч Ланг Ланг, хийлч Ё-Ё Ма, Бенин гаралтай дуучин Анжелик Киджо, Ливаны дуучин Хиба Таважи болон бусад хүмүүс үзүүлбэр үзүүлнэ. Иле де Ла Ситег бүхэлд нь Ням гаригийн орой хүртэл битүүмжлэх бөгөөд арлын тойрох завины аялал хүртэл түр хугацаанд зогсох юм байна.
Нэргүй 2024-12-03 85.233.56.62
Загалмайн шашинд "Дарь буюу Тара эх" гэдэг ойлголт байдаггүй. Зөвхөн буддын шашинд байдаг. Тиймээс Парисын "эх дагинын сүм" гэдэг гэж манай эрдэмтэд тайлбарласан байдаг.
Оноч 2 цагийн өмнө 66.181.190.220
Ринчин гуайн номын шүүмж дээр дэлгэрэнгүй тайлбарласан буй… Эх дагинын сүм гэх нь зүйтэй гэж. Гээд орчуулсан ном нь хүмүүст хүрээд Дарь эхийн сүм гээд бүр хэвшжихэж дээ. Дарь эх …Эсүсийн эх хоёр нь өөр шашны ойлголтууд боловч одоо яахав. Ринчин гуай Эх дагина ч биш бүр Парис дахь Марийн сүм гэсэн нь зөв гэсэн шиг санагдаад байх юм. Ариун Мари нь эх дагина гэхээр бас болох юм уу?