Талууд өнгөрсөн долоо хоногоос эхлэн нэг нэгнээ гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгаж буй.
Гэхдээ НҮБ-ын энхийг сахиулах хүчний "UNIFIL"-ийн эх сурвалж хэлэхдээ, өнгөрсөн долоо хоногт эвлэрэл хүчин төгөлдөр болсноос хойш Израиль Ливантай байгуулсан гал зогсоох гэрээгээ "ойролцоогоор 100" удаа зөрчсөн гэжээ.
Израилийн Гадаад хэргийн сайд Гидеон Саар энэ талаар Францын гадаад хэргийн сайдтай утсаар ярихдаа "Хезболла бүлэглэлийг Израиль, Ливаны хилийн бүсээс гаргахыг заасан гал зогсоох хэлэлцээрийг зөрчихөөс илүүтэйгээр хэрэгжүүлж байна" гэж хэлсэн болохыг албаны эх сурвалж мэдээлсэн юм. Мөн Гидеон Саар "Ливаны өмнөд хэсэгт Хезболла бүлэглэл байгаа нь гал зогсоох хэлэлцээрийг үндсэн утгаар нь зөрчиж байгаа бөгөөд тэднийг хойд зүг рүү шилжүүлэх ёстой. Израиль гал зогсоох хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө хичээж байна" гэж "Х" хуудаснаа нийтэлсэн байна. Олон улсын хууль тогтоомжийн дагуу Израилийн эзэлсэн Сирийн нутаг дэвсгэр дээрх Хар Дов буюу Шебаа ферм рүү Хезболла хоёр удаа пуужин харвасан аж.
Гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсон эхний цагаас хойш талууд нэгнээ буруутгаж эхэлсэн юм. Израилийн өндөр албан тушаалтан Хезболлагийн цохилтын хариуд түрэмгий, нэг талын арга хэмжээ авах бодолтой байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд нэг талын цэргийн ажиллагааны талаар гал зогсоох гэрээнд тусгаагүй боловч АНУ-ын зүгээс Израильд тусдаа захидал илгээсэн аж.
Үүнд, хэд хэдэн хувилбараар цэргийн үйл ажиллагаа явуулж болох Еврей улсын эрхийг тусгасан байсан гэж Израилийн эрх баригчид Даваа гаригт болсон мөргөлдөөний дараа мэдэгджээ.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер гал зогсоох хэлэлцээр зөрчигдөөгүй гэсэн байна. Тэрбээр Даваа гаригт сэтгүүлчдэд хэлэхдээ "Өргөн утгаараа гал зогсоох хэлэлцээр амжилттай болсон. Мэдээжийн хэрэг, ямар нэгэн хэлэлцээр байгуулагдах үед нэгнээ зөрчих эсэхийг нь хянаж эхэлдэг. АНУ болон Франц бүхий л зөрчлийг илрүүлж, судлах механизмыг бий болгосон учир ойрын өдрүүдэд буруутай үйл ажиллагааг тогтоох болно" гэжээ. Нөхцөл байдлыг харгалзан үзвээс гал зогсоох хэлэлцээр нь Израильд ашигтай байхаар бий болсон гэж ажиглагчид үзэж байна. Тухайлбал, гэрээ байгуулагдах үед Хезболлад цохилт өгөх боломжийг үргэлжлүүлэн олгосон "цоорхой" байгаа бололтой. Энэ талаар Миллер ямар ч тайлбар өгөөгүй бөгөөд үргэлжлүүлэн шалгана гэхээс өөр зүйл хэлээгүй юм.
Нэргүй 2024-12-03 47.227.179.89
Агуу их АНУ, Израиль 2 юу ч зөрчсөн яадаг юм, яаж ч чадахгүй