Баруун Африкийн Гвиней улсын Нзерекор хотод болсон хөлбөмбөгийн тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчид шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн үймснээр дор хаяж 56 хүн амиа алдаад байна. Тэд цэнгэлдэх хүрээлэнгээс гарах гэж олон хүн дунд тэмцэж яваад амиа алджээ.
Тухайн үед цэнгэлдэх хүрээлэнгийн хана руу авирч байж амь гарсан нэгэн хөгжөөн дэмжигч хэлэхдээ “Гол бужигнаан үүдний хэсэгт болсон. Би үүдний хэсэг рүү чихэлдээгүй учраас л амьд гарч чадсан” гэжээ.
Цэргийн удирдагч Мамади Думбуягийн нэрэмжит үндэсний хөлбөмбөгийн тэмцээний финалын шатыг үзэхээр Ням гаригт 20-30 мянга орчим хүн цугласан байсан. Хөгжөөн дэмжигчид чулуу шидэх зэргээр авиргүйтсэн тул цагдаа хүчнийхэн үймээнийг дарахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Нзерекор хот нь 200 мянга орчим хүн амтай. Ням гаригт болсон эмгэнэлт явдлын дараа хотын хаа сайгүй хяналтын цэгүүдийг байгуулж, ихэнх үйлчилгээний газруудыг түр хаасан байна. Мөн Мягмар гаригаас эхлэн гурван өдрийн турш үндэсний хэмжээнд гашуудал зарлажээ.
Эрх баригчид буруутныг тогтоохоор ажиллаж байна. Энэхүү тэмцээнийг цэргийн удирдагч Мамади Думбуягийн хууль бус бөгөөд зүй зохисгүй улс төрийн амбицыг дэмжих зорилгоор зохион байгуулсан гэж "Өөрчлөлтийн төлөөх үндэсний холбоо" болон сөрөг хүчний эвслийнхэн мэдэгджээ. Мамади Думбуя 2021 онд тухайн үеийн ерөнхийлөгч Альфа Кондег огцруулсан. Түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө нэр дэвшиж магадгүй гэж үзэж байгаа ч одоогийн хуулиар энэ нь хараахан зөвшөөрөгдөөгүй байна. Гвиней бол цэргийн засаглалтай баруун Африкийн хэд хэдэн орны нэг юм.
Нэргүй 2024-12-03 202.179.24.247
хамгийн лалрын ажил бол шүүгч