Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө /2024.12.03/ үргэлжилж байна.
Шүүх хурал завсарлалаа
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 540 хавтаст хэрэг бүхий Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд хэлэлцэж, шүүх хуралдаан 18 цаг 50 минутад завсарлалаа. Шүүх хуралдааны хоёр дахь өдөр биечлэн 31, цахимаар 1 нийт 32 оролцогч буюу прокурор, өмгөөлөгч болон шүүгдэгч санал, тайлбараа хэллээ.
78 хүний гомдол, эсэргүүцэл, тайлбарыг сонсч дууслаа
Шүүгдэгч Б.Батбаатар тайлбар хэллээ. Тэрбээр "Миний хувьд "Протекс майнинг" ХХК-тай холбогдуулж, прокуророос эсэргүүцэл гаргасан. Анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийн дагуу хэрэг үүсгэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Прокуророос эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцэж, агуулгын хувьд өөрчлөгдөж эсэргүүцэл гарсан байсан. Өөрөөр хэлбэл, олгох ёсгүй байсан зээл олгосон байсан гэсэн. Энэ асуудлыг бас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүх дээр тодотгож өгсөн. Барьцаа хөрөнгийг нэмэгдүүлж, төлбөрийг найдвартай болгож ажиллаж, зээл олгосон байна гэж шийдвэр гаргасан. Миний зүгээс энэ эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нийт 78 хүний гомдол, эсэргүүцэл, тайлбарыг сонсч дууслаа. Шүүх бүрэлдэхүүн тодруулах асуулт асууна. Үүнээс өмнө таван минутын завсарлага авлаа.
"Энэ хэрэг дээр 2 хахууль авсан үйлдэл байгаагийн нэг нь хүлээн зөвшөөрсөн"
Прокурор н.Одонсүрэн:
-Дөрвөн компанийн хэрэг дээр хууль зүйн дүгнэлт гаргахдаа эсэргүүцэл болон оролцогчдын гомдолтой уялдуулсан хууль зүйн дүгнэлтээ танилцуулна. Дүгнэлтээ хэлэхдээ төсөл болгоноо нэгтгэсэн байдлаар 2 шатны шүүхийн шийдвэрээ хэлье.
ТУЗ болон Зээлийн хороо нь зээл хүссэн компанийн өргөдөл материалыг хүлээн авч, танилцуулга, дүгнэлт, хууль зүйн дүгнэлтийг гаргаж, оруулдаг. Эсвэл материал нь шаардлага хангахгүй байна гээд татгалзах эрхтэй. Эсвэл судалгаагаа сайн хийгээгүй гээд хойшлуулах, эсвэл зээл олгох шийдвэрийг гаргах ёстой.
Гэтэл Хөгжлийн банкны хэрэг дээр яагаад эрүүгийн хэрэг үүсгээд байна вэ гэхээр энэ гурван шийдвэрийн аль ч биш, тусгай нөхцөл шаардлага заачихаад зээл олгох шийдвэр гаргаж байгаа нь Зээлийн үйл ажиллагааны журмаа зөрчсөн шийдвэр.
Энэ агуулгаараа Зээлийн хорооны бүх гишүүд орж ирж байгаа юм. Оролцооны хэлбэр өөр өөр байгаа. ТУЗ яг адилхан. Татгалзах шийдвэр нь очихгүйгээр, хойшлуулах эсвэл олгох шийдвэрийг гаргах эрхтэй. "Ган хүдэр орд" ХХК, "Сэлэнгийн герефорд" ХХК, "НВЦ" ХХК, "Монгол драйв" ХХК-тай холбоотой.
Зээлийн хороо болон ТУЗ-ийн гишүүдтэй холбоотой зүйлийг нэгтгэж, асуудлыг шийдье гэсэн Давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж дүгнэж байна. Яагаад гэхээр тухайн зүйл ангиуд дээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл ангиар зүйлчлэгдэж байгаа шүүгдэгч нарын хувьд тус тусад нь шийдэх нь эрх зүйн байдлыг дордуулна. Эргээд салаалсан бусад хүмүүсийн нөхцөл улам дордоно.
Жишээлбэл, "Ган хүдэр орд" ХХК-ийн зээл дээр Б.Чойжилжалбуу хахууль авсан үйлдэл байдаг. Энэ хэрэг дээр хоёр хахууль авсан үйлдэл бий. Нэг нь өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Ийм үйлдэл дээр прокуророос хоёр өөр яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхээс зүйлчлэлийг өөрчилж, 22.1 зүйл болгосон. Гэхдээ давж заалдах шатны шүүхээс энэ зүйл ангиар бүхэлд нь буцаасан учраас энэ 22.4 зүйлд заасан үйлдлийг дангаар нь шийдэх боломжгүй гэж харж байна. Давхар буцна гэсэн үг. Б.Чойжилжалбуугийн хэрэг дээр ингэх боломжгүй.
Мөн "Ган хүдэр орд" ХХК болон "Ням-Очир" гэдэг компанийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Өмнө нь манай прокуроруудын хэлсэн шиг хөөн хэлэлцэх хугацааг мөнгө угаах хэрэг дээр тооцохдоо гэмт хэргийн төгссөн хугацааг яллагдагчаар татсанаар дуусгаад, тэрнээсээ хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцох байсан нь үндэслэл бүхий байсан. Ингэж шийдээгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна гэдэгтэй санал нэг байна. Шүүгдэгч н.Ням-Очирын хувьд 2024 оны тавдугаар сарын 22-нд өвчний улмаас нас барсан байна.
Тийм учраас анхан шатны шүүхээс н.Ган-Очирыг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож байгаа асуудал нь дүгнэлтийн хувьд өөрчлөлт оруулж, хяналтын шатны шүүхээр хэлэлцэх боломжтой. Тодруулбал, Эрүүгийн хэргийн 34.19.1.3 зүйлд зааснаар шийдэх боломжтой гэж харж байна.
"Ган хүдэр орд" ХХК бас хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шийдэх боломжтой. Гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй, Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүх хурал 1 цаг завсарлалаа
Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал нэг цагийн хугацаанд завсарлалаа.
Прокурорын эсэргүүцлийг танилцуулж байна
Прокурорын эсэргүүцлийг прокурор н.Золзаяа танилцууллаа.
Тэрбээр "Хөгжлийн банк ашгийн төлөө хуулийн этгээд байгаа. Стратегийн ач холбогдолтой төслийг санхүүжүүлэх зорилготой. 2011-2022 оны хооронд 78 аж ахуйн нэгжийн төсөлд 3.2 их наяд төгрөгийн зээлийг олгосон. Энэ зээлээс 50 хувийг нь буюу 2022 оны хоёрдугаар сараас зээлийг шалгахад чанаргүй зээл олгосон нь тогтоогдсон. Мөрдөх байгууллагаас шалгалт хийхэд, 19 аж ахуйн нэгжтэй холбоотой албан тушаалын байдал, улс төрд нөлөө бүхий гишүүд албан тушаалын байдлаа ашиглан, хууль бус үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэх шүүхэд шилжүүлсэн.
Анхан болон Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийг Хяналтын шатны шүүхээр хэлэлцэж байна. Прокурорын байгууллагаас дараах гурван үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Үүнд,
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн 704 дугаартай шийдэх тогтоолоор 48 хүний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Үүнийг давж заалдах шатны шүүхээс 27 хүнд холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 21 хүнд холбогдох хэсгийг хүчингүй, хоёр хүнд холбогдох хэсгийг тусгаарлаж, мөрдөн байцаалтад буцаасан. Хоёр шатны шүүхийн зөрүүтэй байдлаар шийдвэрлэсэн байдлыг арилгахаар эсэргүүцэл бичсэн.
-Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, УДШ-ийн тогтоол, албан ёсны тайлбараас буруу тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэн.
-Анхан болон давж заалдах шатны шүүх нь өөрөө хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй. Процесс хуулийн шаардлагыг хангаагүй.
Эсэргүүцлийг бичихдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгохоор бичсэн бол тухайн төсөл хөтөлбөр хариуцаж байгаа прокуроруудын хувьд өөр өөр байр суурьтай учраас тодорхой хэмжээний өөрчлөлтийг дүгнэлт гаргах явцад танилцуулна.
Миний бие шүүгдэгч Б.Шинэбаатар, "Болор шүр" ХХК, "Бэрэн групп" ХХК-тай холбоотой хэргүүдийг танилцуулна.
Шүүх хурал 5 минут завсарлалаа
Шүүх хурал даргалагч М.Пүрэвсүрэн:
-Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг сонсч дууслаа. Шүүх хурлыг таван минут завсарлуулъя
"Хөгжлийн банкнаас 4 тэрбумын зээл авч, гадаад руу оргон зайлсан"
Иргэний хариуцагч “Пи Си Вай” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунаа:
-Энэ компанийн 52.1 хувийг би 2018 оны нэгдүгээр сарын 18-нд Б.Гантүлхүүрт хувьцаагаа бэлэглэлийн гэрээгээр өгсний дараа үйлдвэрээсээ хөөгдөж, ажилгүй болж хууран мэхлэгдсэн. Би Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Энэ хугацаанд Б.Гантүлхүүр нь Хөгжлийн банкнаас 4 тэрбумын зээл авсан байдаг. Энэ хугацаанд би Хөгжлийн банкны захирал, албан хаагч, мэргэжилтнүүдэд хувьцааны маргаантай гэдгээ удаа дараа хэлсэн.
Б.Гантүлхүүр авсан зээлээ зориулалтаар нь ашиглаагүй, хувьдаа авч гадаад руу оргон зайлсан байдаг.
Би гурван шатны шүүхийн шийдвэрээр компанийн хувьцаагаа буцаан авсан. Гэхдээ би Хөгжлийн банкны 4 тэрбум төгрөгийн зээл аваагүй мөртлөө иргэний хариуцагчаар давхар хохироод байна.
Иргэний хариуцагч “Энержи Ресурс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Үүрцайх:
-Манай компани Хөгжлийн банкнаас зээл аваагүй. Ямар нэгэн харилцаанд ороогүй атлаа иргэний хариуцагчаар татагдаж байгааг онцолъё. Гадаадын банк санхүүгийн байгууллагаас зээл авч, барьсан нүүрс тээврийн зориулалттай, хүнд даацын 245 км авто замыг 2013 онд төрийн өмчид "Эрдэнэс Монгол" ХХК шилжүүлэн авсантай холбоотойгоор тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй сайд нарыг эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж үзээд яллагдагчаар татсаныг хоёр шатны шүүхээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
АТГ-ын шинжээч дүгнэлт гаргахдаа тухайн үеийн ЗТБХБ-ын сайдын 200 дугаартай тушаалаар батлагдсан Авто замын байгууламжийн барилга засварын ажлын төсөв зохиох зааврыг баримталдаг. Энэ зааварт замын үнэ өртгийг тооцоход санхүүжилтын зардал, зээлийн хүүний талаар заасан зүйл байхгүй байна гэсэн. Манай компани 36.4 тэрбум төгрөгөөр барьсан. Энэ зөрүүгээр дээрх албан тушаалтнууд давуу байдал олгосон гэж буруутгасан. Тэрнээс биш барьсан замын үнийг тодорхойлох заавар биш байсан. Зээлийн хүү гэж үг үсэг алга гэдэг дүгнэлт л байсан.
Шүүгдэгч Д.Даваасамбуу:
-Миний бие Хөгжлийн банкны 2017 оны наймдугаар сарын 22-ноос 2020 оны есдүгээр сарын 15-ныг хүртэл ТУЗ-ийн гишүүнээр ажилласан. Хөгжлийн банкийг бие даалгаж ажиллах, ОУВС, улстөрчдийн нөлөөг арилгах хууль батлагдаж, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэрийг Хөгжлийн банк өөрөө гаргаж, түүнтэй холбогдсон журмыг ТУЗ гаргана гэсэн. Намайг анхан шатны шүүхээс гэмт хэрэг хийгээгүй гэж шийдвэрлэсэн. Бид энэ тогтоолыг Давж заалдах шатны шүүхээс хууль зөрчиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, хамаарахгүй заалтыг үндэслэж, тогтоолыг хүчингүй болгосон.
Шүүгдэгч Ё.Баатарбилэг:
-Шүүхээс надтай холбогдуулж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж, эх сурвалж нь бодит бус, бусдыг санаатайгаар гүтгэн харлуулсан, мэдүүлэгт үндэслэж, нотлох баримтгүйгээр хийсвэрлэн дүгнэсэн нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн гэж үзэж байна.
Нэгдүгээрт, дүгнэлт хийгээгүй. Аливаа нэг субъект шийдвэр гаргахдаа дүгнэлт гаргах ёстой. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа огт дүгнэлт хийгээгүй. Давж заалдах шатны шүүх үүнийг харгалзаж үзээгүй. Ё.Баатарбилэг нь Хөгжлийн банкнаас "НВЦ" компанид зээл авахад дэмжлэг үзүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн гэж дүгнэсэн.
Би Хөгжлийн банкны хэн гэдэг ямар албан тушаалтанд тухайн зээлийг дэмжүүлэхээр хэрхэн нөлөөлсөн, ямар үйлдэл хийсэн талаар нэг ч дүгнэлт байхгүй. Ц.Баатарбилэгээс Ё.Баатарбилэг 100 мянган ам.долларын хахууль авсан гэж дүгнэсэн. Гэхдээ хэнээр дамжуулж хэрхэн мөнгө авч, ямар хариу үйлдэл үзүүлсэн, хахуулийн мөнгөө хэрхэн зарцуулсан гэдэг дээр дүгнэлт хийгээгүй. Намайг 73 сая төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буруутгасан боловч тухайн хөрөнгийн эх үүсвэр юу болох, хэрхэн зарцуулсан, ХОМ-ээ хэрхэн үндэслэл бүхий тайлагнаагүй талаар дүгнэлт хийгээгүй.
Өөрөөр хэлбэл, шүүх намайг улсын яллагчаас ямар үндэслэлээр буруутгаж байгаа талаар дүгнэлт хийгээгүй хоёр зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болохыг харуулж байна.
Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа хэт яллах талыг барьж явсан. Анхан болон Давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүй. Улсын яллагчаас намайг онцолж, шүүх хуралд хоёр удаа дэлгэрэнгүй яллах дүгнэлт, шүүмж танилцуулсан. Үүндээ ХОМ-үүд зөрүүтэй, 390 гаруй сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг бүхэлд нь тайлбарлаж чадаагүй, орон байр худалдаж авсан, худалдсан орон сууцны үнийн дүн, машины дүн буруу байна, Ц.Баатарбилэг захиралтай байнга уулздаг байсан, гурван гэрчийн мэдүүлгээр хахууль авсан нь нотлогдсон, өмгөөлөгч нь хангалттай няцааж чадахгүй байгаа гэх мэтээр буруутгасан.
Ер нь анх хэргийн материалтай танилцаж, яллаж байгаа үндэслэлүүдийг хараад өөрийгөө ч бараг танихааргүй хэмжээнд хүрсэн. Хэт нэг талыг барьж, хамгийн үл бүтэх нөхөр мэтээр бичсэн байна лээ. Мөрдөн шалгах явцад бүх талаар нээлттэй шалгуулсан. Эрх дархаар түрүү бариагүй. Үнэндээ намайг шууд бус нотлох баримтуудаар ялласан. Бодит үнэнийг тогтоох зорилго тавиагүй. Нэг удаа бичгээр, аман мэдүүлэг нэг удаа авч байгаа зогсоосон. Өөр юм тодруулалгүй, хэргийг боож шилжүүлсэн. Бүгд эргэлзээ төрүүлэхүйц байна.
Гэрчүүдийн мэдүүлгийн эх сурвалжийг магадлаагүй. Олон жилийн өмнө худалдаж байсан машин, эхнэрийн цалингийн зээл, дүүтэйгээ байраа худалдаж авсан үнийн дүн, шилжүүлсэн баримт, УИХ-ын Тамгын газраас орон сууцны дэмжлэг баримтыг авч хэлэлцээгүй. Сүүлд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хэргийн материал хавсаргасан. Би үндэслэлгүй хөрөнгөжих байтугай өөрийгөө өөдтэй хөрөнгөтэй иргэн гэдэгт итгэхгүй байна. Анх 2007 онд АТГ байгуулагдаж, ХОМ бөглөж байхад би Ерөнхийлөгчийн Тамгын газар ажиллаж байсан. Хоёр орон сууц, нэг жийп машинтай байсан. Өнөөдөр энэ хэмжээний л хөрөнгөтэй байгаа. Нэг нь Архангай аймагт бий. Сүүлийн 10 гаруй жил төрийн олон ажил хийсэн ч хувь хувьсгалаа хольж байгаагүй. Намайг 390 гаруй сая төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гээд байгаа нь бараг өнөөдрийн байгаа байр савны үнэ тэр чигээрээ явж байна. Харамсалтай нь мөрдөхөөсөө эхлээд нотлох баримтыг нотлоогүй, шалгасанд гомдол гаргаж байна.
Ц.Баатарбилэгтэй найз нөхдийн холбоотой гэж буруутгасан. Ц.Баатарбилэгийг нэг түнштэйгээ муудалцаж, нөгөө түнш нь хэргээ анхааралд оруулахын тулд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй найз нөхөд гэж ярьсан юм шиг байна лээ. Тэрийг нь хэргийн материалд гэрчийн мэдүүлэг болгон оруулж байна. Би Ц.Баатарбилэгтэй 1990-ээд оноос хойш найз нөхөд гэдгээ нуудаггүй, бизнесийн ажилд нь оролцдоггүй. Яаж зээл авсныг нь мэдэхгүй.
Мөн нэг гэрчийг 24 цагийн дотор жолоочийг гурван удаа байцаагаад, гэнэт яг мөн байна, ийм байсан гээд найман жилийн өмнөх өдөр сарыг нь санаад, мэдүүлэг өгсөн байна лээ. Ямар нэгэн байдлаар нөлөө орсон мэдүүлэг өгсөн гэж гомдол гаргаж байгаа.
Бас цагаатгах талын нотлох баримтыг огт дурдаагүй. Шийдвэр гаргахдаа харгалзаж үзээгүй. Манай хүү гадаад руу эмчилгээнд явах гээд найз нөхдөөсөө хэдэн төгрөг цуглуулаад над руу ирүүлж байсан. Нийслэлийн прокуророос гомдол гаргахад хариу ирүүлэхдээ, мөрдөн шалгах ажиллагаагаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хүүгийн эмчилгээнд зориулж 2017 онд найз нөхдөөс нь хандив цуглуулсан нь тогтоогдсон гэж дурдсан байсан ч шүүхэд огт дурдаагүй.
Намайг шууд бус нотлох баримтаар ялласан. Намайг гэм буруутай гэх үйлдлүүд хангалттай тогтоогдоогүй, нотлох баримт хангалтгүй, дүгнэлт огт хийгээгүй гэж гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн танхимд Б.Батбаяр банкны зээлийн эрсдэлийн зарим ажилтнууд улс төрд нөлөө бүхий зарим хүмүүс Хөгжлийн банкны хэрэгт холбоотой гэж мэдүүлэг өгчих, тэгвэл ялыг нь хөнгөрүүлье гэдгийг хэлж байсан.
Надтай холбоотой Ц.Баатарбилэг мөрдөнд хоригдож байгаа эхний 70 хоногт Ё.Баатарбилэгт хахууль өгч, Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлсөн гэж хэлчих тэгвэл хэргийг нь хялбаршуулан шийдээд өгье гэж мэдүүлэгтээ хэлсэн байдаг.
Анхан шатны шүүх дээр Б.Батбаяр захирлыг үзүүлж, Архангай аймгийн гаралтай юу гэж асууж байсан. Бас нэг зүйл нь намайг яллагдагчаар татахдаа үндэслэл дээр нь "УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 2017 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар ажиллаж байхдаа" гэж тодотгосон байсан. Энэ авлигын хэрэгт буруутгахдаа намайг Засгийн газрын гишүүнээр ажиллаж, Хөгжлийн банкны нөхдүүдэд нөлөөлсөн байж болзошгүй гэж буруутгасан. Би 2019 онд Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан. Намайг буруутгах гэж буруутгаж байна. Миний бие Хөгжлийн банкны хэрэгт хамааралгүй. Хэн нэгэнд нөлөөлж, зээл олгоогүй, хахууль аваагүй.
"Ахлах ажилтан, хуульч 2-ыг үйлдлээрээ санаатай нэгдсэн гэсэн нь ноцтой алдаа"
Шүүгдэгч Т.Пүрэвсүрэнгийн өмгөөлөгч Б.Батбаяр:
-Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гомдлоо дэлгэрэнгүй бичиж өгсөн. Давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлтэд миний үйлчлүүлэгчтэй холбоотой хоёр үйлдлийг хүчингүй болгосон нь ямар нэгэн хууль зүйн бодит үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Дараах асуудлаар УДШ-ээр дүгнэлт хийлгэх хүсэлтэй байна. Миний үйлчлүүлэгчийг Хөгжлийн банкны хуулийн ахлах ажилтан н.Чинзоригтой үйлдлээрээ санаатай нэгдэж, хууль зүйн дүгнэлт гаргасан гэж буруутгасан. Нэг ажлын байран дээр ажилладаг ахлах ажилтан, хуульч хоёр нэг хууль зүйн дүгнэлт гаргахыг үйлдлээрээ санаатай нэгдэх гэж зүйлчилж байгааг ноцтой алдаа гэж харж байна. Тэр хүмүүс хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ л хэрэгжүүлсэн.
Хоёрт, н.Чинзоригтой холбоотой цагаатгах хэсгийг Давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн. Тухайн хууль зүйн дүгнэлтийг хууль ёсны байна, зээлдэгчийн ашиг сонирхлын төлөө бус тодорхой нөхцөлүүдийг хангах шаардлагатай гэж дүгнэсэн. Тиймээс үүгээр яллаж болохгүй гэдгээ Давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн мөртлөө яг энэ дүгнэлтийг хамтдаа үйлдсэн, гарын үсэг зурсан хүний хэргийг нь хүчингүй болгосон. Тэгэхээр эрх тэгш байх зарчим алдагдаж байна. Миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч ээ.
Шүүгдэгч О.Баярын өмгөөлөгч Л.Өлзийхүү:
-Миний үйлчлүүлэгчийн гурван зүйл ангид холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож цагаатгасныг Давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Тиймээс гомдол гаргаж байна. Нэгдүгээрт, шүүхийн дүгнэлт таамаглалд тулгуурласан гэж үзэж байна. Анхан шатны шүүх бүхий л баримтыг харьцуулан шалгаж, үнэлж дүгнэсэн гэж үзэхгүй байна гэж Давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн.
Өөр хоорондоо зөрүүтэй байдлаар дүгнэж, хэргийн нотлох баримтад үндэслээгүй, эрх зүйн байдлыг илтэд дордуулсан байсан. Мөн хохирол төлсөн гэх асуудлыг хэрэг хэрэгсэх болгох чухал хэмжүүр гэж авч үзээгүй. Нийт 4.6 тэрбум төгрөгийг төлж барагдуулсан байхад зээлийн гэрээгээр авсан мөнгөө төлсөн гэх юм уу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх юм уу. Энэ асуудалд анхаарч өгөөч. Миний үйлчлүүлэгчтэй хамааралтай гэж үзэж н.Дэлгэрсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1. зүйлд заасан гэмт хэргийн субъект гэж үзэн түүнийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн гэж яллагдагчаар татсан. Харин н.Дэлгэрсайханг яллагдагчаараа татахдаа үйлдлээрээ нэгдэж, бүлэглэсэн гэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 зүйл буюу урьдчилан үгсэн тохирсон гэх зүйл заалтаар журамлачихсан. Энэ бол алдаатай байна. Хөгжлийн банкны зээл судалсан, шийдвэрлэсэн, олгосон асуудлыг яагаад үйлдлээрээ нэгдсэн гэж үзээд байгаа нь ойлгомжгүй. Ийм шилжсэн зүйлчлэл байхгүй. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
О.Баяр хуралд оролцоогүй учраас бичгээр гомдол гаргасныг танилцууллаа.
Шүүгдэгч Ц.Билгүүний өмгөөлөгч П.Баасанжав:
-Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй. Ц.Билгүүн Хөгжлийн банкны зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Анхан шатны шүүхээс бүх нотлох баримт, хуулийн үндэслэл зэрэгт нэг бүрчлэн дүгнэсэн. Ингээд цагаатгаж шийдвэрлэсэн. Зээлийн мэргэжилтэн зээлийн шинжилгээний танилцуулгыг бичдэг. Энэ компани хэр санхүүгийн чадавхи, туршлага, зээлийн зарцуулалт нь юу вэ гэдгийг дүгнэж, Зээлийн хороонд танилцуулдаг. Эрсдэлийн дүгнэлт зээл олгох боломжгүй гэж гарсан байхад боломжтой гэж танилцуулга бичсэн гэсэн. Мөн Б.Чойжилжалбуу болон бусад захирлуудтай үйлдлээрээ нэгдсэн гэж ялладаг. Ц.Билгүүнийг нийтийн албан тушаалтан гэж яллаж байгаа. Энэ яллах дүгнэлт нь ойлгомжгүй байна. Албан тушаал нь нийтийн албан тушаалтанд хамаарахгүй. Анхан шатны шүүхээс энэ үндэслэлүүд буруу гэж шийдвэрлэсэн. Дөрвөн зээл дээр яллагддаг. Зээлийн шинжилгээний танилцуулгаа хийсэн. Нэг зээл дээр үйлдлээрээ санаатай нэгдэж, нөгөө зээл дээр гүйцэтгэгчээр хамтран оролцсон, бас нэг зээл дээр хамжигчаар оролцсон гэсэн байсан.
Шүүгдэгч Т.Мөнхтулга:
-Намайг прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2 хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Миний хийсэн гэх үйлдлийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгасан. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Прокурорын зүгээс намайг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, "Баруун баян" ХХК-д олгох зээлийн гүйлгээний шийдвэрийг боловсруулах, хууль бус үүрэг даалгаврыг мэргэжилтэнд өгсөн, бусдад давуу байдал бий болгосон гэж буруутгасан. Би холбогдох чиг үүргийнхээ дагуу ажилласан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
Шүүгдэгч нарын гомдлыг сонсч байна
Хяналтын шатны шүүх хуралдаан үргэлжилж байна. Ирц авах шаардлагагүйгээр шүүгдэгч нарын гомдлыг сонсч байна.
Шүүх хурлаар 41 гомдлыг хэлэлцэнэ.
- Шүүгдэгч Э.Эрдэнийн өмгөөлөгч Л.Хатанбаатар
- Шүүгдэгч Б.Мөнхтөрийн өмгөөлөгч Л.Хатанбаатар
- Шүүгдэгч Д.Даваасамбуу
- Шүүгдэгч Д.Даваасамбуугийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар
- Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг, Ө.Батбаяр
- Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы өмгөөлөгч Р.Батцогт
- Шүүгдэгч Б.Даажамбын өмгөөлөгч К.Бауиржан
- Шүүгдэгч Г.Галсаннямын өмгөөл өгч Д.Түмэнжаргал
- Шүүгдэгч Ж.Ганхуягийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв
- Шүүгдэгч Г.Байгалмаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням
- Иргэний хариуцагч “Энержи Ресурс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Үүрцайх, Э.Ганбат
- Шүүгдэгч Б.Мөнхтөрийн өмгөөлөгч О.Батсүх
- Шүүгдэгч С.Магнайсүрэнгийн өмгөөлөгч Х.Базаррагчаа
- Шүүгдэгч Ё.Баатарбилэг
- Шүүгдэгч Ё.Баатарбилэгийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг
- Шүүгдэгч Б.Будхүү
- Шүүгдэгч Б.Будхүүгийн өмгөөлөгч Б.Батбаяр
- Шүүгдэгч Т.Болдмаагийн өмгөөлөгч Ц.Энхтүвшин
- Шүүгдэгч С.Батзориг өмгөөлөгч Ц.Энхтүвшин
- Шүүгдэгч М.Баярмагнайгийн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг
- Шүүгдэгч Т.Мөнхтулга
- Шүүгдэгч Ц.Баатарбилэг болон “НВЦ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат
- Шүүгдэгч Б.Чойжилжалбуу
- Шүүгдэгч Б.Чойжилжалбуугийн өмгөөлөгч Б.Мөнхбат
- Шүүгдэгч Ж.Оюунчимэг, түүний өмгөөлөгч А.Кадирбек
- Шүүгдэгч Ц.Цэвэгмэд, Ё.Доржсумъяа нарын өмгөөлөгч Б.Цэнгүүн
- Шүүгдэгч Д.Батбаярын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг
- Шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Нямдорж
- Шүүгдэгч Д.Бат-Очирын өмгөөлөгч Б.Баяраа
- Шүүгдэгч Ц.Ууганбаярын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Г.Тамир
- Иргэний хариуцагч “Пи Си Вай” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунаа
- Шүүгдэгч Б.Батбаатар, “Инжир” ХХК-ийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн
- Шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, С.Тэгшжаргал
- Шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч Б.Болдбаатар
- Шүүгдэгч Т.Пүрэвсүрэнгийн өмгөөлөгч Б.Батбаяр
- Шүүгдэгч О.Баяр
- Шүүгдэгч О.Баярын өмгөөлөгч Л.Өлзийхүү
- Шүүгдэгч Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар
- Шүүгдэгч Ц.Билгүүний өмгөөлөгч П.Баасанжав
- Шүүгдэгч Н.Баярчимэгийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Ж.Наранбаяр
- Шүүгдэгч Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг, Н.Түмэнбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ.
Дээрх шүүгдэгчдийг мөнгө угаасан, мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэж, ашигласан, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, устгасан, худал мэдүүлсэн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, нийтийн албан тушаалтан хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болон хуурамч баримт бичиг үйлдсэн, ашигласан гэм буруутайд тус тус тооцсон юм.
Хөгжлийн банкны шүүх хурал үргэлжилнэ
Улсын дээд шүүхээр өчигдөр /2024.12.02/ Хөгжлийн банкны хэргийг хэлэлцэж эхэлсэн. Нийт 540 хавтаст хэрэг бүхий Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд хэлэлцэж, шүүх хуралдаан оройн 20:00 цагт завсарласан юм.
Шүүх хуралдааны эхний өдөр биечлэн 23, цахимаар хоёр өмгөөлөгч санал, тайлбараа хэлсэн байна. Шүүх хуралдаанд оролцогчдын бүртгэлийг өнөөдөр /2024.12.03/ Улсын дээд шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд бүртгэж байна.
Шүүх хурлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн 704 дүгээр шийтгэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 362 дугаар магадлалтай Хөгжлийн банкны албан тушаалтнууд албан тушаалын байдлаа ашиглан бусдад хууль бусаар давуу байдал олгож, зээл олгосон, зээл авсан аж ахуйн нэгж зээлийг зориулалтын бусаар зарцуулж, мөнгө угаасан, хахууль авсан, өгсөн гэх хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэх юм.
Нэргүй 2024-12-03 66.181.184.234
арай улных гэж новшрохгүй байлгүй
лутаа 2024-12-03 66.181.164.23
Улаа шагайсан хэдэн хүүхэд улс болж тоглож байна, яана даа хойч үе үр хүүхдүүд минь,
Хятад шаахайн улан доор эрс нь толгойгоо бөхийлгөж халуун ханзны гудсан дээр эмс нь умайгаа дэлгээстэй…
зочин 2024-12-03 66.181.191.179
Хэргийг бүрэн нотлолгүйгээр ,бусдыг хилс хэрэгт гүтгэж ял оноож болохгүй, Ялангуяа үүнийг улс төрийн зорилгоор хэрэглэх нь бүүр ч байж болошгүй зүйл, 1937 онд бусдыг яг энгэж олноор нь хилс хэрэгт гүтгэн ,ял оноож, нилээдийг нь цаазалж байсан гэдэг Энэ явдал дахин давтагдаад байгаа ям биш биз,