Германчууд дөрвөн жилд тутамд бүх нийтийн сонгууль зохион байгуулж, Бундестаг буюу холбооны парламентын гишүүдээ сонгодог. Дараа нь шинээр сонгогдсон Бундестаг канцлераа сонгодог. Хамгийн сүүлийн бүх нийтийн сонгууль 2021 оны есдүгээр сарын 26-нд болсон учир дараагийнх нь 2025 онд болно.
Тэгвэл дараагийн канцлер болох өндөр магадлалтай хүнээр консерватив Христийн ардчилсан холбооны тэргүүн Фридрих Мерцийг нэрлээд буй. Тэрбээр улс орныхоо алдагдсан агуу байдлыг сэргээхээ амлаж, өөрийн гэсэн "MAGA" хувилбараар сонгуулийн кампанит ажлаа үргэлжлүүлж байна. "MAGA" буюу "Make America great again" бол Дональд Трампийн кампанит ажлын уриа үг билээ.
Германы өмнө өдгөө аж үйлдвэрийн уналтаас эхлээд Европ дахь дайн гээд асар том сорилтууд тулгараад байна. Эдгээрийг харгалзан үзвэл Мерц алсын хараагаа хэрэгжүүлэхэд нэн бэрх.
Мерц канцлерын албан тушаалд нэр дэвшинэ гэдгээ энэ оны эхээр зарласан. Үүний зэрэгцээ "Европ болон дэлхий нийт Германыг дахин нэг удаа хүндлэн биширч харах болно. Дахин бахархал төрүүлэх Герман улсыг байгуулахад би бүх хүчээ зориулна" гэж хэлжээ.
Бүх нийтийн сонгууль хоёрдугаар сарын 23-нд товлогдоод буй. Одоогийн байдлаар Германы консерваторууд 32 хувийн дэмжлэгтэйгээр санал хураалтыг тэргүүлж явна. Тиймээс 69 настай, хуульч мэргэжилтэй Мерц канцлер болох мөрөөдлөө биелүүлэхийн ирмэгт байна.
Германы эдийн засаг, улс төрийн бэрхшээлээс гадна Европын холбоо ч амаргүй үеийг туулж байна. Үүнд, Францаас үүссэн өрийн хямралын аюул, Оросын нөлөөллийн ажиллагаа, Украин дахь дайн зэрэг багтана. Энэ цаг үед Европыг гацаанаас гаргах хүч Германд дутагдаж байна. Юу юунаас илүүтэй Герман улс дэлхий дахинд болж буй аливаа үйл явдалд онцгой өртөмтгий болсон нь асуудал юм.
Тус улсын аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт олон 10 жилийн турш дараах гурван хүчин зүйлд тулгуурласаар иржээ. Эдгээр нь АНУ-ын батлан хамгаалах баталгаа, бараг хязгаарлалтгүй гэхэд болох олон улсын худалдаа, Оросын хямд эрчим хүч гурав юм. Хэдийгээр энэ нь тулгын гурван чулуу адил Германыг олон жил тулж түшсэн ч гэлээ нөгөөтэйгүүр хоцрогдсон хүчин зүйлд тооцогдох болжээ. Үүнийг солиж, өөрчлөх алсын хараа Мерцэд дутна.
Мерц Германыг удирдах консерватив үзэл баримтлалаа дараах байдлаар тодорхойлсон. Тэрбээр халамжийн тэтгэмжийг танаж, Германд ирж буй орогнол хүсэгчдийн тоог эрс бууруулах, хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд зохицуулалтыг танах, цэргийн зардлыг төсвийн тэргүүлэх чиглэл болгох зэргийг төлөвлөжээ. Эдгээр нь ажил хэрэг болж хэрэгжсэн ч гэлээ Германд тулгарч буй томоохон сорилтуудыг даван туулж чадах эсэх нь тодорхойгүй.
Фридрих Мерцийн үндсэн зорилго бол 16 жил канцлераар ажилласан Ангела Меркелийн эринг бүрэн төгсгөх явдал юм.
Мерц, Меркель нар 2002 онд намын эрх мэдлийн төлөө өрсөлдөж, улмаар Меркель ялалт байгуулсан байдаг. Энэ ялалтын дараа Меркель түүнийг намын удирдах албан тушаалаас чөлөөлсөн. Улмаар Мерц бизнес эрхлэхээр Германы парламентыг орхиж, АНУ-ын хөрөнгө оруулалтын "BlackRock" сангийн Герман дахь салбарыг тэргүүлжээ.
Меркель албан тушаалынхаа хугацаанд нэг сая гаруй орогнол хүсэгчийг Герман руу нэвтрүүлэх гэх мэт маргаантай шийдвэр хэд хэдийг гаргасан. Энэ шийдвэр болон түүний төв үзэл баримтлал нь намын зарим гишүүн, тэр дундаа илүү барууны үзэлтэй Фридрих Мерцийг бухимдуулжээ. Меркелийн үзэл баримтлал Германы төлөөх хувилбар намд нэр хүнд олж, Германы улс төрд байр сууриа олоход нь тусалсан гэж үздэг.
Олаф Шольц засгийн эрхэнд гарсны дараа Мерц намын гишүүдийн дийлэнх олонхийн саналаар улс төрийн эргэн ирэлт хийжээ.
Мерцийн хурц хэл ам, заримдаа популист үг хэллэг ашигладаг зэрэг нь Шольц, Меркель нарын дүр төрхөөс ихээхэн зөрүүтэй. Германы сонгогчид түүнд тийм ч таатай ханддаггүй байх магадлалтай. Гэсэн хэдий ч намын нөхөд нь түүнийг канцлерын албан тушаалд тохирох хүн гэж үзэж байна.
Түүний талаар Европын комиссар асан Гюнтер Оттингер хэлэхдээ "Фридрих Мерц тэгтлээ олны хайрыг татаагүй ч хүндлэл хүлээсэн нэгэн. Тэр хүмүүсийн зүрх сэтгэлийг байлдан дагуулдаггүй. Гэхдээ Германд байдал хүнд байна. Бид уналтад орчихоод байна. Бидэнд одоо сэргээн засварлагч хэрэгтэй байна. Чухам энэ л Мерцийн тодорхойлолт мөн" гэжээ.
Түүнчлэн Мерцийг консерватив үзэл, бүдүүлэг гэмээр хэв маягаараа Дональд Трамптай учрыг нь олж харьцаж чадна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Трампийн эсрэг Шольцоос хамаагүй дээр зогсох хүн гэдэгт намын нөхөд нь итгэж байгаа аж.
Эдийн засаг, аюулгүй байдал аль алиных нь хувьд Трампын эргэн ирэлт Германд аюул учруулж байна. Тодруулбал, Трамп Германы батлан хамгаалахын зардлыг удаа дараа шүүмжилсэн. Батлан хамгаалахын салбартаа мөнгө зарцуулдаггүй НАТО-ийн орнуудад юу дуртайгаа хийх хэрэгтэй гэж энэ оны эхээр Трамп ОХУ-д уриалсан билээ.
Цаашилбал, Европын бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулна гэсэн Трампийн амлалт Германы эдийн засагт хүнд цохилт болж магадгүй. Мюнхенд төвтэй "Ifo" Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн тооцоолсноор, Трампийн ногдуулах татвар нь Германд 33 тэрбум еврогийн хохирол учруулах төлөвтэй байна.
Эцэст нь дүгнэхэд, дээр дурдсан томоохон сорилтууд байгаа ч гэлээ Герман улс хөгжих боломжтой гэж Мерц мэдэгдсээр байна. Тэрбээр "Stern" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Бид унтаж буй дундаж гүрнээс дахин тэргүүлэгч дунд гүрэн болох ёстой" гэжээ.
Нэргүй 2024-12-03 185.220.101.15
Европын холбооны гол зүтгүүр Герман мотор Орос чанартай хямд түлшээр л ажилладаг юм! Орос түлшээс татгалзаж Америк үнэтэй чанаргүй түлшээр Герман моторыг ажиллуулах гэж үзсэн боловч хэсэгхэн ажиллаад Герман мотор эвдэрсэн!
Зочин 2024-12-03 103.57.93.60
Гитлер шиг болгох юм байх даа, гитлер агуу болгох гээд болоогүй, дахин гэхээр давтагдах юм болов уу
Нэргүй 2024-12-03 66.181.161.129
гоё юмаа. монголд хэзээ монголыг дахин хүчирхэг болгоно гэсэн лидер гарч ирэх юм болдоо.