"Ядуурлын эсрэг тэмцлийг Хятадын адил бусад улс ч хийж чадна"

"Ядуурлын эсрэг тэмцлийг Хятадын адил бусад улс ч хийж чадна"

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
"Ядуурлын эсрэг тэмцлийг Хятадын адил бусад улс ч хийж чадна"

Хятадын дарга Ши Жиньпиний "Төр улсыг засах тухай" номын хоёрдугаар боть болон "Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр" номын монгол хэвлэлийн нээлтийн ёслол өнөөдөр /2024.12.02/ Гадаад харилцааны яаманд боллоо. Мөн нээлтийн ёслолоос үргэлжлээд дээрх номуудыг монгол хэлнээ хөрвүүлсэн орчуулагч, судлаач тэргүүтнүүдийн эрдэм шинжилгээний хурал "Төр улсыг засах тухай" сэдвийн дор зохион байгуулагдлаа.

"Төр улсыг засах тухай" ном нь дэлхий даяар 42 хэлэнд орчуулагдсан бөгөөд Монгол Улсад 2019 онд тэргүүн дэвтэр нь хэвлэгдэн гарчээ. Тэргүүн дэвтэрт Ши Жиньпин даргын 2012-2014 оныг хүртэлх хугацааны чухал бүтээлүүд, түүний дотор хэлсэн үг, ярилцлага, илтгэл, асуултад өгсөн хариултууд, заавар, баярын илгээлт зэрэг нийт 79 зүйл багтсан байна. Харин энэ удаад хэвлэгдэн гарч буй хоёрдугаар дэвтэр нь 2014-2017 оны хоорондох түүний үзэл баримтлал, стратегийг тусгажээ. "Төр улсыг засах тухай" ном нийт дөрвөн дэвтэртэй бөгөөд гурав, дөрөвдүгээр цувралыг ч удахгүй Монгол Улсад орчуулан гаргахаар төлөвлөж байна.

Энэхүү ном нь уншигчдад Хятадын хөгжлийн нөхцөл байдлыг системтэйгээр, үнэн зөвөөр ойлгоход тус болохын зэрэгцээ судалгааны эх сурвалж болох бүтээл юм.

"Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр" номоос уншигчид Хятадын ядуурлаас ангижирсан тууштай тэмцлийн агуу их түүхэн туршлага, дундаж чинээлэг нийгмийг иж бүрнээр байгуулах тухай ойлголтыг авна. Хятадын Коммунист намын 18 дугаар их хурлаас хойш Ши Жиньпин дарга дундаж чинээлэг нийгмийг иж бүрнээр цогцлоох, ядууралтай тууштай тэмцэх үйл хэргийг бодлогын түвшинд дэвшүүлэн гаргаж, шинэ шийдвэр, шинэ зохион байгуулалтыг тууштай хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд Хятадын ядуурлыг багасгах үйл хэрэг асар том амжилтад хүрч, дэлхий дахины ядуурлыг багасгах замналд асар том хувь нэмэр оруулжээ.

Бразилын Рио-де-Жанейро хотноо өнгөрсөн сарын 18, 19-ний өдрүүдэд болсон "Их-20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр "Өлсгөлөн, ядуурлын эсрэг тэмцэх нь" сэдэвт хэлэлцүүлэгт Ши Жиньпин дарга оролцсон. Тэрбээр энэ үеэр хамтын хөгжлийн шударга ертөнцийг байгуулахыг уриалаад, "Ядуурлын эсрэг тэмцлийг Хятад улс хийж чадвал бусад хөгжиж буй орон ч хийж чадна гэсэн үг" болохыг дэлхий нийтэд сануулжээ.

"Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр" номд багтсан Ши Жиньпиний эшлэлээс доор онцолж байна:

Тэрбээр 2015-2016 оны он солигдох мөчид ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлэхдээ "Чинээлэг нийгмийг иж бүрнээр цогцлоон байгуулах үйлсэд 1.3 тэрбум хүн хүч нэгдэн урагшлах болно. Хэдэн арван сая тариачин ядуу өрхийн амьдралыг сайжруулах нь миний сэтгэл зүрхэнд үргэлж уяатай байдаг зүйл. Бид ядуурлыг бууруулах тууштай тэмцэлд ялан дийлэх уриаг гарган улс даяараа хүчээ нэгтгэж, дутагдалтай талуудаа нөхвөрлөн хөдөө тосгоны бүх ядууралтай хүн амаа тогтсон хугацаанд нь ядуурлаас ангижруулж чадна. Бүх ядууралтай олон нийтэд бид халамж анхаарлаа хандуулж, тэдэнд хайр халамжийг мэдрүүлэх хэрэгтэй" гэжээ.

Мөн 2018 онд "Ядуурлаас оновчтойгоор ангижруулах тулаанд ялан дийлэх тухай" хурлын үеэр хэлэхдээ "Ядуурлаас ангижруулах тууштай тэмцэлд хүчирхэг удирдлага нь ялалтын үндэс суурь болдог" гэжээ.

Номын нээлтийн ёслолын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Шэнь Миньжуанийн хэлсэн үгийг доор хүргэж байна:

-Өнөөдрийн энэхүү нээлтийн арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Монгол Улсад ирснээс хойш жил гаруй хугацаанд би монгол нөхдийнхөө хамгийн их дурсан ярьдаг хоёр зүйлийг сонсож байлаа: Эхнийх нь 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, түүний Улсын Их Хуралд хэлсэн чухал үг, нөгөө нь “Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” ном юм. Монгол найзууд маань энэ номд өгүүлсэн санаа, үзэл баримтлалуудтай санаа бодол нэгдэж, тэдгээрээс их урам зориг авсан тухайгаа ярьдаг. Энэ нь Хятад, Монгол хоёр улс зөвхөн газар зүйн хувьд ойрхон төдийгүй үзэл баримтлал, хөгжил дэвшлийн хандлагаараа ч нягт холбоотой болохыг харуулж байна.

Таван жилийн дараа “Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” номын II боть болон “Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр” номын кирилл монгол хувилбар уншигчдад хүрч байгаа нь бахархалтай үйл явдал юм. Энэ нь БНХАУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойтой давхцаж, хоёр улсын ойн баярын үйл ажиллагааг өндөрлүүлж байгаа төдийгүй улс төр, засаглалын туршлага солилцоход чухал ач холбогдолтой хөтөч болж байна. Монголд ажиллаж буй туршлагадаа тулгуурлан, эл хоёр номын агуулгыг гүнзгий ойлгож, монгол уншигчдын дунд шинэ сонирхолтой хэлэлцүүлэг өрнөхийг итгэлтэйгээр хүлээж байна.

Дарга Ши Жиньпин энэхүү бүтээлдээ эдийн засгийн шинэ хандлага, хөгжлийн шинэ үзэл баримтлал, ядуурлыг бууруулах бодлогын нарийвчилсан арга хэмжээ болон үзэсгэлэнт Хятад улсыг бүтээн байгуулах алсын харааг тодорхойлон дэвшүүлсэн. Эдгээр санаанууд нь шинэ эрин үеийн Хятадын хөгжлийн чиглэлийг заасан юм. Өнөөдөр Хятад улс чанарын өндөр хөгжилд хүрч, эдийн засгийн шинэ эрч хүчийг бий болгож, туйлын ядуурлыг арилган, нийтээрээ дэвжих хөгжлийн замд баттай алхаж, экологийн соёл иргэншлийн гайхалтай амжилтыг үзүүлж байна.

Саяхан би Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын хамт Хятадын Шанхайд болсон олон улсын импортын экспо болон Ханжөү хотод хийсэн айлчлалд оролцсон. Энэ нь Монгол Улсын шинэ Засгийн газар, Улсын Их Хурал байгуулагдсанаас хойших анхны өндөр түвшний төлөөлөгчдийн айлчлал байлаа. Төлөөлөгчид Шанхайд өндөр түвшинд гадаадад нээлттэй хөгжиж буйтай танилцаж, Ханжөү хотод Хятадын хамгийн урт хот хоорондын туннел болон үзэсгэлэнт Чяньтан мөрний гүүрийг үзэж, шинэ хөгжлийн үзэл баримтлалын практик хэрэглээ, нийтээр дэвших хөгжил, үзэсгэлэнт Хятадын дүр төрхийг газар дээр нь очиж танилцсан юм. Энэ бүхэн нь Хятадын хөгжлийн ололтууд болон дэлхий нийтэд өгч буй шинэ боломжуудыг харуулсан гайхалтай үйл явдал байлаа.

Монгол Улс гурван намын нэгдсэн Засгийн газар, Улсын Их Хурлыг түүхэн дэх хамгийн том бүтэц бүрэлдэхүүнтэй байгуулж, “Хурдтай хөгжлийн шийдэл” хэлэлцээр, шинэ хоршоолол, бүс нутгийн хөгжлийн хөтөлбөр зэрэг олон шинэ санаачилга гарган хэрэгжүүлж байна. Оюун-Эрдэнэ ерөнхий сайд хиймэл оюун ухаан, ногоон хөгжил, хүний нөөц гэсэн “Гурван шилжилт”-ийг хэрэгжүүлэх зорилтыг тавьж, чанартай хөгжил, бүс нутгийн ялгааг багасгах, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах чиглэлд анхаарлаа хандуулж байна.

Шинэ Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 том төслийн дийлэнхэд нь Хятад улс оролцож байгаа бөгөөд энэ нь хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй болохыг харуулж байна. Энэ бүхэн нь Хятад, Монгол хоёр улс хөгжлийн үзэл баримтлал, хувь заяаны нягт холбоотойг дахин баталж байгаа хэрэг юм. Хятадын хөтөлбөр, ухаалаг шийдлүүд нь Монгол Улсын хөгжилд шинэ санаа, эрч хүч, хүчтэй итгэлийг өгөх төдийгүй хамтдаа илүү сайн, илүү нийтийн хөгжил цэцэглэлтэд хүргэх болно гэдэгт итгэлтэй байна.

Эдгээр хоёр бүтээлийг уншиж, харилцан туршлага судлахыг хүсэж байна. Мөн "Ши Жиньпин: Төр улсыг засах тухай" номын III, IV ботийг кирилл монгол хувилбараар уншигчдад хүргэх өдрийг тэсэн ядан хүлээж байна. Эцэст нь эдгээр бүтээлийг орчуулах, хэвлэн гаргах үйлсэд хүчин зүтгэсэн ажлын багийнханд болон Монгол, Хятадын найрамдалт хамтын ажиллагааг дэмжиж буй бүх салбарын хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Баярлалаа!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

өөө 53 минутын өмнө 66.181.164.23

200 хүнийг бариад буудчихад Монгол улс сэв хийтэл босоод л ирнэ, Монгол хөгжихөд 200 их ная хэрэггүй ээ 200 ш сум л хэрэгтэй байна

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.126.89.184

Хятад ядуурлаас гарсэн гэж бгаа боловч хүмүүс их аз жаргалгүй дарамттай санагдсан шүү

Монгол ядуу илүү эрх чөлөөтэй бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж