Израиль гаралтай Америкийн иргэн Эдан Александрын ерөнхий сайд Беньямин Нетаньяху болон АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп нараас гал зогсоох хэлэлцээнд хүрэхийг гуйж буй видео бичлэг цацагдсан байна. Эдан өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Хамаст барьцаалагдсан бөгөөд ээж нь болох Йел Александр хүүгийнхээ видео бичлэгийг хараад цочирдсоноосоо болж чичирч байгаа талаараа хэлжээ. Ерөнхий сайд Нетаньяху видео бичлэг цацагдсанаас хэдхэн цагийн дараа хүүгийн гэр бүлтэй холбогдож, барьцаалагдсан хүмүүсийг суллах нөхцөл боловсорч дууссан гэж мэдэгдсэн байна. Тель-Авив хотын "Барьцаалагсдын талбай"-д Бямба гаригт олон нийт цугларч, Йел тэдний өмнө үг хэлжээ.
Эдгээр хүмүүс долоо хоног бүрийн амралтын өдөр цугларч, барьцаалагдсан хүмүүсийг эх оронд нь авчрахыг засгийн газарт уриалдаг аж.
Хамас тухайн өдөр Нетаньяху болон Трампаас өөрийг нь мартахгүй байхыг болон үлдсэн барьцааны хүмүүсийг суллахад шаардлагатай бүх арга хэмжээ авахыг гуйж буй Эданы видео бичлэгийг цахим орчинд нийтэлсэн байна. Өмнө нь үүнтэй ижил төстэй утга санаа агуулсан видео бичлэг цацагдаж байсан бол Эданы хувьд анх удаа юм. Түүний гэр бүл олон нийтэд барьцаалагсдыг суллахыг уриалахын тулд видео бичлэгийг цахим орчинд тараахыг зөвшөөрчээ. Ээж нь болох Йел индэр дээрээс үг хэлэхдээ "Эдан минь, хайрт хүү минь, бид чамайг маш их санаж байна. Чиний минь хүсэлтийн дагуу, нэг цаг орчмын өмнө ерөнхий сайд Нетаньяху над руу утасдсан гэдгийг хэлмээр байна. Тэр намайг хүчтэй байх хэрэгтэйг сануулж, Ливанд хийсэн хэлэлцээрийн дараа чамайг суллаж, гэрт чинь авчрах нөхцөл бүрдсэн гэж хэлсэн" гэв. Израиль болон Ливан гал зогсоох хэлэлцээрт хүрсний дараа үлдсэн барьцаалагсдын гэр бүл Газын зурваст мөн адил гал зогсох болно гэх найдлага тавьж байна.
Эдан тухайн видео бичлэг дээр Хамаст барьцаалагдаад 420 хоног болсон гэдгээ хэлсэн.
Мөн АНУ-ын иргэн Херш шиг үхмээргүй байгаа бөгөөд Байдены гаргасан алдаа шиг алдаа гаргахгүй байхыг Трампаас гуйсан байна. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Шон Саветт видео бичлэгийн талаар хэлэхдээ "ХАМАС олон орны иргэд, тэр дундаа манай улсын иргэдийн эсрэг алан хядах ажиллагаа явуулсан учир бид хариу арга хэмжээ авна гэдгээ хатуу сануулж байна" гэв. Мөн Эданы гэр бүлийнхэнтэй холбоотой байж, туслалцаа үзүүлнэ гэж мэдэгдэж, барьцаалагдсан хүмүүсийг суллах хэлэлцээрийг өнөөг хүртэл татгалзаж буй нь Хамас гэж буруутгав. Хэвлэлийн төлөөлөгч үргэлжлүүлэн "Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт хэлсэнчлэн, барьцаалагдсан хүмүүсийг суллах, дайныг зогсоох, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг хийх чухал боломж бидэнд одоог хүртэл байна. АНУ-ын удирдлага гал зогсоох хэлэлцээрийг түргэн хугацаанд бий болгохын тулд хуралдаж байна" гэжээ.
Видео бичлэгийн төгсгөлд Эдан гэр бүлийнхэндээ хандаж "Өдөр хоног өнгөрөх тусам миний дотор байгаа өвдөлт улам бүр нэмэгдэж байна. Би та нарыг маш их санаж байна. Өдөр бүр би та нартайгаа хурдан уулзаасай гэж залбирч байгаа. Гуйя хүчтэй байгаарай. Энэ хар дарсан зүүд дуусах нь цаг хугацааны асуудал болсон" гэж хэлжээ. Уг видео бичлэгийг эндээс үзнэ үү.
Холбоотой мэдээ