АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байден хоёр төрлийн эрүүгийн хэргээр ял сонсоод байсан. Тэрбээр татварын хэрэгт буруутай гэдгээ есдүгээр сард, хууль бусаар хар тамхи хэрэглэсэн, буу эзэмшсэн гэдгээ зургадугаар сард тус тус хүлээн зөвшөөрсөн билээ. Тэгвэл Жо Байден хүүдээ албан ёсоор өршөөл үзүүлжээ. Хантер Байденд онцгойлон шударга бус хандсан гэж ерөнхийлөгч мэдэгдээд түүний хэргийг "шударга ёсны алдаа" гэж нэрлэжээ.
Харин Дональд Трамп энэ талаар хэлэхдээ "Жо Байдены энэ өршөөлд нэгдүгээр сарын 6-ны Капитолын үймээнээс болж олон жил хоригдож буй хүмүүс багтсан уу? Шударга ёсыг ингэж урвуулан ашиглаж, алдаа гаргаж болно гэж үү?" гэжээ.
Байден өмнө нь хүүгээ ял шийтгэлээс хэлтрүүлэхгүй гэж мэдэгдэж байсан ч энэ удаад нөхцөл болзолгүйгээр бүрэн өршөөл үзүүлэв. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч есдүгээр сард мэдэгдэхдээ "Ерөнхийлөгч Байден хүүдээ өршөөл үзүүлэхгүй" гэж байжээ. Гэвч тэрбээр Ням гаригт мэдэгдэл хийхдээ хүүгийнх нь хэргийн явцад улс төрийн өрөөсгөл хандлага нөлөөлсөн гэжээ.
"Би албан тушаалд очсон цагаасаа хойш Хууль зүйн яамны шийдвэр гаргах үйл явцад оролцоогүй. Хүүг минь онилж, шударга бусаар ял асуухад нь хүртэл энэ шийдвэртээ эзэн байсан. Би нэгэнт шийдвэрээ гаргачихсан болохоор цаашид хойшлуулах нь утгагүй гэж бодлоо. Эцэг хүн, ерөнхийлөгч хүн яагаад ийм шийдвэр гаргасныг америкчууд ойлгоно гэдэгт найдаж байна" гэж Байден хэлэв.
Харин Хантер Байден хариу мэдэгдэлдээ "Хамгийн хар өдрүүдэд хийсэн алдааг минь улс төрийн зорилгоор ашигласан. Би өнөөдрийн энэ өршөөлийг хэзээ ч үл тоомсорлохгүй. Дахин сэргэсэн энэ амьдралаа өвчин зовлонтой, шаналж буй хүмүүст туслахад зориулах болно" гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч гэр бүлийн гишүүндээ өршөөл үзүүлсэн тохиолдол ганц Жо Байденаар тогтохгүй. Тухайлбал, Билл Клинтоны дүү Рожер Клинтон 1985 онд кокайнтай холбоотой гэмт хэрэгт холбогдсон байсныг 2001 онд өршөөж байв. Мөн Дональд Трамп 2020 онд худдаа өршөөл үзүүлж байжээ. Ингээд ч зогсохгүй тэрбээр Иванка охиныхоо хадам эцэг Чарлес Кушнерыг Францад суух Элчин сайдаар томилно гэдгээ зарласан байна.
3,548.92















































