Английн Премьер лигийн 13 дугаар тойргийн оргил тоглолт Ливерпуль болон Манчестер Сити багуудын хооронд боллоо. Шинэ дасгалжуулагчтай улирлыг эхлүүлсэн Копууд ялагдал гээчийг амсаагүй удаж байгаа бол саяхан л дийлдэшгүй мэт байсан Сити ялалтын бараа, сураггүй удаж байна. Ийм л эрс, тэс хоёр өөр нөхцөл байдалтай яваа багууд орон нутгийн цагаар өчигдөр/2024.12.01/ Энфилдэд тулав.
ЛИВЕРПУЛЬ 2 – 0 МАНЧЕСТЕР СИТИ
Хоёр талаас бараг л үндсэн гэж хэлж болохуйц гараагаа гаргасан. Гэхдээ бэртэл, гэмтэлд нэрвэгдсэн Ситигийн дунд шугамын нэрс Ливерпультэй харьцуулахад үнэхээр "жульдсан". Тоглолт эхлээд удаагүй байхад Салахын дамжуулалтаар Гакпо гоол оруулав. Салах ч энэ улирал зүүн жигүүрт дураараа дургиж, тонгочиж байгаа гэхэд хилсдэхгүй. Түүнийг хамгаалах учраа Сити гэлтгүй Англи, Европ даяараа хайж байна.

Сити тооны харьцааг тэнцүүлэх боломжоо эрэлхийлсэн ч олж чадсангүй. Ливерпулийн хаалгач Куивин Келлехерын яг эсрэг ердөө хоёрхон оновчтой цохилт очжээ. Бусдаараа Ливерпулийн шахалт Ситиг барьц алдуулсан. Олон ч аюултай довтолгоог өрнүүлж, хайран боломжуудыг яйран болгосон.
Тоглолтын хоёрдугаар үед Ливерпулийн шахалт амжилттай болж, тасалсан бөмбөгийг Луис Диаз туух үед Ортега түүнийг торгуулийн талбай дотроо унагаажээ. Улмаар Салах торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж, тооны харьцааг 2-0 болгов.
Энэ үеэр Ливерпулийн фанатууд Энфилд даяар Ситигийн дасгалжуулагч Пеп Гвардиолад зориулан "Пеп, чи өглөө гэхэд халагдах болно" гэж дуулж байлаа. Хариуд нь Пеп зургаан хуруугаа гаргаж, Премьер лигт зургаан удаа түрүүлсэн гэдгээ тэдэнд сануулав.
Манчестер Сити баг бүх тэмцээний хүрээнд сүүлийн долоон тоглолтынхоо зургаад нь хожигджээ.

Тоглолтын дараа Пеп Гвардиола "Энфилдэд 0-2 гэж хожигдож байхдаа ийм дуу сонсоно гэж төсөөлсөнгүй. Магадгүй би ийм үр дүнтэй байвал халагдах эрхтэй байх. Эсвэл зургаан түрүүтэй учир ажилдаа үлдэх биз. Тэд энэ дуугаа тоглолт 0-1 байхад эсвэл өнгөрсөн улирал, түүний өмнөх улирал дуулах хэрэгтэй байсан биз. Брайтонд ингэж дуулсан. Тэрийг бол би ойлгож байна. Харин Энфилдэд ийм зүйл төсөөлсөнгүй. Гэхдээ зүгээрээ. Энэ бол спортын нэг хэсэг. Чи хожвол, чи инээнэ. Чи хожигдвол, тэд инээнэ. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна" гэлээ.
Харин Ливерпулийн дасгалжуулагч Арне Слот долоо хоногийн дотор Реал Мадрид, Манчестер Сити гэсэн дэлхийн том, хүчирхэг багуудыг хожсондоо баяртай байна. Тэрбээр "Реал, Сити зэрэг сайн дасгалжуулагчидтай, шилдэг багуудын эсрэг тоглож ялагчаар тодорсондоо баяртай байна. Энэ хоёр ялалтдаа баяртай байгаа ч улирлын төгсгөлд түрүүлэхэд хангалттай биш ээ" гэв.

3,595.38















































