УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-УИХ-ын төсөв хэлэлцэн батлах бүрэн эрх хэмжээний хүрээнд ирэх 2025 оны төсвийг тойрсон олон маргаантай, эргэлзээтэй байдал бий болоод байна. “Энэ бүхний буруутан нь явж явж Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн” гэж нэг бус хүн хэлж байна. Төсөв тойрсон маргааны эзэн нь та болчихлоо?
-УИХ гэдэг хамтын шийдвэр гаргадаг газар. Энэ бүхэн юунаас үүдэлтэй, ямар асуудлаас болов гэхээр хэрэв ирэх 2025 оны төсөв муу төсөв, төлөвлөлт муутай байна гэж үзсэн юм бол одоо дуугарах биш анх төсөв өргөн баригдах үед буюу анхны хэлэлцүүлэг дээр нь энэ асуудлыг хөндөж Засгийн газарт буцаах бүрэн эрх нь байсан. Гэтэл бүгдээрээ анхнаасаа “Сайн төсөв байна. Үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй” гээд анхны хэлэлцүүлгээр дэмжчихсэн. Ингээд цааш нь хэлэлцээд ирэх 2025 оныхоо төсвийг баталчихсан. Гэтэл одоо өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр л юм болж байна.
Эхний хэлэлцүүлэг дээр Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэхгүй байна, зардал нь өндөр байна гээд буцаах ёстой байсан. Гэтэл буцаагаагүй.
Одоо төсвийн зардал өндөр байгаа талаар шүүмжилж байна. Төсвийн ажлын хэсэг дээр 306 тэрбум төгрөгийн зардлыг хасуулах санал оруулаад 92 тэрбум төгрөг болж хувираад, байнгын хороон дээр 92 биш 32 тэрбум төгрөг болж хувираад УИХ руу оруулсан. Дээрх 32 тэрбум төгрөгийн 18 тэрбум төгрөг нь ваучер байсан. Гэтэл УИХ дээр бидний оруулсан саналыг дэмжээгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, 18 тэрбум төгрөг хасч чадахгүй байж одоо 3.6 их наяд төгрөг хасах тухай яриад байгаа юм. Үнэндээ би Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаад 3-4 сар л болох гэж байна. Би төсвийн зардлыг 3-4 дахин өсгөөд оруулж ирсэн хүн нь биш. Хоёр гурван жилийн өмнөөс л төсвийн зардал өсчихсөн. Энэ асуудлыг буруу гэдгийг тухайн үед нь хэлж байсан. Буруу байсан гэдгийг одоо л ойлгож байх шиг байна.
-Өөрөөр хэлбэл, ирэх 2025 оны төсвийн төслийг Засгийн газраас өргөн бариад анх хэлэлцэж эхлэх үед буцаах ёстой байсан гэдгээ УИХ-ын гишүүд тэгвэл мэдээгүй өнгөрүүлчихээд араас нь асуудал гаргаж байна гэж дүгнэж болох уу?
-Төсөв өргөн бариад хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа дуугарах асуудал биш байсан.Үнэхээр төсөв хэлэлцэх процессоо мэдэж байсан юм бол төсвийн зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулах боломжтой гэж үзээд байгаа гишүүд эхний хэлэлцүүлэг дээрээс гарч ирээд “УИХ хүлээж авах ёсгүй төсвийг хүлээгээд авчихлаа” гээд дуугарах ёстой байсан.
-Хэзээ дуугарах нь хамаагүй үнэхээр буруу байгаа бол түүнийг нь засч залруулах нь зөв байх. Тийм учраас Ерөнхийлөгч ирэх оны төсөвт хориг тавьж, Засгийн газар УИХ-д ирэх оны төсвөө дахин танилцуулж хэлэлцүүлэх болж байна. Энэ өөрөө үр дүн юм биш үү?
-Энэ бүхний ард маш олон асуудал үүснэ. Ирэх оны төсөв нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ёстой. Гэтэл нэгдүгээр сарын 1-ний өдөр гэхэд ирэх оны төсөв батлагдах эсэх нь тодорхойгүй болж байна. Бараг л амжихгүй ч байх магадлалтай. Энэ бүхний ард хэн хохирох вэ гэхээр иргэд л хохирно. Төсвийн зардлын 70 орчим хувь нь урсгал зардал буюу төрийн үйлчилгээг иргэдэд өдөр бүр түвэг чирэгдэлгүй хүргэхэд чиглэгдэж байдаг. Тиймээс ирэх нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тэтгэвэр авдаг ахмад настанууд, халамжийн мөнгө авдаг иргэд, төрийн байгууллагуудын цалин хөлс, урсгал зардал гацах, доголдох асуудал гарна. Тэтгэвэр, тэтгэмж авагчид, төрийн албан хаагчид төсөв батлагдах хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина. Энэ мэт олон түвэгтэй байдалтай нүүр тулна.
Хэрэв үнэхээр 3.6 их наядаар төсвөө танах болвол цалин, тэтгэврийн нэмэгдлийг танахаас өөр аргагүй. Ер нь бол цагийн юм цагтаа л байх ёстой. Аливаа зүйлийг цаг хугацаанд нь биш попорсон байдлаар гаргаж ирж тавьсан нь их хэмжээний хор уршиг дагуулж байна. Цагаа олохгүй попорсон гишүүдийн балгаар иргэд хохирох болж байна.
Төсвийн зардлыг хасах уриа лоозон гоё харагдах попролт. Энэ попролт нь улс орныхоо эдийн засгийг аврах бус хорлосон ч үйлдэл байж болзошгүй. Урьд өмнө нь ийм зүйл болж байгаагүй учраас ямар дэгээр хэлэлцэх нь тодорхойгүй байна. Шинэ дэг зохиох гэж үзээд буруудаж байна. Эцэст нь ирэх оныхоо төсвийг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн шийдэлд хүрлээ. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан бол УИХ тухайн хуулийг хүчингүй болгох эсвэл тухайн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Төсөв өөрөө хууль. Төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг тодотголын хэмжээнд яригддаг. Тийм учраас УИХ дангаараа шийдэж болохгүй. Төсвийн тодотголын буюу нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар өргөн мэдүүлдэг хуультай. Тийм учраас Засгийн газраас ирэх оны төсөв дээр дахин өөрчлөлт оруулж ирэх учиртай.
"БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХГҮЙГЭЭР ЗАРДАЛ ХАСНА ГЭДЭГ МАШ ТӨВӨГТЭЙ"

-Ерөнхийлөгч ирэх оны төсөвт хориг тавиад хоёр долоо хонож байна. Гэтэл УИХ тухайн үед нь шууд Засгийн газарт төсвийг буцаах хууль эрх зүйн орчин байсаар байтал УИХ дахин шинэ дэгээр хэлэлцэх асуудал яриад 14 хоног алдчихлаа. Уг асуудалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулж, Ёс зүй дэгийн байнгын хороогоор асуудлыг нь хэлэлцэж, бөөн асуудал болгочихоод эргээд УИХ шинэ дэг боловсруулж, төсөв хэлэлцэж болохгүй гэсэн эргэж буцсан шийдвэр гаргалаа. Энэ нөхцөл байдлыг юу гэж дүгнэх вэ. УИХ чадамжгүй байна гэж харах юм уу?
-Энэ удаагийн 126 гишүүнээс 80 гишүүн нь шинэ гишүүн байна. Тийм учраас тодорхой хэмжээгээр туршлага дутаж байгаа асуудал байж болно. Гэхдээ УИХ-ын буруу байгаа бол бид бүгдийн хамтын буруу л гэсэн үг. Бусад улс орнуудад УИХ-ын төсвөө баталж чадахгүй бол УИХ тарах, нөгөө талаас Засгийн газарт итгэл хүлээлгэх асуудал хөндөгддөг. Төсөв гэдэг аль ч парламентын хувьд онцгой асуудал байдаг. Төсөв хэлэлцэх дэг байсаар байтал өөр дэг гаргаж ирж болохгүй л дээ. Нөгөө талаасаа УИХ-ын Дэгийн тухай хуулийн 90.8-д Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан бол хууль тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль тогтоолын төслийг хэлэлцэн баталж болохоор заасан. Тийм учраас энэ хуулийн дагуу Засгийн газарт буцаасан.
-Засгийн газраас арванхоёрдугаар сарын 10-ны дотор дахин ирэх оны төсвийг өргөн барихаар тогтсон. Тэгэхээр гишүдийн хүсээд байгаа өөрчлөлтүүдийг хийж, хаанаас юуг хасах вэ гэдгээ тодорхой болгож оруулж ирж чадах уу. Дахиад холион бантан үүсч, цаг хугацаа алдвал ямар эрсдэл гарч болох вэ?
-Төсвийн зарлага дээр ажилласан ажлын хэсэг ирэх оны төсвийг нухаж, нухаж 604 тэрбум төгрөг хасах боломжтой гэж үзсэн. Эхнээсээ ирэх оны төсвийн зардлыг ийм өндөр хэмжээгээр өсгөх ёсгүй байсан. Нэгэнт төсвөө өсгөчихсөн учраас зардлууд нь эзэнтэй болчихсон байдаг. Нэг хүн ажилд авчихсан байдаг ч юм уу, орон тоогоо нэмэгдүүлчихсэн байдаг.
Үнэхээр ирэх оны төсвөөсөө хасна гэж байгаа бол бүтцийн өөрчлөлт хийхээс өөрөөр ямар ч боломжгүй.
Тиймээс харж л байя. Төсвийн тэнцэлийг сайжруулах хүрээнд 1.9 их наяд төгрөгийн зардлыг хасахад ч хүнд. Цалингийн зардал руу орж таарна.
Яаж 3.6 их наяд төгрөг хасах боломжтой гэсэн тооцоолол гаргасныг мэдэхгүй. Гэтэл ингэж хашхирсан хүмүүс нь өөрсдөө Төсвийн байнгын хороог даргалж байсан.
Эсвэл өмнө нь УИХ гишүүн байсан юм бол анхнаасаа төсвийг нэмэгдүүлж болохгүй гээд хэлж болох байсан. Би хоёр жилийн өмнө “Төсөв 2-3 дахин тэлчихлээ. Зөвхөн нүүрснээс хамаарсан эдийн засаг төсөв учраас нүүрсний үнэ унавал яах юм бэ” гэдгийг хэлж байсан. Тухайн үед миний гаргасан саналыг яагаад дэмжээгүй юм бэ. Гэтэл одоо л сэрж байна. Нэг ёсондоо тэнэгийн ухаан хойно гэдэг л юм болж байна. Тийм учраас нэгэнт эзэнтэй болчихсон зардлыг бүтцийн өөрчлөлт хийхгүйгээр хасна гэдэг маш түвэгтэй.
Миний хувьд гурав дахь удаагаа Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байна. Ийм байдалд орж байгаагүй.
2010 онд төсвөө хуулийн хугацаанд нь нэлээд тулгаж алх цохиж байсан. Ийм хүндрэлтэй төсөв үзэж байсангүй.
-Ирэх онд 35.6 их наяд төгрөгийн зарлага гаргахад хасаж болох зардлууд олон байгааг гишүүд хэлж байсан. Тухайлбал, Соёлын сайдын багцад багтсан 18 тэрбум төгрөгийн ваучер, таны тойрогт тавигдсан бяслагны үйлдвэрүүдтэй холбоотой төсвүүд багтаж байна. Яагаад заавал таны сонгогдсон тойрогт татвар төлөгчдийн мөнгөөр үйлдвэр барих ёстой юм бол?
-Соёлын сайдын ваучер бол энэ онд шинээр орж ирсэн зардал. Харин бяслагны үйлдвэрийн тухайд 2021 оноос хойш гурван жил дамнаж тав, таван тэрбум төгрөг буюу нийт 15 тэрбум төгрөг тавиад хэрэгжүүлээд явж байгаа асуудал. Одоогийн байдлаар хоёр үйлдвэр ашиглалтад орчихсон, долоо нь ашиглалтад ороход бэлэн болчихсон байж байна.
Бид хэрэглэгчээс үйлдвэрлэгч орон болох талаар олон жил ярьж байна. Монгол Улс халамжийн биш үйлдвэрлэгч орон байх ёстой. Ялангуяа хөдөө орон нутагт үйлдвэрлэл, орлого байхгүй учраас залуучууд тогтохгүй байна. Тийм учраас түүхий эд нь хамгийн элбэг байгаа орон нутагтаа нэг ч болов үйлдвэр байгуулахыг л зорьсон юм.
Хувийн хэвшил хийж болох зүйл рүү төр орлоо гэж шүүмжилж байна. Үлдсэн 20 аймагт нь хувийн хэвшил мөнгөөрөө бяслагны үйлдвэр байгуулж болно. Малаас гарч байгаа түүхий эд, сүүг боловсруулж малчдыг мөнгөтэй, орлоготой болгохгүй бол бүгд хот хүрээ, төв суурин газар руу шигдэж байна. Нөгөө талаар үйлдвэргүй улс орон дампуурна. Монголчууд 1990-ээд оноос өмнө гутал, хувцас, пүүз хийдэг байсан. Одоо юу ч хийж чадахгүй байна. Үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон гэдгээ ковидын үед харсан. Ийм улс орон мөхнө. Халамжаар угжсаар байвал иргэдийн бүтээх, хийх хүсэл байхгүй, бэлэн зүйл нэхээд л суучихна. Халамжаар угжуулсан хүн амьдарлын чадваргүй болдог. Тийм учраас өөрсдөө хийж бүтээхийг зорихгүй бол улс орон хөгжихгүй. Жижиг дунд үйлдвэрлэлийг төрөөс дэмжиж хөгжүүлэхгүй бол бойжиж чадахгүй л байна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй гэж олон жил ярьсан. Хөрөнгө оруулалтын орчин нөхцөл муу, зах зээл багатай учраас сүүлдээ бизнесийн төлөөллүүд УИХ-д орж ирж суугаад Хөгжлийн банк, ЖДҮХС-г дээрэмдчихэж байна.
"ЭЦЭСТ НЬ МОНГОЛЧУУД ЭРЭЭН, СОЛОНГОСЫГ Л ХӨГЖҮҮЛЖ БАЙНА"
-Халамжаас татгалзах талаар олон жил ярьсан. Гэвч халамжийн хувь хэмжээ жилээс жилд өссөөр байна. Тэгвэл нэгэнт одоо төсвийн зардлаа хасаж оруулж ирэхдээ халамжаасаа зоригтой танаад явчихвал яадаг юм?
-Уг нь бол тийм. Баян эсвэл боломжтой айлууд яагаад хавтгайрсан халамж хүртэх ёстой гэж. Тэр мөнгөөрөө баялаг бүтээе л дээ. Халамжийн мөнгө буулаа эргээд импортын бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг дэмждэг. Эцэст нь Эрээнийг, Солонгосыг л хөгжүүлж байна. Тэдний үйлдвэрүүдийг л дэмжиж байна. Бид яагаад өөрсдөө үйлдвэртээ болоод өөрсдийнхөө үйлдвэрийг дэмжиж болохгүй юм. Ийм энгийн ойлголтыг яагаад ойлгохгүй байгааг гайхаж байна.
-Ирэх жилүүдэд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Хэрэв хөрөнгө оруулалтуудын төсвөөсөө хасах бол хэрхэн эрэмбэлэх ёстой вэ?
-Төсөв дээр хамгийн өндөр жин дарж байгаа нь цалингийн өсөлт болчихсон юм билээ. Тухайлбал, 2020 онд цалингийн сангийн зардал 2.3 их наяд төгрөг байсан бол одоо 7.8 их наяд төгрөг болчихсон байна. Өөрөөр хэлбэл, 3-4 дахин өсчихсөн байна. Үүнийг дагаад халамжийн тэтгэврийн зардал өссөн. Урсгал зардлаас хасах санал гаргаад байгаа. Яг үнэндээ тийм их хасах боломжтой төсөв байхгүй. Ямар тохиолдолд хасч чадах вэ гэхээр илүү бий болсон ажлын байрыг танаж байж хасах боломжтой буюу бүтцийн өөрчлөлт хийх л болно.
-Төрийн албан хаагчдын тоог багасгана гэж үү?
– Сая харж байхад энд тэнд төсвийн байгууллагын орон тоо айхтар өсчихсөн байна. Нөгөө талаар шинэ сургууль, цэцэрлэг, эмнэлэг баригдсантай холбоотой өссөн зүйлүүд ч бий. Нийт өсөлтийн 20 хувь шинэ барилга, байгууламж бий болсонтой холбоотой байна.
-Нөгөө талаас намын гишүүдээ ажилтай, орлоготой байлгахын тулд төрийн алба руу оруулдаг, орон тоо нэмдэг асуудлыг та хүлээн зөвшөөрөх үү?
-Бодит байдлыг аваад үзэхэд Засгийн газарт Ардчилсан нам, Хүн нам хамтарч байна. Ардчилсан намын нэг хэсэг нь даргаа ажилд оруулж өг гэж шахаж л байгаа. “Олон жил би таныг дэмжиж явсан. Яагаад одоо ажилтай болохгүй гэж" гээд л шахаж байгаа нь нууц биш.
" СОНГОГЧИД 30 ДОЛЛАРААР САНАЛАА ХУДАЛДАЖ БАЙНА"
–Та УИХ-д хамгийн олон жил сууж байгаа гишүүдийн нэг. Өнгөрсөн хугацаанд хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болох, ажилгүйдэл, ядуурлыг бууруулна, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр барих тухай асуудлыг хамгийн их ярьсан байх. Одоо дээрх үгнүүдэд итгэх ч хүнгүй болтлоо улиг больчихлоо. Та төсөв гурав дахин өссөн гэдгийг хэлж байна. Гэтэл ийм хэмжээнд үйлдвэрлэл хөгжиж чадахгүй байгаа нь юутай холбоотой вэ?
-Гадаадад сонгууль яаж болдог гээч… Нэр дэвшигчид нь танай аймаг, бүс нутагт ийм үйлдвэр, ажлын байр бий болгоно гэж нэр дэвшдэг. Сонгогч, иргэд нь ч тэднээс манай бүс нутагт ямар үйлдвэрлэл, ямар ажлын байр бий болгох вэ гэж шаарддаг. Тийм улс орнууд илүү хөгжиж байна.
Монголд юу болж байна гэхээр мөнгө тараагаад иргэдийн саналыг худалдаад авчихаж байна. Мөнгийг нь аваад сонголтоо хийчихээд дөрвөн жил сонгож гаргасан хүмүүсээ хараагаад сууж байна. Үнэхээр төрийн бодлого зөв байгаа юм бол ажлын байр бий болгох ёстой.
Аав ээж, ах эгч, үр хүүхэд нь өндөр цалинтай, ажлын байртай байх юм бол өрх гэрийн амьдрал сайжирна. Халамжийн мөнгөөр 30 жил амьдарлаа. Иргэдийн амьдрал сайжраагүй. Хэзээ ч сайжрахгүй. Иргэдээ халамжаар угжаад хөгжсөн улс хаана ч байхгүй. Ажлын байр, үйлдвэр бий болгож байж л улс орно хөгжинө. Энэ чинь энгийн ойлголт шүү дээ.
-Өнөөдрийн идэх талхандаа санаа зовж амьдарч байгаа иргэд ирээдүйн улс орны хөгжлийн тухай бодож чадахгүй байна. Иргэдээ ядуу байлгах сонирхол улстөрчдөд байгаад байна уу?
-Халамжийн жижиг зүйлд хууртчихаад байна. Хэрэв ажлын байртай, үйлдвэртэй, цалин хангамж сайтай, орлоготой байсан бол иргэд хууртахгүй шүү дээ. Иргэдээ ядуу байлгаж саналыг нь худалдаж авч байна. Тухайн хүнд 100 мянган төгрөг үнэтэй байгаа учраас ийм мөнгөөр саналыг нь худалдаж авч байна. Хэрэв тэр хүн орлого өндөртэй бол 100 мянган төгрөгөөр саналаа худалдах уу. Германд иргэд сонгогчиддоо 100 евро өгвөл юу болох бол… АНУ-д 100 ам.доллар өгөөд саналыг нь худалдан авъя гэвэл юу болох бол… Гэтэл Монголд 100 доллар байтугай 30 ам.доллараар л саналаа худалдаж байна.
3,548.92















































