Сурвалжлага: Өвлийн куртка 150-750 мянган төгрөгийн үнэтэй байна

Сурвалжлага: Өвлийн куртка 150-750 мянган төгрөгийн үнэтэй байна

Сурвалжлага: Өвлийн куртка 150-750 мянган төгрөгийн үнэтэй байна

Энэ жил урт намар болж, нийслэлд саяхнаас л цас орсон. Иргэд өвлийн хувцас худалдан авах гэж төдийлөн яараагүй байсан бол ойрын өдрүүдэд гадаа эрс хүйтэрсэнээр дулаан хувцсаа бэлдэж байна. Тиймээс энэ удаа өвлийн хувцасны үнэ, иргэдийн худалдан авалт хэр байгааг сурвалжлахаар "Бөмбөгөр" худалдааны төв болон 3, 4 дүгээр хорооллын "10000" нэрийн барааны дэлгүүрээр явлаа.

Амралтын өдөр "Бөмбөгөр" худалдааны төвийн бэлэн хувцасны давхар хөл хөдөлгөөн ихтэй угтав.

Иргэд сонирхсон хувцсаа үзэж, “Тав, арван цаас татах уу”, "Өвлийн куртка хэдэн төгрөгийн үнэтэй вэ", "Доошоо ярих уу"  гэж асууна. Хариуд нь худалдаа эрхлэгчид "Бид доод үнээрээ хувцсаа зарж байна" гэж хариулах нь сонсогдоно.

"ӨДӨРЖИН ЗОГСЧ, ЗОГСЧ ГАНЦ НЭГХЭН ХУВЦАС Л ЗАРЖ БАЙНА"

Харин 3ь 4 дүгээр хорооллын "10000" нэрийн барааны дэлгүүрт хүний хөл хөдөлгөөн дунд зэргийн байв. Ажигласнаар эмэгтэй хувцасны лангуу харьцангуй олон үйлчлүүлэгчтэй байлаа. Эмэгтэйчүүдийн ихэнх нь өвлийн урт куртка өмсч, худалдан авч харагдсан юм.

Өвлийн куртканы үнэ "Бөмбөгөр" худалдааны төвд 100 мянгаас 650 мянган төгрөгийн үнэтэй байв. Харин "10000" нэрийн барааны дэлгүүрт 150 мянгаас 750 мянган төгрөгийн үнэтэй байна.

"Бөмбөгөр" худалдааны төвд худалдаа эрхлэгч "Хүүхдийн гутлын үнэ арай хямд. Том хүний гутал 100-240 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Иргэдийн худалдан авалт тааруу байна. Жил ирэх тусам иргэдийн худалдан авалт сайжрах ёстой байтал муудаж байна" гэдгийг хэлсэн юм.

Түүний лангуунаас гурван лангууны цаана өвлийн куртка худалдаалж буй худалдагч Н.Батхүү "Бэлэн хувцасны үнэ өнгөрсөн жилийнхтэйгээ ойролцоотой үнэтэй байна. Ганц нэг хувцасны үнэ л нэмэгдсэн. Барааны эргэлт муу байна. Энэ жил харьцангуй орой хүйтэрч байгаа учраас худалдан авалт муу байна уу. Эсвэл иргэдийн худалдан авах чадвар үнэхээр муу байна уу. Өдөржин зогсч, зогсч ганц нэгхэн хувцас л зарж байна" гэв.

"НЭГ ХҮҮХДЭЭ Л АРАЙХИЙЖ БҮРЭН ХУВЦАСЛАЛАА"

Хорооллын худалдааны төвөөр өөртөө өвлийн куртка сонирхож яваа Б.Далайжаргалтай таарлаа. Тэрбээр "Би өөртөө өвлийн куртка авахаар явж байна. Нимгэн зузаанаас гадна материалаасаа шалтгаалаад куртканы үнэ өөр өөр байна. Ялангуяа галууны сөдөн курткыг 300-700 мянган төгрөгийн үнэтэй зарж байна. Арай үнэ хямд куртка сонирхохоор загвар муутай юм. Наймаачид барааныхаа үнийг нь буулгахгүй байна. Одоо тэгээд мөнгөндөө тааруулаад л өвлийн хувцас авдаг байх даа" гэж учирлав.

Зарим иргэдийн хувьд худалдаа эрхлэгчид амандаа орсон үнээ хэлж, хувцсаа өндөр үнээр зарж байгаад бухимдаж байлаа.

Харин бага насны хоёр хүүхдэдээ өвлийн хувцас сонирхож яваа Б.Баттулга "Хоёр хүүхдэдээ өвлийн хувцас авахаар дагуулаад гарсан чинь нэг хүүхдээ л арайхийж бүрэн хувцаслаж байна. Хувцасны үнэ дэндүү үнэтэй байна. Хүүхдийн хувцас нь том хүний гутал, хувцаснаас үнэтэй байх юм. Хүүдээ өвлийн куртка сонирхсон чинь 240 мянга, гутал нь 180 мянган төгрөг болж байна. Үүн дээр нэмээд малгай нь 40 мянга, бээлий нь 20 мянга төгрөг болж байна" гэлээ.

Хүүхдийн малгай ороолт чанараасаа шалтгаалаад үнэ нь 20-45 мянган төгрөгийн хооронд үнэтэй байна. Харин том хүний малгай, ороолтны хувьд 35-55 мянган төгрөгийн хооронд үнэ болоод загварын өргөн сонголттой худалдаалагдаж байна. Харин ноолууран болон ноосон малгай ороолтны хувьд зузаан, нимгэн болоод утасны чанараасаа шалтгаалаад 65-160 мянган төгрөгөөр "Бөмбөгөр" худалдааны төвд зарж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж