Парламентын гишүүдэд: Үндсэн ажлаа хийцгээе!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Парламентын гишүүдэд: Үндсэн ажлаа хийцгээе!

Парламентын гишүүдэд: Үндсэн ажлаа хийцгээе!

Үе үеийн парламентын гишүүд хуралдаа суудаггүй, ирц бүрдүүлдэггүй, байгаа хэдэн гишүүд нь “төгөлдөр хуур”-ддаг үзэгдэл хэвийн мэт байв. Гэвч парламентын танхимд хэвлэл мэдээллийн байгууллагынхныг хязгаарлаж, чуулганы хуралдаанд хэдэн хүн сууж байгаа, хэн хэн санал өгсөн нь төдийлөн нээлттэй биш байв. Өөрөөр хэлбэл, хэн гэдэг гишүүн хуралдаа суудаг болсон, хэн нь хажуугийн хүнийхээ өмнөөс кноп дарж, хуулийг хэдүүлээ баталж байгаа нь хаалттай байсан гэсэн үг. УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ хуралд суухдаа хэлэлцэж буй асуудалд анхаарахгүй “кэнди краш” тоглож суусан нь, зарим гишүүд унтаж байгаа, зарим нь хамраа ухаад хийцгүйрч байсан нь олон нийтэд ил болж хэл амны бай болоод байсан учраас ийнхүү парламент “хаалттай” болсон. Харин 126 гишүүнтэй шинэ парламент өнгөрсөн үеэ бодвол харьцангуй нээлттэй болж эхэлж байна.

Хэн нь хуралдаа ирж байгаа, хэн нь өвчтэй, хэн нь гадаадад, хэн нь хурлаа тасалж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг олон нийтэд нээлттэй зарлах болсон. УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах үүднээс Д.Амарбаясгалангийн парламент нээлттэй болсон нь сайшаалтай.

Нээлттэй болохын хэрээр парламентын гишүүд хаана юу хийж байгаа нь ил болж, 32-уулаа гадаадад ажиллаж байгааг, хуралдаа хэдэн удаа сууж байгаа, хэдэн удаа хэн тасалсныг нээлттэй зарлаж байгаа нь олон нийтэд маш сайн. Өөрийнх нь тойргоос сонгогдсон гишүүд нь хуралдаа сууж байгаа эсэх, санал өгсөн сонгогч бүрээ парламентад төлөөлж чадаж байгаа эсэхэд олон нийт эхнээсээ дүнгээсээ тавиад эхэлж байна. Гэхдээ хуралдаа цагтаа суудаг, хариуцлагатай гишүүд ч олон бий. Гэвч хуралдаа суусан, олон нийтийг төлөөлөх үүргээ биелүүлж байгаагийнх нь төлөө гишүүдийг урамшуулах УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачлага бол буруу. УИХ-ын гишүүд парламентад сонгогчдыг олон нийтийг төлөөлж буй бол хуралдаа цагтаа суух, аливаа хэлэлцэж буй асуудалд байр сууриа илэрхийлэх нь үндсэн үүрэг нь буюу ажил нь.

УИХ-ын гишүүдийг сонгогчид гуйж сонгоогүй бөгөөд төрд өөрсдийгөө төлөөлүүлэх гэж сонгосон төлөөлөл нь гэдгийг олон нийт маш сайн мэдэж буй. Тиймээс ч спикер хэлсэн үгээ буцаах биз ээ.

Ийнхүү ирцийн мэдээлэл, хуралдаа сууж байгаа эсэхийг нь мэдээллээд эхлэхээр олон нийт ч шаардлага тавьж, гишүүд ч хариуцлагатай болж эхэлжээ. Тухайлбал, сонгочдын зүгээс хурлаа олон удаа тасалдаг, хуралдаа суудаггүй гишүүдээ эргүүлэн татдаг хариуцлагын тогтолцоотой болохыг сануулаад эхэлсэн байна. Тэдний ч зөв. УИХ-ын гишүүд гэхээрээ дархан эрхтэй, бүх амьтан тэгш эрхтэй, гахай давуу эрхтэй байж болохгүй бөгөөд тэд бол нийтийн эрх ашгийн төлөө, нийгмийн сайн сайхны төлөө хууль эрх зүйн орчныг нь сайжруулах үүрэгтэй төлөөлөл юм. Зөвхөн аравдугаар сард УИХ-ын чуулган долоохон удаа хуралдахад зарим гишүүд нэг л удаа суусан, зарим нь бүр таван удаад нь гадаадад байсан гээд бодохоор УИХ-ын гишүүний үндсэн үүргээ умартаж, эрх ямба гэж хүлээж авдаг хэсэг бүлэг энэ парламентад байна гэхэд буруудахгүй биз ээ.  Тиймээс үндсэн ажлаа хийхгүй байгаа гишүүдийг эргүүлэн татдаг, хариуцлага тооцдог механизмыг нь бий болгох нь зөв болов уу.

Нэгэнт парламентын засаглалтай, парламентаа илүү их хариуцлагатай болгоё гэвэл энэ мэт дур зоргоороо эрх ямба эдэлдэг гишүүдээсээ эхэлбэл яасан юм бэ, Д.Амарбаясгалан дарга аа.

 Удахгүй 2025 оны төсвөө дахиад хэлэлцэнэ. Энэ бол парламент хариуцлагагүй байсны илрэл. Хэрэв төсвөө баталж чадахгүйд хүрвэл парламент өөрөө ч тарах эрсдэлтэй. Гэвч энэ удаад Ерөнхийлөгчийн хориг парламентыг, Засгийн газрыг “аварчихсан” гэхэд хилсдэхгүй. Тиймээс эрхэм УИХ-ын гишүүдээ үндсэн үүргээ биелүүлж, хуралдаа цагтаа сууж, хууль батлах, хэлэлцэх үе шат бүрт нь анхааралтай ажиллах цаг ирлээ. Өмнө нь баталсан 2025 оны төсөвт болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд нь Цэц дээр дуудагдах эрсдэлтэйг Ерөнхийлөгч хоригтоо дурдсан билээ. Энэ улсын иргэн, аж ахуй нэгж, байгууллага гээд бүх хүнд хамааралтай 2025 оны төсвөөс эхлээд үүргээ ухамсарлаж, ажилдаа хариуцлагатай хандаж эхлэхийг сонгогчид, олон нийт чинь та бүхнээс шаардаж эхэлснийг сануулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-12-02 202.9.46.118

энэ амарбаясгалан гэгч малыг яаралтай огцруулахгүй бол парламент сөнөлөө

Avatar

Нэргүй 2024-12-02 202.131.227.179

ард иргэд нь ажилдаа ирээгүй бол цалингаа хасуулдаг өвчтэй бол актны мөнгөө авдаг болиоор юм ажил хийх гэж төрд гараа биздээ

Avatar

Иргэн 2024-12-02 66.181.165.93

Хэнд хариуцлага тооцохоо мэдэхгүй байна гэхээр өрөвдөлтэй юмаа. Удирдаж байгаа сайдад нь л тооцно шүү дээ мэдээж. Төсөвөө олигтойхон хийчиж чадахгүй нөхдүүд ичмээр юм даа. Мэргэжлийн гэх хүмүүс л хийгээ байлгүй дээ. Монголыг удирдаж байгаа нөхдүүдийн байж байгаа царай өнөөдөр ийм байхаар манай улс яаж олигтой улс байхав дээ. Сэтгэлээр унаж байна шүү ард түмэн.

Avatar

Нэргүй 2024-12-02 103.212.119.188

УИХ-ыг гишүүдийн тархины ялзралы (брейнрот) яах вэ?

Avatar

өөө 2024-12-02 66.181.164.23

Улаа шагайсан хэдэн хүүхэд улс болж тоглож байна, яана даа үр хойч минь
….яана даа яана

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж