Малайз болон хөрш Тайландад аадар борооны улмаас их хэмжээний үер бууж, 12 хүн амиа алдсан гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Малайзын хойд хэсэгт 122 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвэсэн бол Тайландын өмнөд хэсэгт 13 мянга орчим хүн дүрвэсэн байна. Хүчтэй бороо, шуурганы сэрэмжлүүлэг одоог хүртэл үргэлжилж, нөхцөл байдал улам хүндрэхээс олон нийт эмээж буй. Онцгой байдлын албан хаагчид үерийн усанд боогдсон иргэдийг аварч, хоргодох байраар хангах ажиллагааг эхэлжээ. Аадар бороо долоо хоногийн эхээр орж эхэлсэн бөгөөд машин, байшин усанд живж, хүмүүс бэлхүүс давсан хэмжээний үерийн усанд хорогдох газар хайж буйг орон нутгийн телевизүүд харуулжээ.
Малайзын Тайландтай хиллэдэг зүүн хойд Келантан мужид үерийн гамшиг тохиолдоод байна.
Тус улсын Онцгой байдлын ерөнхий газраас нүүлгэн шилжүүлэх ажил 63 хувьтай үргэлжилж байна гэж мэдэгджээ. Келантан мужийн Пасир Путех хот Лхагва гаригаас хойш үерлэж, нөхцөл байдал зэргэлдээх найман мужид нөлөөлөхүйц хэмжээнд хүрчээ. Одоогийн байдлаар нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн тоо тус улсын хамгийн аймшигтай үерийн нэг гэгдэх 2014 оны үерийн гамшгийн үеэр нүүлгэн шилжүүлсэн хүний тоог давж байна.
Үерийн улмаас Тайландын өмнөд хэсгийн 534 мянган айл өрх хохирсон гэж гамшгийн албаныхан мэдэгдээд, хоёр эмнэлэг үйл ажиллагаагаа хаахаас өөр аргагүйд хүрчээ.
Тус улсын нийт зургаан мужид үерийн гамшиг тохиолдсон байна. Засгийн газраас гамшигт нэрвэгдсэн муж тус бүрт 1.7 сая ам.доллар зарцуулах болсон байна. Энэ нь аль болох түргэн хугацаанд хэвийн байдлыг бий болгох зорилготой гэж ерөнхий сайд Паэтонгтарн Чинаватра мэдэгджээ. Жил бүрийн өдийд тус хоёр улсад их хэмжээний аадар бороо ордог бөгөөд үерийн гамшиг үүсэхгүй байх нь ховор тохиолдол юм. 2021 онд Малайз улсад өмнө нь хэзээ ч тохиолдож байгаагүй үерийн гамшиг болж, дор хаяж 14 хүн амиа алдсан. Харин 2011 онд Тайланд даяар үер болж, 500 гаруй хүн амиа алдаж, олон сая байшин барилга эвдэрч сүйдсэн байдаг.
Холбоотой мэдээ